m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 01:09
49
Ерөнхийлөгчийн ивээл дор эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.  Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт явуулсныг  Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж танилцууллаа. 

Уг илгээлтэд  “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, анд найз нар аа. Та бүхэнд номын буян хурсан энэ сайхан өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монголчууд бол эртний баялаг түүхтэй ард түмэн болохыг эрхэм судлаачид та бүхэн сайн мэдэх билээ. Миний бие 2011 онд ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Оросын монгол судлаачидтай уулзаж монгол судлалын асуудлаар хамтран ажиллах  өргөн боломж байгааг дурдаад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний нэг жишээ нь Орос, Монголын судлаачид хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монголчуудын  соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга" сэдэвт олон улсын хурлыг 2013 онд Санкт-Петербург хотод амжилттай зохион байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. Тус хуралд Монгол Улс, ОХУ-аас гадна Польш, Япон, Унгар зэрэг орны нэртэй эрдэмтэд оролцсон нь энэ хурлын ач холбогдлыг улам өндөрт өргөсөн юм.

Дэлхийн соёлын олон төрөл байдал, түүний дотор соёлын өв, архивын баримт, эрдэм шинжилгээний гар бичмэл, түүхийн холбогдолтой баримтуудыг хамгаалах, хэвлэж хөгжүүлэх явдал хүн төрөлхтний нэг чухал зорилт болсоор байгааг та бүгд сайн мэднэ. Энэ талаар Монгол Улс 1997 оноос хойш ЮНЕСКО-той хамтран ажиллаж байгаа. Мөн Монголын соёлын олон өвийг ЮНЕСКО-д амжилттай бүртгүүллээ. Монгол Улсад зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний энэ хурал Монголын түүхтэй холбоотой архивын баримтууд, түүхийн эх сурвалжуудыг шинээр нээж илрүүлсэн, дахин судалж, судалгааны эргэлтэд оруулсан, эргэлзээтэй асуудлуудыг шийдвэрлэж чадсан амжилттай хурал болж чадна гэж итгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахинд байгаа өөрийн орны түүх, соёлтой холбоотой өвийг судлан шинжлэх, хуулбарлан авах, хамтран ном, бүтээл туурвих бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Эрдэмтэн, судлаачид та бүхний энэ хурал Монгол Улс, ОХУ-д ээлжлэн зохион байгуулагдаж, Монголын түүхийн баялаг сан, хөмрөгийг улам ихээр уудлан шинжилж, хөгжүүлэн батжуулж байх болтугай. Та бүхний хуралд амжилт хүсье” гэжээ.