m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.15 09:49
289
Б.Баянцогт: Зургадугаар ангид байхдаа модоор сандал хийдэг байлаа

“Масс агентлаг”-аас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд бид Увс аймгийн “Зэл говь” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү компани нь цэвэр модоор төрөл бүрийн тавилга хийдэг аж. Ингээд тус компанийн захирал Б.Баянцогттой ярилцсан юм.

-Яагаад заавал модны үйлдвэр байгуулах болсон бэ?

-Би 2003 онд анх өөрийн хүү болон нэг ажилтантайгаар модны үйлдвэрээ байгуулж байсан. Тэр үедээ бид нэг сая орчим төгрөгтэй, нэг жижиг хөрөөтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Би ер нь мод их сонирхдог хүүхэд байсан л даа. Анх зургадугаар ангид байхдаа сандал хийж эхэлсэн бол хүү минь ч бас 4-5 дугаар ангиасаа эхлэн тавилга хийсэн.

Үйлдвэр байгуулж байх үед их хэцүү байсан. Шантрах үе ч цөөнгүй гардаг байв. Эхнэр бид хоёр арав гаруй жил эмчилгээнд яваад бүх мөнгөө шавхаад, Улаанбаатар хотод ирж байсан. Үүний дараа найзаасаа нэг сая төгрөг зээлж аваад, нийслэлээс багажаа зөөн Улаангом хотод үйлдвэрээ байгуулж байсан.

-Анх ямар бүтээгдэхүүн хийж байсан бэ?

-Гэрийн тооно хийж байсан. Тэгээд ор, ширээ сандал хийсний дараа мебель тавилга хийж эхэлсэн.

-Үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлсэн бэ. Нэлээд их тоног төхөөрөмжтэй санагдлаа?

-2003 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэрээ шинэчилсэн. Хоёр ч байгууламж барилаа. Тэрийгээ зараад 2013 оны намар одоо байгаа үйлдвэрийн байртаа орсон. Үүний хажууд дахин гурван байгууламж барьсан. Дээрээс нь тоног төхөөрөмжөө үргэлж ОХУ-аас авчирдаг.

-Ямар бүтээгдэхүүнийг гол төлөв үйлдвэрлэж байгаа вэ?

-Сийлбэртэй, сийлбэргүй гэрийн мод хийх их дуртай. 2008 онд 160 гэрийн тендерт ороод ялж байлаа. Дараа нь 2010 онд 120 гэрийн тендерт ороод ялсан. Ер нь монгол хүн болоод ч тэр үү гэрийн тавилга хийх их сайхан санагддаг шүү.

-Тухайн үед үйлдвэрлэлээ эхэлж байхад хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-Байлгүй яахав. Юм хийх гэхээр л нэг юм дутчихдаг. Тэгсэн тэр нь орон нутагт олддоггүй. Хотоос захиж авчруулахаар зардал өндөр гардаг. Өөрөөр хэлбэл, бүх зардал маань Улаанбаатар хотын ханшаас нэг дахин нугалж ирдэг. Тийм болохоор бүтээгдэхүүний үнэ ч их өндөр гардаг байсан. Хэдийгээр бэрхшээл их тулгардаг байсан ч тэр бүрд чадахгүй гээд хойш суулгүй зүтгэж байсандаа баяртай байна.

-Хэчнээн ажилтантай вэ. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг биз дээ?

-Одоогоор 14 ажилтан ажиллаж байна. Мөн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт 6-7 хүн ажилладаг. Ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалуудын шимтгэлүүдийг сар бүр төлдөг. Үүнд ч ажилчид маань сэтгэл ханамжтай байдаг шүү.

-Танай модон эдлэлийн сийлбэр их өвөрмөц санагдлаа. Машинаар хийдэг гэсэн?

-Компьютероор програмчилж, сийлбэрээ гаргаад, лазераар зүсэж хийдэг. Одоогоор лазерийн гурван машин ажиллаж байна.

-Захиалга хэр их ирдэг вэ. Захиалагчид ямар бүтээгдэхүүнийг голдуу сонирхож байна?

-Сүүлийн үед эдийн засгийн хямралаас үүдэн борлуулалт багасч байгаа. Ердийн гэрийн модон тавилгыг зах дээр зардаг. Захиалгын хувьд одоогийн байдлаар арав гаруй сийлбэртэй гэр хийх захиалгатай л байна даа.

-Нэг сийлбэртэй монгол гэр хэдэн төгрөгийн үнээр хийгддэг вэ?

-Модон шалтайгаа нийлээд 12 орчим сая төгрөгийн үнэтэй болдог.

-Засгийн газрын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаг уу?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар хэд хэдэн төсөл бичиж үзсэн боловч нэг ч удаа авч байгаагүй. Гэтэл 2013 оны арванхоёрдугаар сард Аймгийн Засаг даргын зөвлөлөөс манай үйлдвэрлэлийг дэмжиж 40 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байсан. Үүний дагуу 15 хүнийг ажлын байраар хангаж чадсан.

-Үйлдвэрлэл явуулж эхэлснээсээ хойш аймагтаа хэчнээн гэр барьж өгч байсан бэ?

-Манайх баруун аймгийнхаа анхны томоохон модон эдлэлийн дэлгүүр юм. Тэр ч утгаараа аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран орон гэргүй хүмүүст гэр хийж өгч байсан.

-Түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?

-ОХУ-аас түүхий эдээ оруулж ирдэг. Учир нь ОХУ-ын мод их залуу, дээрээс нь чанарын шаардлагад нийцдэг. Харин манай аймагт модыг ихээр цэвэрлэдэг болохоор дандаа хорчийж хагарсан, хөхөрсөн моднууд байдаг. Ийм модоор хийсэн тавилга нэг сар ч хүрэхгүй хугацаанд үйрээд унадаг. Тэглээ ч сайн, чанартай мод авья гэхээр ой руу гарч мод огтлох хэрэгтэй болно. Бид чинь ойгоо хамгаалах ёстой хүмүүс шүү дээ.

-Танай үйлдвэрийн зорилго юу вэ?

-Импортоор оруулж ирж буй бүх бараа, бүтээгдэхүүнийг улсдаа хийнэ гэсэн зорилготой. Түүнчлэн баруун аймгууддаа бүтээгдэхүүнээ нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

 

"Зэл говь" ХХК-ийн захирал Б.Баянцогт - 99452135