m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:42
113
Шударгаар олж авсан зүйлс таны өмч гэж тооцогдоно

Эд хөрөнгийг олж авахдаа будын эрх ашигт хохирол учруулахгүйгээр хуульд тусгайлан заасан болзол, журмыг хангаж, шударгаар олж авах үүрэгтэй. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууран мэхлэх,  айлган сүрдүүлэх, төөрөлдүүлэх замаар олж авахыг хориглоно. Хэрэв та хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь тодорхойгүй ямар нэгэн эд зүйлсийг олж аваад түүнийгээ өөрийн өмчийн нэгэн адил тордон хамгаалж, эзэмшиж, ашиглаж байсан бол таван жил өнгөрсний дараа тухайн эд зүйлсээ өөрийн хууль ёсны өмч болгох боломжтой.

Түүнчлэн та эзэнгүй үл хөдлөх хөрөнгө, жишээ нь барилга байшин олж авсан бол түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгөө мөн л өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг эд хөрөнгийг өөрийн хууль ёсны өмч болгох боломжтой. Гэхдээ дээрх тохиолдлуудын алинд нь ч ганцхан шаардлага тавигдах бөгөөд энэ нь эд хөрөнгийг шударга арга замаар олж авсан байх явдал юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууран мэхлэх,  айлган сүрдүүлэх, төөрөлдүүлэх замаар олж авахыг хориглоно

Тухайн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил байгааг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэх, эсвэл эзэнгүй эд хөрөнгийг нийтийн ашиг сонирхолд харшаар ашигласан гэх мэт үйлдэл гаргасан бол танд өмчлөх эрх үүсэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дээрх бүхнээс үзвэл хувь хүн хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлсийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах /худалдах, бэлэглэх, шилжүүлэх, өв залгамжлуулах эрхийг өмчлөх эрх гэж үзэж болно.