m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 00:49
67
Тавантолгойн гэрээг хэзээ хэлэлцэх вэ

Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гарснаас хойш 11 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас уг гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан.

Харин бичиг баримт дутуу байснаас  УИХ-ын Тамгын газар Тавантолгойн гэрээний төслийг буцаасан билээ. Гэрээг буцаасан шалтгааныг УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй тул УИХ Тавантолгойн гэрээг хүлээн авахгүй” хэмээн тайлбарлав. Түүнчлэн Тавантолгойн гэрээний төслийг буцаах хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, төсөв санхүүгийн зардлыг тооцоогүй, Төрийн болон Төрийн бус байгууллагын саналыг хавсаргаагүй байна. Ийн УИХ-ын шаардаж буй бичиг баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд Тавантолгойн гэрээг дахин өргөн барих эрх нь Засгийн газарт нээлттэй.  

Тавантолгойн гэрээний төслийг буцаах хэд хэдэн шалтгаан бий

Тэгвэл Засгийн газар УИХ-ын дээрх шаардлагыг биелүүлэхийн тулд Тавантолгойтой холбоотой хоёр шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, УИХ-ын даргын хэлж буйгаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн саналыг тусгахын тулд хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоол гаргажээ. Засгийн газар 2012 онд иргэн бүрийн 1072 хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах санал гаргасны дараа 1 сая 504 мянган иргэн хувьцаагаа Засгийн газар болон компаниудад худалдах хүсэлт гаргасан юм. Харин өнөөдрийг хүртэл хувьцааны төлбөр иргэдийн гарт очоогүй атлаа тэдний нэрс Тавантолгойн хувьцаа эзэмшигчдээс хасагдсан.  Тиймээс Засгийн газар 2012 онд хувьцаагаа зарах хүсэлт гаргасан иргэдийг дахин хувьцаа эзэмшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ. Засгийн газрын гаргасан дараагийн шийдвэр нь УИХ-ын тавьсан шаардлагын дагуу Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд тус гэрээг “Их хэмжээний гэрээ” хэмээн үзэх тогтоол гаргасан байна.

УИХ-ын шаардаж буй бичиг баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд Тавантолгойн гэрээг дахин өргөн барих эрх нь Засгийн газарт нээлттэй

Ямартай ч Засгийн газар ээлжит хуралдаанаараа Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхэд дутуу гэгдээд буй бичиг баримтыг бүрдүүлэх шийдвэр гаргалаа.  Харин Засгийн газар Тавантолгойн гэрээг хэзээ УИХ-д өргөн барьж хэлэлцэх нь тодорхойгүй байна.   

Засгийн газар ээлжит хуралдаанаараа Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхэд дутуу гэгдээд буй бичиг баримтыг бүрдүүлэх шийдвэр гаргалаа