m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 02:13
32
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна.

Тиймээс хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан байна. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болж буй аж.

Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолжээ. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор гэм буруутай этгээд хариуцлага гарцаагүй хүлээх нөхцөл бүрдэх гэнэ. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, салангид байдлаар хуульчлагдсан, үйлчилгээг хэн, ямар журмаар үзүүлэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсныг өөрчил, хохирогчид үзүүлэх үйлчилгээг аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа гэсэн төрөлтэй байхаар томъёолжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.