m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:00
115
Д.Ухнаа: Сараа чи дуусашгүй, дундрашгүй авьяастан шүү, урагшаа

МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийн баяртаа зориулсан “Сэхүүн салхи” тоглолтод Монголын урлаг соёлын алдартнууд, дуучид, уран бүтээлчид олноороо ирсэн. Тэдэнтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа

“Сараа анхын тоглолтоо хийхэд би хамт байсан. Барилгын зургийн институтын дэргэд “Мөнгөн харандаа” гэдэг хамтлаг байгуулагдлаа гэж дуулсан тэр цагаас Сарааг ах нь мэднэ. Охин байхаасаа эхлээд дуулж, уран бүтээлээ хийж, мандаж  эхэлсэн үе, удаа дараагийн төрсөн өдрийн тоглолт энэ бүхэнд энэ сайхан дуучин намайг урьж, бид хамт байдаг. Монголын рок попын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэ эрхэмсэг хатагтайд ухрах зам байхгүй. Энэ эмэгтэйн  хамгийн чухал чанар нь залуу уран бүтээлчийг сайн дэмждэг хүн. Уран бүтээл хийхдээ чин сэтгэлээсээ ханддаг, ухаан зардаг учир бүтээл нь хэзээ ч хоцордоггүй сайхан дуучин. Сараа чи дуусаж, дундрашгүй авьяастан шүү, урагшаа” гэж хэлмээр байна.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат

Дуучин Сараа эгчдээ талархал дэвшүүлье. Үнэхээр зууны манлай гэдгээ харуулж чадлаа. Зөвхөн энэ удаа ч биш байнга харуулж, урлагтаа зүрх сэтгэлээ зориулсан сайхан уран бүтээлч. Таны дуулсан дуу Монголын ард түмнийг баясгаж байх болтугай. Аз жаргал хүсье.

“Камертон” хамтлагийн дуучин СТА Г.Мэнд-Амар

“Камертон” хамтлаг 1995 онд байгуулагдаад удалгүй Сараа эгчийн тоглолтод оролцож байсан. Үнэхээр урлагт сэтгэл зүрхээ зориулсан сайхан уран бүтээлч. Төрсөн өдрийн тоглолтыг нь би гурав дахь жилдээ үзэж байна. Жилээс жилд улам гоё болж, олон түмнийг байлдан дагуулсаар байдаг. Сараа эгчдээ улам их амжилт хүсье.

“Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн

Зууны манлай сайхан дуучинтай танилцаж байсан сайхан түүх бий. Сараа тэгэхэд дөнгөж 30 настай байсан болов уу. Сараа эгч Дуурийн театрын өмнө явж байхад нь би тэнд таарсан. “Зурагтаар гардаг энэ сайхан эгч хаана хүрдэг юм бол” гээд араас нь дагаж байсан юм. Хүүхэд байхдаа ингэж дагасан нь тэр хүний энерги, эрч хүч надад нөлөөлсөн хэрэг байх. Монголчууд Зууны манлай гэдэг үгний утгыг нэг их ухаж боддоггүй юм шиг санагддаг. Баянаа аварга хагас зуун жил  босоо байсан учир салбартаа Зууны манлай. Харин Сараа эгч бол нэг өдөр таван тоглолтонд оролцож бичлэггүй дуулдагаараа номер нэг. Ийм сайхан эгчдээ аз жаргал хүсье. Монголын ард түмэн таныг хайрлаж, хүндэлсэн хэвээр байна шүү.

“Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагваа

Сараа эгч ямар дуучин гэдгээ батлан харуулж чадлаа. Урлаг соёлын ажилтнууд соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс. Нийгэмд стресс их байна. Сараа эгч маань тэр үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг. Тоглолт үзсэн хүмүүс ямар сайхан энерги, эрч хүчтэй болоод гарч байгааг та бүхэн харсан байх. Сараа эгчдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.