m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.14 07:43
179
С.Дашдорж: Сэтгэл санаа нэгдсэн хүмүүс нийлээд үйлдвэрээ босгож байлаа

“Масс агентлаг”-аас санаачилан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх билээ. Энэ хугацаанд нийгэм болон орон нутгийн баялаг бүтээгчдийг олон нийтэд сурталчилж, танилцуулсаар байна. Энэ удаа бид Завхан аймагт модон эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ойн баялаг” ХХК-ийг танилцуулж байна. Тус компани нь одоогийн байдлаар нийт 20 гаруй ажилтантай бөгөөд анх 1971 онд үйлдвэр байгуулагдаж, 1993 онд хувьчлагдаж хувьцаат компани болсон түүхтэй аж. Эдний бүтээгдэхүүний онцлог нь цэвэр хар мод буюу шинэсээр тавилга үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн жилдээ 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг бөгөөд түүхий эд, материалаа Тосонцэнгэл, Их-Уул, Идэр сумдаас нийлүүлдэг аж. Мөн жилдээ 200-300 метр куб модоор бүтээгдэхүүнээ хийдэг юм байна. Ингээд тус компанийн захирал С.Дашдоржтой уулзаж, ярилцлаа.

-“Ойн баялаг” ХХК хувьчлагдаад олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-Зах зээл эхэлж байх үед хувьчилж авсан болохоор хүндрэл бэрхшээл их гарч байсан. Бүх үйлдвэр, аж ахуйн газрууд үйл ажиллагаагаа зогсоосон байсан үе. Энэ үед банкууд зээл олгох нь ч ховор байлаа шүү дээ. Тийм болохоор хувь хүмүүсээс 10 хувийн хүүтэй ч зээл авах тохиолдол гарч байсан.

Тэгсэн хэдий ч сэтгэл санаа нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс “хийе, бүтээе” гэсэн сайхан сэтгэлээр өдийг хүртэл явж ирлээ дээ. Тухайн үед бид нэг гадаад залуутай хамтран төсөл бичээд, үндсэн түүхий эд материалаа өөрсдөө бэлтгэдэг болж, АНУ-аас зарим тоног төхөөрөмжөө оруулж ирсэн.

Үүний дараа 1995-1996 он гэхэд төсөл маань хэрэгжээд, үр дүнгээ өгсч эхэлсэн. Тиймээс АНУ-д очиж адилхан цэвэр модон эдлэл хийдэг үйлдвэр дээр очиж туршлага судлаад, ажилтнуудаа мэргэшүүлж авч байсан. Ингэж явсаар 1998-2000 он гэхэд бид Улаанбаатар хот руу тавилгаа зөөж, цэвэр модон эдлэл сонирхдог гаднын байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлж байлаа. Энэ үед Улаанбаатар хотод цэвэр модон тавилга үйлдвэрлэдэг хувийн үйлдвэрүүд гарч ирснээр зах зээл хумигдаж ирсэн. Дээрээс нь тээвэрлэлтийн зардал нэмэгдээд ирэхээр борлуулалт багасч байсан болохоор хот руу тээвэрлэхээ больсон. Ер нь үе уламжлагдаж ирсэн энэхүү үйлдвэрийг Завхан аймагт байдаг юм шүү гэдгийг монголчууддаа таниулахын төлөө л өдийг хүртэл явж ирлээ. Энэ бол манай ажилчдын ач гавьяа, хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна.

-Тухайн үедээ хэр зэрэг хөрөнгөөр төгрөгөөр үйлдвэрээ дахин босгож байсан бэ. Тоног төхөөрөмжийн хувьд дахин шинэчлэх шаардлагатай тулгарч байсан байх?

-Анх 1980-аад онд суурилагдсан тоног төхөөрөмжийг оруулж ирж байсан юм билээ. Тэрэн дээр бид сүүлийн үеийн зөөврийн хүрэн рам болон түүнийг дагалдах теник хэрэгсэл, дээрээс нь АНУ-ын суурь машинуудыг оруулж ирж байсан. Тэр үед эдийн засгийн байдал үнэхээр хэцүү байсан. Арван сая төгрөг байтугай 2-3 сая төгрөг ч олдохгүй байлаа. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч л болж байсан даа.

-Модон эдлэл үйлдвэрлэдэг компани олон бий. Танай бүтээгдэхүүний ялгарах гол онцлог юу вэ?

-Завханы модыг бусад аймгийн модтой харьцуулахад маш сайн хатуулагтай, мебель тавилга хийхэд чанарын шаардлагад нийцдэг. Бас 2005-2006 онд хуучин уламжлал болсон модон тавилгаа Голланд улс руу экспортолж үзсэн. Одоогийн байдлаар манайх 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хамгийн гол нь түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол нь бид өөрсдийн гараар хийж байгаа учраас 100 хувь стандартын дагуу хийж гүйцэтгэдэг нь манай бүтээгдэхүүний давуу тал болж чаддаг.

-Худалдааны зах зээл хэр боломжтой байдаг вэ. Голланд улс руу гаргаж байсан гэсэн?

-Голланд улс руу 1-2 удаа л экспортолж үзсэн. Завхан аймаг дэд бүтэц болоод зам тээвэр муу хөгжсөн учир гадагшаа гаргах хэцүү байсан. Харин манай компани импортоор АНУ-аас тавилгынхаа нугасыг оруулж ирээд, үйлдвэртээ ашигладаг. Ашиглаад 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч нугасны тал дээр ганц ч удаа гомдол ирж байгаагүй. Бид цаашдаа орон нутагтаа тогтвор суурьшилтай үйл ажиллагаагаа явуулаад, бусад аймгуудад бүтээгдэхүүнээ худалдахыг л зорьж байна. Түүнчлэн ажилчдаа тогтвортой ажлын байраар хангахыг л зорилгоо болгон ажиллаж байна даа. Тэд маань үйлдвэртээ тогтвортой ажиллаад, амьдралаа дээшлүүлэ чадаж байвал үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд бахархмаар санагддаг.

-Хэчнээн ажилтантай вэ?

-Тогтмол байнгын 15-16 орчим хүн ажиллаж байна. Дээрээс нь улирлын чанартай учир мод бэлтгэлийн ажил эхлэхээр гэрээт 4-5 хүн ажиллуулдаг. Нийт 20 гаруй хүн амьдрал манай үйлдвэртэй салшгүй холбоотой байна гэсэн үг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Манайхан цэвэр модон канад барилгыг барьж эхлээд, 7-8 барилгыг хүлээлгээд өгсөн. Цэвэр канад технологиор стандартыг дагуу хийж гүйцэтгэдэг.

-Тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр байдаг вэ?

-Тоног төхөөрөмжийн хүчин чадал хүртээмжтэй байдаг ч шинэчлэх шаардлагатай зүйл бий. Гэхдээ үечилж шинэчлэхгүй бол иж бүрнээр нь шинэчилж солих гэхээр нэлээд хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Ойролцоогоор 150-200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой. Дээрээс нь орон нутагт хөнгөлөлттэй зээл авах боломж хомс байдаг. Бид боломжоороо 100-150 сая төгрөгийн зээл авахаар төсөл бичиж, хүсэлт гаргах боловч орон нутагт ирдэг төсөв нь бага байдаг. Тэгээд боломжид нь тааруулаад 20-30 сая төгрөгийн зээл аваад, нэмээд банкны зээл хувиараа авах ёстой болдог. Банкны зээлийн хүү өндөр, мөн хугацаа нь богино ч гэсэн бидэнд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Төрөөс зээлээс гадна ямар дэмжлэг хүсдэг вэ?

-Бизнес эрхлэгчдээ бага ч болов дэмжээд өгөөсэй. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бидэнд төрөөс баримталж буй бодлогын мэдээлэл хүрэх нь бага учир дээрх асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Мөн тендер, сонгон шалгаруулалтад орох боломжийг нь нээж өгөөсэй л гэж хүсэх юм даа.

Мужаан Ц.Басбиш

-Би энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байна. Бараг л гэр минь болсон газар юм шүү дээ. Хувьчлагдахаас өмнөх үед ч ажиллаж байсан. Ер нь зах зээлд шилжсэнээр өрсөлдөөн бий болж ирсэн учир бидний өмнө хариуцлага улам л нэмэгдсэн. Бид нэгэнт энэ үйлдвэрээс хоолоо олж иддэг учир бүх бие сэтгэлээ зориулахаас өөр аргагүй. Үүндээ ч дуртай байдаг. Манай бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал гэвэл цэвэр хар модоор хийдэг байгалийн экологийн бүтээгдэхүүн юм.

"Ойн баялаг" ХХК-ийн захирал С.Дашдорж - 99056887