m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.17 02:42
1344
Цагаан ултай гутал нь Монголын уур амьсгалд хамгийн тохирсон бүтээгдэхүүн

Монгол Улсад үндэсний брэнд бүтээгдэхүүн олон бий. Бүгд л үндэсний ёс заншил, амьдралын хэв маяг, байгаль орчин, уур амьсгалд зохицсон байдаг. Эдний нэг бол Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн болох цагаан ултай гутал юм. Үүнийг ажилчдын гутал ч гэж нэрлэх нь бий. Энэхүү гутал нь дулаан, эдэлгээ удаан, бат бөх учир голдуу малчид авч өмсөх нь элбэг бөгөөд Увс аймгийн хэмжээнд цагаан ултай гутлыг хийж борлуулж амьдардаг олон өрх айл байдаг юм. Тэдний нэг бол “Өнөр ач” ХХК юм.

Тус компани нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар гэрээт болон үндсэн нийт 24 ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулж байгаа юм.

“Өнөр ач” ХХК-ийн захирал, оёдлын мастер Б.Цэнд-Аюуштай ярилцсан юм.

-Увс аймгийн цагаан ултай гутал их алдартай. Энэ утгаараа уг салбар луу татагдан орсон уу?

-Би өөрөө оёдлын мастер хүн. 1990-ээд онд оёдол эсгүүр болон гутлын цехийг хамтад нь байгуулж байсан. Гэхдээ манай аймаг эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд дэндүү хүйтэн байдаг учраас гутлын үйлдвэрлэл илүү хөгжих юм байна гэж үзээд энэ салбараар дагнасан. Мөн малчдад чанартай, удаан эдэлгээтэй, дулаан гутал хэрэгтэй байдаг учраас борлуулалт ч илүү байсан. Анх хоёр хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд, дараа нь дөрвөн хүнтэй болсон. Тэгэхэд хийсэн гутал өдөртөө борлуулагддаг байлаа. Зах зээл ч одоогийнхоос сайн байсан.

-Үйлдвэрийн байр чинь дажгүй тохижилттой санагдлаа. Анх хэрхэн тохижуулж байв?

-Дөнгөж үйлдвэрээ эхэлж байхад ганцхан жижиг өрөөтэй л байсан. Тэгээд эдийн засгийнхаа чадамжинд тааруулаад байраа нэг нэг өрөөгөөр өргөжүүлсээр байгаад зургаан өрөөтэй үйлдвэрлэлийн байртай болсон. Би 11 жилийн хугацаанд 96 боловсон хүчнийг гутлын чиглэлээр мэргэшүүлж сургасан. Анх үйлдвэрлэлээ эрхлэхэд хэцүү зүйл олон л тулгардаг байсан. Одоо л өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болсон болохоос биш урьд нь гадаа зах дээр ил зогсож гутлаа зардаг байлаа. Тэгсээр байгаад хүмүүст танигдаж эхэлсэн дээ. Хүний сэтгэлд хүрсэн гутал хийж өгөхөд дараа нь дахиад л худалдан авдаг. Энэ ч утгаараа манайх чанарыг дээдэлдэг. Тийм болохоор манайхаас аймгийн иргэд гэлтгүй Дархан, Эрдэнэт, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Завхан зэрэг аймгуудаас ирж авдаг. Мөн ОХУ-ын Тувагаас их авдаг.

-Цагаан ултай гутлын нэр төрөл олон юм шиг байна. Давуу тал, онцлогийг нь танилцуулахгүй юу?

-1985 онд анх малчдын буюу цагаан ултай гутлын технологи гарч ирж байсан. Харин энэхүү гутлын үндсэн технологийг бүрэн эхээр нь хадгалж үлдсэн газар Увс аймгаас өөр байхгүй. Энэ нь цэвэр малын ширээр хийдэг болохоор дулаан, малчдын “Дөрөө даах гутал” гэдэг шиг бат бөх байдаг. Тийм болохоор эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, эрүүл мэндэд ч ач тустай. Ажил хэрэгч хүмүүс цагаан ултай гутлыг авч өмсөхгүй шүү дээ. Зөвхөн малчид л авч өмсдөг болохоор зах зээл их өргөн. Ер нь зах зээл өргөжих тусам хүмүүсийн шаардлага ихсэж байна. Үүнийхээ хэрээр өрсөлдөөнөөс гарч ирэхийн тулд бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрөл, загварыг сайжруулах шаардлагатай тулгарсан. Өөрөөр хэлбэл, цагаан ултай гутал нь малчдад гологдох болсон. Тиймээс нэр төрлийг нь өөрчлөөд, ганцхан урт түрийтэй гутал гэлтгүй богино, хагас түрийтэй, ботинк зэрэг гутлын ямар л төрөл байж болох вэ тэр бүрийг л хийж байна. Загварыг нь би өөрөө гаргаад, үүний дагуу эсгүүрчин маань эсгүүрээ гаргаад явдаг. Ер нь Увс аймгийн айл өрх бүр цагаан ултай гутал хийж худалддаг. Манайх тэднээс хамаагүй олон ажилтантай болохоор ажлынхаа ачааллыг хувааж авдаг.

-Ажилчдын цалинг сонирхуулж болох уу?

-Сайн ажилласан хүн бол дээд тал нь нэг сая хүртэлх төгрөгийн цалинтай, муу ажилласан бол 400-500 мянган төгрөгийн цалин авдаг. Үүн дээрээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Сайн ажилласан ажилтны амьдрал ч зохих хэмжээгээр дээшилж байна. Мотоциклийг зээлээр худалдаж авдаг байсан бол сүүлийн үед машин худалдаж авдаг болж.

-Үнэ ханшийн хувьд?

-Дулааны улиралд үнэ нь буураад эмэгтэй гутал 50 мянган төгрөг, эрэгтэй гутал нь дунджаар 65 мянган төгрөгөөр худалдагддаг. Харин өвлийн улиралд ид сезоны үеэр эрэгтэй гутал 70-75 мянган төгрөг, эмэгтэй гутал нь 60-65 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Хамгийн хямд, чанартай гутлыг манай аймгаас л авна шүү. Цагаан ултай гутлыг Улаанбаатар хот болон бусад аймгуудад үйлдвэрлэдэг ч яг технологиор нь хийж чаддаггүй, тэгсэн хэрнээ их үнэтэй.

-Өдөрт хэчнээн гутал үйлдвэрлэгдэж, эцсийн бүтээгдэхүүн болж гардаг вэ. Мөн өдөрт дунджаар хэдэн гутал борлуулагддаг вэ?

-Өвлийн улиралд хийсэн гутал өдөртөө зарагдах тохиолдол бий. Бүрэн хүчин чадлаар ажиллавал 40 орчим гутал үйлдвэрлэгдэж гардаг. Зуны улиралд борлуулалт огцом буурдаг. Ганц ч гутал зарагдахгүй байх үе бий. Тэглээ гээд бид үйлдвэрлэлээ зогсоодоггүй. Яагаад гэвэл ажилчид маань ажиллаж байж цалин авч, амьдралаа залгуулах ёстой шүү дээ. Хийсэн гутлынхаа тоог 2000 хүртэл нь агуулахад хадгалдаг.

-Үйлдвэрлэл эрхлэгч бүрт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл гэж байдаг. Танай үйлдвэрийн хувьд?

-Тоног төхөөрөмж дутагддаг. Тэгээд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар төсөл бичсэн боловч дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа үйлдвэрүүдэд өгөхөөс биш манайх шиг үйл ажиллагаа нь тогтвортой болсон аж ахуйн нэгжид өгдөггүй юм билээ. 100 сая төгрөгийн зээл авахыг хүссэн ч дэмжигдээгүй. Борлуулалтгүй үед цалингаа тавьж чадахгүй байх зэрэг хэцүү асуудал үе үе тулгардаг. Тийм болохоор эрэгтэй ажилчдаа зуны улиралд барилгын ажил руу зуучилж өгдөг.

-Төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг баримталж байна. Энэ нь хэр эзнээ олж чаддаг гэж боддог вэ?

-Эзнээ олж чадахгүй байна. Ялангуяа аймаг орон нутагт хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь ховор. Өрхийн бизнес эрхэлж байгаа хүмүүст 5-10 сая төгрөгийн л зээл өгдөг юм шиг байгаа юм. Тэрүүгээр хөлөө олж, бизнесээ өргөжүүлнэ гэдэгт үйлдвэрлэл эрхлэгч хүний хувьд итгэдэггүй. 

“Өнөр ач” ХХК-ийн захирал, оёдлын мастер Б.Цэнд-Аюуш - 99452988