m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.16 08:55
213
Н.Эрдэнэхишиг: Хүссэн хэмжээ, загвар, өнгөөрөө хийлгэх боломжтой

“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг танилцуулсаар байгаа. Тэгвэл энэ удаа Ховд аймгийн “Eco shoes” гутлын үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэрийн захирал Н.Эрдэнэхишигтэй ярилцлаа.

 -Үйлдвэрээ хэзээ байгуулсан бэ. Хэр хүндрэл бэрхшээл гарч байсан бэ?

-Анх 2014 онд тоног төхөөрөмжөө аваад үйл ажиллагаагаа эхэлсэн. Мэдээж дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа залуу хүний хувьд туршлага дутмаг, боловсон хүчний хувьд ч муу байсан болохоор хүндрэл бэрхшээл багагүй гарч байлаа. Харин одоо үүнийгээ давж чадсан гэж боддог. Ер нь манай аймагт зах зээл сайн байдаг. Би сургуулиа төгсчихөөд Улаанбаатар хотод хэсэгтээ ажиллаж байсан. Тэгээд миний ажиллаж байсан дэлгүүрт хавар, намрын цөөн тооны гуталнууд зарагдаагүй үлдсэн байсныг нь аваад Ховдод байсан эгч рүүгээ явуулсан. Тэгсэн нэг өдрийн дотор зарагдсан гэхийг нь дуулаад аймагтаа хийж, бүтээе гэж зорьсон доо.

 

-Хөрөнгө санхүүгийн асуудал хэр тулгарсан бэ. Хэрхэн шийдэж байв?

-Тухайн үедээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 30 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар асуудлуудаа шийдсэн. Харин банкинд ирээд барьцаа хөрөнгө хүрээгүй, шаардлагад нийцээгүй гэх шалтгаанаар нэлээдгүй хугацаа алдсан. Арилжааны банкнаас бизнесийн зээл авья гэхээр шаардлагад нь хүрээгүй. Хувь хүнээс зээл авах гэсэн ч дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүнд итгэх хүн ч олдоогүй.

-Ховд аймагт гутлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн газар байдаг вэ. Танай бүтээгдэхүүний тэднээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-3-4 үйлдвэр байдаг гэж сонссон. Заримтай нь уулзаж үзээгүй ч заримтай нь уулзаад, зөвлөгөө өгч, авч, дутуугаа нөхөж авах тохиолдол гардаг. Харин бүтээгдэхүүний онцлог, давуу талын хувьд хүн бүр хүссэн загвар, өнгө, хэмжээгээрээ хийлгэх боломжтой. Дээрээс нь цэвэр арьсаар хийсэн учир чийг огт татахгүй. Мөн эрүүл мэндэд ээлтэй, эко цэвэр бүтээгдэхүүн болж чаддаг гэж боддог.

Бас нэг гуталнаас гарч буй ашгаас тодорхой хэмжээг байгаль хамгаалах санд хандивлах төлөвлөгөөтэй байгаа. Ирээдүйд байгаль орчныг хамгаалдаг, дэмждэг байгууллагуудтай хамтарч ажиллах болно. Их мөнгөөр санхүүжүүлж чадахгүй ч бие сэтгэлээрээ дэмжиж, гаргаж буй бүтээгдэхүүнээ хандивлахыг хүсэж байна.

-Захиалга их ирдэг үү?

-Дажгүй шүү. Ямар ч байсан байрныхаа түрээс, ажилчдын цалин зэргээ төлөөд болоод л байгаа.

-Түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?

-Улаанбаатараас улиралд нэг удаа түүхий эдээ оруулж ирдэг. Энэ жилээс Ховд аймагт арьс, шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэсэн. Хэрэв тэр үйлдвэр ажиллаж эхэлвэл заавал нийслэл хотоос өртөг өндөртэй материал оруулж ирэх шаардлагагүй болно.

-Танай гутал үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ. Улаанбаатар хотод зарагдаж буй гуталнуудаас хямд байж чадах уу?

-Хотод зарагдаж байгаа гуталнаас дунджаар 30-50 мянган төгрөгөөр хямд үнээр худалдаалагдаж байгаа.

-Танайд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Байлгүй яахав. Захиалга багатай үед зээлээ хэрхэн төлөх, ажилчдынхаа цалин болоод байрныхаа түрээсийг яаж өгөх вэ гэх асуудал гардаг.

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд жилийн хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болж чадсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Манай үйлдвэрийн гутлыг нэг удаа өмсөж үзсэн хүн дараа нь гэр бүл, найз нөхдөө дагуулаад ирж байхыг нь хараад бид зөв замаар явж байгаа юм байна даа гэж бодогддог үе бий. Үүний хажуугаар санал гомдол ч ирж байлаа. Мэдээж бид төгс хүмүүс биш учир алдаа гаргадаг. Гэхдээ тэглээ гээд хойш суулгүй, алдаанаасаа суралцаж, илүү чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьдог нь бидний хамгийн том давуу тал болж чаддаг гэж боддог.

-Сүүлийн үеийн гутлын загварын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Эмэгтэйчүүд урт түрийтэй гутал, харин эрэгтэйчүүд хагас түрийтэй гуталнуудыг түлхүү захиалж хийлгэж байна.

-Ирээдүйн зорилтоосоо сонирхуулаач?

-Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүрт ирээдүйн зорилго гэж байдаг. Миний хувьд үйлдвэрийнхээ байрыг өргөжүүлээд, түрээснийх бус өөрийн зориулалтын үйлдвэрийн байртай болж, илүү олон хүнийг цалинжуулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхийг хүсэж байна даа.

Менежер Э.Энхсайхан

-Үйлдвэрлэлийнхээ үйл явцыг танилцуулахгүй юу?

-Үйлдвэрлэлийн үйл явц маань дизайнер хүний хөлнөөс хэмжээ авахаас эхэлдэг. Хэмжээгээ цаасан дээр буулгасны дараа үлгэрээ гаргаад, эсгүүрчин рүү шилждэг. Эсгүүр хийсний дагуу оёулаад уллагаачинд өгдөг. Үүний дараа бүтээгдэхүүн маань уллагдаад, шахагч машин дээр ирээд улыг нь шахаж наадаг.

-Бүтээгдэхүүнийхээ давуу талыг сонирхуулбал?

-Захиалагч хүссэн өнгө, хэмжээгээр цэвэр ширэн материалаар хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд хийлгүүлж болно.

-Одоогийн байдлаар хэчнээн тоног төхөөрөмж ашиглаж байгаа вэ?

-Оёдлын гурван машин, эдэлгээ, толгой эвлэгээ, булчин хэвшрүүлэх, дардасны зэрэг нийт есөн төрлийн машин ажиллаж байна.

Eco shoes гутлын үйлдвэрийн захирал Н.Эрдэнэхишиг - 88814182