m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.15 04:25
291
Б.Ууганбаатар: Хүмүүс брэнд гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг болсон

Масс агентлагийн Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийн хамт олон Өвөрхангай аймагт ажиллалаа. "Өв Жаргалант" гутлын цех цэвэр арьсаар чийг татдаггүй гутал үйлдвэрлэдэг аж. Тэдний гол брэнд бүтээгдэхүүн бол израйл гутал. Тэдний гуталнуудыг уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүмүүс болон малчид худалдан авдаг гэнэ. Тус цехийн захирал Б.Ууганбаатартай уулзаж ярилцлаа.

-"Өв Жаргалант" гутлын цехийг нээх санаа анх хэзээ төрсөн бэ?

-2008 онд оюутан болж нийслэл хотод амьдрах болсон. Сурч байх хугацаандаа гутлын үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг байсан. Сургуулиа төгсөөд ажилд орох гэсэн боловч эрүүл мэндээр тэнцээгүй. Тэгээд нутагтаа ирээд сурсан зүйлээрээ үйлдвэрлэл эрхэлж үзье гэж шийдээд захиалгаар гутал хийж эхэлсэн.

Тэгээд нутагтаа ирээд сурсан зүйлээрээ үйлдвэрлэл эрхэлж үзье гэж шийдээд захиалгаар гутал хийж эхэлсэн.

-Хотод гутлын үйлдвэрт ажиллаад юу сурч мэдсэн бэ?

-Тэнд ажиллах хугацаандаа бүх зүйлийг л хийж сурсан. Мөн аав, дүү хоёр маань ирж ажиллаж байсан.

-Хэчнээн нэр төрлийн гутал үйлдвэрлэж байна. Танай гутлын онцлог нь юу вэ?

-Манайх 23 нэр төрлийн гутал үйлдвэрлэж байна.  Чанарыг л илүүд үзэж, хүн өмсөөд явахад хөлд эвтэйхэн, чийг татахгүй л байх хэрэгтэй. Цэвэр арьсаар хийдэг учраас чийг татна гэсэн ойлголт байдаггүй. Мөн хөдөөгийн нөхцөлд, болон ажилд өмсвөл илүү тохиромжтой гутлыг түлхүү үйлдвэрлэдэг. Бас захиалгаар монгол гутал хийдэг.

Цэвэр арьсаар хийдэг учраас чийг татна гэсэн ойлголт байдаггүй.

-Танай үйлдвэрийг израил гутлаар чинь түлхүү хүмүүс мэддэг гэсэн?

-Манай цехийн хамгийн борлуулалт сайтай гутал. Солонгос израил гэхэд 200.000, амеркийнх 300.000 төгрөг бол бид гутлаа 120 мянгаар худалдаалдаг.

-“Цөлийн шар” гуталтай ижил материалаар хийж үзсэн үү?

-Манайх өнгөрсөн жил шар арьсаар дуурайлгаж хийж үзсэн. Сул тал  гэвэл халтардах нь амархан учраас арчилгаа их шаарддаг.

Манайх өнгөрсөн жил шар арьсаар дуурайлгаж хийж үзсэн. Сул тал  гэвэл халтардах нь амархан учраас арчилгаа их шаарддаг.

-Гутал хийхэд хамгийн тохиромжтой арьс юу вэ?

-Чанараасаа шалтгаалаад арьс 3-4 янз байдаг. Үхрийн цэвэр арьсаар гутал хийхэд илүү тохиромжтой. Монгол гутал, гөлмийг хонь, ямааны боловсруулсан арьсаар хийдэг.

Үхрийн цэвэр арьсаар гутал хийхэд илүү тохиромжтой

-Худалдан авагчид ямар хүмүүс байдаг вэ?

-Уул уурхай болон хөдөө ажилладаг хүмүүс манай гутлыг түлхүү авдаг. Уурхайд, юм уу хөдөө хээр ажилладаг хүмүүс израил гутлыг түлхүү худалдаж авдаг.

-Танай гуталнууд зах зээл дээр хэдэн төгрөгөөр худалдаалагддаг вэ?

-Хүүхдийн гутал 20.000-30.000, эмэгтэй хүний гутал 60.000, эрэгтэй ботинк 45.000, израйл гутал 120.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

-Жилд хэчнээн тооны гутал үйлдвэрлэж байна вэ?

-Захиалга ихтэй үед хоногт 15 гутал үйлдвэрлэдэг. Монгол гутлын хувьд бүх юмыг гараар хийдэг учраас их уддаг. Өдөр шөнөгүй суугаад хийвэл сардаа хоёр гутал хийж болдог. Ер нь захиалгын дагуу л хийдэг учраас өдрийн норм гэсэн тодорхой тоо байдаггүй.

-Өнөөдрийн хувьд тулгарч байгаа гол бэрхшээл юу байна?

-Бидний үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байр аавын минь байшин байсан. Зээл авсан мөнгөнөөсөө аав , ээжийгээ гэр барьж тусад нь гаргаад байшиндаа ажлаа хийж байна. Яг одоо тулгамдаж байгаа асуудал бол ажлын байр. Эхний ээлжинд ажлын байраа томсгох шаардлагатай байгаа.

Яг одоо тулгамдаж байгаа асуудал бол ажлын байр.

-Ямар нэгэн зээл авсан уу. Ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөс 10 сая төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн эрхэлж буй үйлдвэрлэлээ илүү томсгож өөрийнхөө аймгийг гутлаар бүрэн хангах зорилготой байгаа.

-Үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлээд явахад тулгарч байгаа бэрхшээл юу байна вэ?

- Зээл авахаар төсөл бичээд өгөхөд эргэлтийн хөрөнгө бас барьцаа хөрөнгө шаарддаг. Хэрвээ боломж олдвол 25 сая төгрөгтэй байхад ажлын байр болоод зарим тоног төхөөрөмжөө худалдан авч хүрэлцэнэ гэсэн тооцоо байгаа.  Манайхан нэг үеэ бодвол монгол дээл гутлаа өмсөх болсон. Чанартай бүтээгдэхүүн хийвэл худалдан авах хүн байгаа.

Хэрвээ боломж олдвол 25 сая төгрөгтэй байхад ажлын байр болоод зарим тоног төхөөрөмжөө худалдан авч хүрэлцэнэ гэсэн тооцоо байгаа. 

-Дизайны хувьд импортоор орж ирж байгаа гуталнаас арай ялгаатай байдаг болов уу?

-Гар хийцийн гутал хэлбэр загварын хувьд жаахан муу байдаг. Гэхдээ яг үйлдвэрийн багаж хэрэгсэлтэй бол загварыг яаж ч хийж болно. Хүмүүс нэг хэсэг брэнд гэдэг байснаа болиод чанарыг эрхэмлэдэг болсон юм шиг санагддаг.

 Б.Уугаанбаатарын аавыг Г.Бямбадорж гэдэг. Тэрээр монгол гутал, гөлөм хийдэг. Хоёр хүүхдээ оюутан болоход Улаанбаатар хотод очиж гутлын үйлдвэрт ажиллаж байгаад гурван жилийн өмнө Өвөрхангай аймагтаа ирж гутал хийх болжээ. Хэдий тэд өөрсдийн гэсэн захиалагчтай болсон ч эртхэн эхлүүлсэн бол илүү ихийг хийх байсан гэж хуучлав. Тэдний хийсэн гутал чанартай учир худалдан авагчид нь ам сайтай байдаг аж. Ажлын байраа өргөтгөвөл илүү ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй буйгаа тэд дуулгасан.