m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 09:30
1279
Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл

Манай хамт олон Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос эмхэтгэн гаргасан "Хүний эрх" эмхэтгэлийг гаргасан. Уг номыг та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл:

  • Ажилтны санаачилгаар
  • Ажил олгогчийн санаачилгаар

Ажилтны санаачилгаар: Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлаа байраа орхих эрхтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.

Ажил олгогчийн санаачилгаар:

  • Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн
  • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
  • Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн
  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
  •  Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон
  • Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон
  • Контрактад заасан үндэслэл буй болсон

Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн  итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.

Цэргийн жинхэнэ албанд татагдсан, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдлуудад ажил олгогч танд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгоно.