m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 08:47
72
“Copa America”-гийн сонирхолтой баримтуудаас

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн "Copa America" ирэх зургадугаар сарын 12-нээс долдугаар сарын 4-ний өдрүүдэд Чили улсын найман хотод болж, шилдэг 12 баг өрсөлдөх билээ. Тус тэмцээнд Уругвай 15, Аргентин 14 удаа түрүүлсэн амжилтаар бусдыгаа тэргүүлдэг. Ингээд "Америкийн цом"-ын тэмцээний сонирхолтой баримтуудаас танилцуулъя.

• 1910 онд Чили, Уругвай, Аргентин гэсэн гурван улс “Сентенариогийн цом” нэрийн дор анхны тивийн АШТ-ийг Буэнос-Айрест зохион байгуулахад аргентинчууд аваргалжээ. Гэвч CONMEBOL уг тэмцээнийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн юм.

• Өмнөд Америкийн АШТ-ий анхны гоолыг хийсэн тоглогч бол Уругвайн Пиендибене. 1916 онд болсон тэрхүү тэмцээний нээлтийн тоглолтод Уругвай Чилийг 4:0-ээр хожиход Пиендибене дөрөв дэх минутад гоолын салхийг хагалж байжээ. Улмаар уругвайчууд финалд талбайн эзэн Аргентинийг хожин анхны аваргаар тодорсон түүхтэй.

• Чилийн хаалгач Серхио Ливингстон Өмнөд Америкийн АШТ-д 1941, 1942, 1945, 1947, 1949, 1953 онуудад оролцохдоо нийт 34 тоглолт хийж, рекорд тогтоожээ.

• Аргентиний Норберто Мендес, Бразилийн Зизиньо нар тус бүр 17 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн мэргэн буучийн алдрыг эзэмшдэг.

• Чили улс 1920, 1926, 1941, 1945, 1955, 1991 онуудад тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан боловч ганц ч түрүүлж чадаагүй байна. Тэдний хамгийн том амжилт нь 1955 онд нутгийн дэвжээн дээрээ мөнгөн медаль хүртсэн явдал.

• Анхандаа зөвхөн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны гишүүн орнууд оролцдог байсан тус тэмцээн 1993 онд хүрээгээ тэлж Мексик, АНУ-ыг урилгаар оролцуулах болжээ. Харин 1999 оны “Copa America”-д алс тэртээх Ази тивийн төлөөлөл Япон улсын хөлбөмбөгчид хүч сорьсон боловч Перу, Парагвайд хожигдож, Боливитой арай гэж тэнцжээ.

• “Copa America” тэмцээнийг нутагтаа хамгийн олон удаа зохион байгуулсан улс бол Аргентин. Тэдтус тэмцээнийг найман удаа (1916, 1921, 1925, 1929, 1937, 1959, 1987, 2011) хүлээн авчээ. Удаах байранд долоон удаа (1917, 1923, 1924, 1942, 1956, 1967, 1995) зохиосон Уругвай ордог.

• 1939 онд Перу англи дасгалжуулагч Жек Гринвеллийн удирдлагаар, 1963 онд Боливи бразил мэргэжилтэн Данило Алвимын тусламжтайгаар тивийнхээ АШТ-д түрүүлж байв.

• Шигшээ багаа дэлхийн аварга болгосон агуу хөлбөмбөгчид болох Бразилийн Пеле, Аргентиний Марадона нар Өмнөд Америкийн АШТ-д ганц ч удаа түрүүлж үзээгүй аж. Пеле 1959 онд цорын ганц удаа тоглохдоо финалд шалгарч, тухайн тэмцээний мэргэн буучаар шалгарч байсан бол Диего 1979, 1987, 1989 оны тэмцээнд оролцоод ганц хүрэл медалиар л “голоо зогоож” байв.

• 1957 оны “Copa America”-д бразилчууд хэсэгтээ Колумбыг 5:0-ээр бутниргэхэд довтлогч Эваристо де Маседо таван бөмбөг оруулжээ. Түүний рекорд одоо болтол эвдэгдээгүй гэдэг.

• Мексикчүүд “Америкийн цом”-д 1993 оноос хойш тасралтгүй оролцохдоо бүгдэд нь хэсгээсээ шалгарч байжээ.