m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.20 09:10
2641
Икэл хөгжмийн ая эгшиг хөөмий, магтаалтай хавсран дэлхийд гайхуулж байна

Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай гэх нь бий. Энэхүү хөгжим нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Тува, Алтайн урианхайчууд икэл, хакасчууд “Ыых” хэмээн нэрлэдэг аж.

Түүхээс цухас дурдвал, 1940-1950-иад онд Баруун Монголын ихэнх айл икэл хөгжимтэй байжээ. Айл бүрийн хойморт хүндтэй байр эзэлдэг, бас хүндэт зочид заавал икэл дуугаргаж байж явдаг сайхан зан заншил байсан гэх. Түүний ая эгшигт магтаал ерөөл хэлж, уртын дуу дуулж байжээ.

Икэлийн хамгийн гол үүрэг нь биелгээний ая эгшиг гаргахад оршиж байсан бөгөөд хөвч богино тул хурдан аястай биелгээний ая татахад хамгийн их тохирсон хөгжим байв. Гэсэн хэдий ч икэл хөгжим 1950-иад оны соёлын довтолгоонд хамгийн эхэнд өртөгдөж устаж эхэлсэн бөгөөд өнөөдөр бараг л устахад хүрээд байгаа гэж судлаачид үзээд байгаа юм. Гэсэн ч морин хуурын өвөг гэж болох ойрадын икэл хөгжим эдүгээ Тува улсад тайзны урлагт хадгалагдан, үлдэж хоцорсноор барахгүй алдартай ая эгшиг нь хөөмий, магтаалтай хавсран Монголд төдийгүй дэлхийд гайхуулж байна.

Гэхдээ Баруун Монголын цөөн үндэстэн авч үлдсэний нэг нь Увс аймагт л үйл ажиллагаа явуулж буй Баруун Монголын урлаг, соёлын “Уран манлай” төв юм. Тэнд Баруун Монголын ард олны язгуур хөгжим болох икэл хөгжим, морин хуур, товшуур, цуур, хулсан хуур зэрэг мартагдсан хөгжмийн зэмсэг болон чулуун сийлбэрийг гол төлөв хийдэг. Тус төвийн тэргүүн болон “Уран манлай” компанийн захирал, СТА Л.Баяртсайхан нь ганцаараа үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол адилхан үндэснийхээ бүтээгдэхүүнийг хийж байгаа үйлдвэрлэгчидтэй хамтран урлаг соёлын төвөө байгуулж байжээ. Үйлдвэрлэлээ эрхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болж, Монголд болоод дэлхийн хаана ч байхгүй хөгжмийг бүтээсэн байна.

Икэл хөгжмийн ая эгшиг хөөмий, магтаалтай хавсран дэлхийд гайхуулж байна

Өөрөөр хэлбэл, тус төвийн тэргүүн икэл болон товшуур хөгжмийг хооронд нь нэгтгэн, хөгжмийн нэг талд нь икэл хөгжим, нөгөө талд нь товшуур хөгжмийг хийж өгснөөрөө дахин давтагдашгүй болж чадсан гэдгийг хэлж байсан юм. Мөн түүнчлэн өнгөрсөн жил Увс аймгийн Хяргас суманд 90 икэл, хан икэл хийж өгсөн бөгөөд төслөөр бүх сумын соёлын төвд 200 гаруй икэл хийж өгсөн байна. Ийнхүү ОХУ-ын Тува улс, Халимаг, Хятадын Шинжаань-Уйгарын өөртөө засах орноор явж уран бүтээлийн үзэсгэлэн гарган, үндэснийхээ өв соёлыг сурталчилж тухайн улсын хөгжмийн зэмсэг урлах арга барил, хэв загвартай танилцсан байна. Түүнтэй икэл хөгжим болоод ирээдүйн зорилтын нь талаар ярилцлаа.

-Багаасаа хөгжмийн зэвсэг сонирхдог хүүхэд байсан уу. Хөгжмийн зэмсэг хийх их нарийн ажиллагаа шаарддаг байх?

-Би багаасаа уран зураг зурдаг хүүхэд байсан. Анх есөн настай байхдаа сийлбэрийг их сонирхоод, хийж үзмээр санагдаад нутгийнхаа ахын хурдан морины сойз, цацал хоёрыг зүсэж, бүтээлийг нь даган дуурайлгаж хийж үздэг байсан. Манай удам их гарын дүйтэй, нутаг усандаа нэлээд нэртэй хүмүүс байсан юм. Хөгжмийн зэмсгийн ерөнхий бүтцийг хийх харьцангуй хялбар ч модон дээр сийлэх хамгийн хэцүү байдаг. Их нарийн ажиллагаа шаарддаг болохоор хүссэн хүн бүр хийгээд байх боломжгүй. Хийхэд хэцүү гэхээсээ илүүтэйгээр хийгээд сууж байхдаа би хэнээс ч илүү тайван байж чаддаг. Мөн зовж байж хийсэн сийлбэрийг маань хүмүүс таашаахад бүр илүү дуртай шүү.

-Үйл ажиллагаагаа эхэлж байхад хүнд хэцүү зүйл тулгарч байв уу?

-Ер нь гэртээ л захиалгаар хийдэг байсан. Хийхэд хэцүү үе их байсан. Тэгээд хийгээд ирэхээр дахиад хиймээр санагдаад, илүү чанаржуулаад олон хүнд хүргэхийг хүсдэг юм билээ. Баруун Монголын дээдэлдэг, эрхэмлэдэг хээ угалз бүрийг судалж байгаад хийдэг. Одоогийн байдлаар икэл, морин хуур, товшуур, цуур, хусан хуур гэсэн таван төрлийн хөгжим хийж байгаа. Энэ чиглэлээр ажиллаж буй дөрвөн ажилтантай. Би 2013 онд 190 икэл хийж сумдад тараасан. Үүнийг хоёр сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ихэвчлэн хус модоор л хийдэг. Яагаад гэвэл нарс, хуш зэрэг зөөлөн модоор хийхэд эвдрэл гэмтэл гарах тохиолдол бий.

 

-Үндэсний хөгжим хийгээд нэлээдгүй хугацааг үджээ. Энэ хугацаанд шавь бэлтгэн гаргаж байв уу?

-Тэгэлгүй яахав. Цөөн тооны авьяаслаг шавь бий. Ер нь манай аймагт үндэсний хөгжим хийдэг хүн их цөөхөн болохоор авъяастай хүүхдүүдийг шавь оруулаад, өөрийн чаддаг бүхнээ зааж сургах хүсэлтэй явдаг.

-Сард хэчнээн хөгжмийн зэмсэг хийж худалдаанд гаргадаг вэ?

-Тогтсон тоо байхгүй л дээ. Захиалга хэр их ирнэ, түүний хэрээр хөгжмөө хийдэг. Зарим сард нэлээд их захиалга ирдэг ч ганц ч захиалга ирэхгүй байх үе ч бий.

-Монголын соёл, уламжлалыг хадгалж үлдэхийг зорьж байгаа гэсэн. Тэгвэл төр засгаас үүнийг хэр их дэмждэг вэ. Төр засгаас дэмжлэг авч байсан тохиолдол бий юу?

-2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байхад анх удаа дэмжлэг авч байсан. Ер нь орон нутгийн зүгээс ч бодлогоор дэмжиж өгдөг.

-Тэгвэл ямар дэмжлэг хүсэж байгаа вэ?

-Аливаа үйлдвэрлэл хөрөнгө санхүү дээр тулгуурладаг учир бага ч болов хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдаж чадвал илүү их зүйлийг бүтээж чадах болов уу гэж бодож байна.

Баруун Монголын урлаг, соёлын “Уран манлай” төвийн захирал Л.Баяртсайхан - 99253520