m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 03:01
320
Шөнө асах хээрийн түймэр тамын тогоог санагдуулж байлаа

Улсын онцгой комиссын  нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-19-ний өдөр түймэрт өртсөн  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан билээ. Биднийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажиллаж байх үед Дорнод аймгийн Баян-Уул суманд түймэр гарсан гэх мэдээлэл ирсэн юм. Ингээд бид Түмэнцогт сумаас хөдлөн Чойбалсанд очиж Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Гантөмөртэй уулзан мэдээлэл авч Баян-Уул сумын зүг 12.00 цагт хөдлөв.

Сумын төв рүү ойртох тусам түймрийн утаа илүү тодорсоор. Түймэр сумын төвийн баруун зүгт асаж байгаа утаа агаарт дэгдэн үүл мэт үзэгдэх нь гамшиг болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. Чойбалсан хотоос 250 км-т байх Баян-Уул суманд бид 16 цагийн орчимд очиж, сумын Засаг даргын өрөөнд орж цагийн байдалтай танилцлаа. Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж хэлэхдээ “Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Хэрээн гол талаас ойн түймэр орж ирсэн. Хэнтий аймгийн Дадал суманд ассан уг түймрийг цурманд оруулсан ч салхины хүч их байсан тул алдчихсан.

Энгэрээр нь сайн техникээр газрыг нь хагалж, хамгалаалтын зурвас татах л боломжтой. Суманд трактор байхгүй тул “Байдрагийн буудай” компаниас тракторыг ашиглахаар захиралтай нь холбогдож байна. Ойгоо хамгаалах боломжгүй, харин малчны хотыг тойруулан хамгаалалтын зурвас татна. Яг одоо шатаж байгаа газар нутаг бол манай сумын тусгай хамгаалалттай газар. 

Яг одоо шатаж байгаа газар нутаг бол манай сумын тусгай хамгаалалттай газар. 

Сумын ИТХ-аас гамшгийн зардалд 500 мянган төгрөг төсөвлөсөн. Тэр нь гал гарсан эхний өдөр л дууссан. Дөнгөж сая ИТХ хуралдаанаар төсвийн тодотгол хийж, 1.5 сая төгрөг нэмүүүллээ” хэмээн танилцууллаа. Түүний мэдээлэл хийсний дараа хурандаа М.Энх-Амар гамшигийн зардалд маш бага мөнгө   төсөвлөсөн байна. Аливаа эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлтгэлтэй байх нь Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гол үүрэг байх ёстой хэмээн шүүмжилж, нэмэлт шаардлагатай төсөв, хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг ажлын хэсэгийнхэнд яаралтай гаргаж өгөхийг санууллаа.

Хурал дууссаны дараа Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Гантөмөрийн хамт түймэр гарч байгаа газар луу явлаа. Түймэр сумын төвөөс 30 орчим км-ийн зайд Бугатын аманд гарч байсан юм. Биднийг очиход онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэд түймрийн голомтоос урдхан талд цурам тавихаар ажиллаж байлаа. Цурам тавих арга бол ой хээрийн түймрийг тархалтыг зогсоох, галыг намжаах сайн талтай. Түймрийн өмнөөс угтуулж гал тавина гэсэн үг.

 Цурам тавих арга бол ой хээрийн түймрийг тархалтыг зогсоох, галыг намжаах сайн талтай. Түймрийн өмнөөс угтуулж гал тавина гэсэн үг.

Хилээс Бугатын ам хүртэл 40 гаруй км газар нутаг түймэр ассан бөгөөд битүү ой шугуй аж. Тусгай хамгаалалттай нутаг учир зэрлэг ан амьтдын өлгий аж. Энд Буга, бодон гахай зэргээс эхлээд төрөл бүрийн амьтан идээшилснийг нутгийн иргэд хэлж байлаа.

Хурандаа Н.Гантөмөр алба хаагчид болон нутгийн иргэдэд зааварчилгаа өгч цурам тавих ажлыг эхлүүллээ. Тусгай техникээр гал асааж үлээгч аппаратаар галыг хойш нь үлээж түймрийн голомт руу ойртуулж эхэлллээ. Энэ ажлыг хийхэд салхины хурд, чиглэл зэргийг нарийн тооцоолох ёстой. Алба хаагчид, нутгийн иргэд хамтран ажилласны үр дүнд цурам тавих ажил амжилттай боллоо.

Алба хаагчид, нутгийн иргэд хамтран ажилласны үр дүнд цурам тавих ажил амжилттай боллоо.

Хил давж ирсэн түймрийг унтраах ажил Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын гал унтраах 32 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байсан бөгөөд  тус  ангийн салаан захирагч Батбаатартай ярилцаж нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Энд хэзээ ирсэн бэ?

-Энд ирээд хоёр хонож байна.

-Анх ирэхэд галын нөхцөл байдал ямар байв. Хаагуур гал унтраах ажлыг зохион байгуулсан бэ?

-Ерөнхийдөө хоёр км гаруй газар нутгийг цурманд оруулсан. Өнөөдрийн хувьд урдуур нь хамгаалах зурвас татаад ажиллаж байна. Энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр, өвсний гарц сайн байгаа учраас галын тархац өндөр байна гэв.

 

Гал унтраах ажилд онцгой байдлын алба хаагчдад тус дэм болж буй хүмүүс бол нутгийн иргэд. Гал унтраахаар ажиллаж байсан  Дорнод Баян-Уулын гуравдугаар багын малчин  Б.Батмөнхтэй уулзлаа.

-Танайх хаагуур нутагладаг вэ. Энэ жил хэр өвөл болсон бэ?

-Манайх Бугатын адаг амны Түмэн хоньт гэдэг газар нутагладаг. Өнгөрөгч зун хур бороо элбэг байсан учраас өвсний гарц үнэхээр сайн байсан.  Энэ жил өнтэй сайхан өвөл болсон. Хавар хэтэрхий хуурайшилттай байгаа учраас түймрийн тархац илүү өндөр байна.

-Гал унтраах ажилд хэд дэх хоногоо ажиллаж байна вэ?

-Гал унтраахаар гурав дахь хоногоо ажилллаж байна. Анх хилээр давж орж ирээд хоёр гурван хилийн зааг нутгаар дамжиж орж ирсэн. Энэ газар тусгай хамгаалалттай нутаг учраас машин техник явах боломжгүй, ан амьтан ихтэй.

-Гал унтраах ажилд орон нутгийн иргэд хэр их оролцож байна вэ?

-Гал унтраахаар орон нутгийн 200 орчим хүн ажиллаж байна.

Бугатын амны урдаас тавьсан цурам амжилттай болж хойноос орж ирсэн түймэртэй мөргөлдөн унтарч, урагшаа түймэр асах аюулгүй боллоо. Үүний дараа алба хаагчид, нутгийн иргэд хоёр хэсэгт хуваагдан  түймрийн баруун, зүүн хэсгээр унтраахаар хөдөлцгөөлөө.

Нар жаргаж харуй бүрий болох үед салхины хурд баруунаас зүүн тийш чиглэж цурманд орсон түймэр дахин асаж Бугатын амнаас давж, Түмэн хоньтын хөндий рүү чиглэж эхэллээ. Алба хаагчид халуун гал дунд ажиллаж байгаа ч салхи дэндүү хурдан учраас нүд ирмэхийн зуур л хоёр гурван уулыг давж тал нутагт асаж эхэллээ.

Шөнийн харанхуйд асах түймэр тэнд ажиллаж буй бүх хүмүүст өөр ертөнцөд ирсэн мэт мэдрэгдэж буйг ярилцах зуураа ой хээрийн түймэр ямар аюултай, түймэртэй тэмцэнэ гэдэг ямар хэцүү болох талаар ярилцлаа. 

Түймэр асаж эхлэх үед хэдийн харанхуй болсон байлаа. Шөнийн харанхуйд асах түймэр тэнд ажиллаж буй бүх хүмүүст өөр ертөнцөд ирсэн мэт мэдрэгдэж буйг ярилцах зуураа ой хээрийн түймэр ямар аюултай, түймэртэй тэмцэнэ гэдэг ямар хэцүү болох талаар ярилцлаа. Уулын оройд асаж байгаа түймэр, салхины аясаар туугдан төөнөж нөгөө л там гээч газар ийм байдаг болов уу гэх бодол тэр агшинд төрсөн юм.

Түймрийг зогсоож дийлэхгүй ч зооно татах ажлыг тракторын тусламжтайгаар хийж эхэллээ. Энэ нь түймрийг газар авхуулахгүй байх бас нэгэн арга. Энэ нутагт зуншлага сайхан байсан тул өвсний гарц үнэхээр сайн байлаа.

Түймрийн үед бидний сэтгэлд багахан ч гэсэн баяр хөөр авчирсан зүйл бол бороо дусалсан явдал. Бороо дусалж эхлэхэд хүн бүр дотроо залбирч хур бороо оруулахыг тэнгэр, бурхнаас гуйж байв. Хүссэн зүйл хүзүүгээр бооно гэдэгтээ адил борооны дусал салхиар туугдан одож шороо шуурч эхэллээ.

Шөнийн 02.00 цагийн үед  баруун урдаас байсан салхины чиглэл өөрчлөгдөж хойноосоо эргэлээ. Тал нутагт ассан түймрийн нэг захаас нөгөө тал хүртлээ харагдахгүй байлаа. Бид гол зам дагуу онцгой байдлын алба  хаагчид болон нутгийн иргэдийг даган явж байтал түймэр бидний хоёр талаар гарч багагүй сандаргалаа. Шатсан газарт аргал, хомоол цогшин үлдэж байлаа.

Зах нь үл харагдах түймэр дунд яваа онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийг харан бахархах, хайрлах сэтгэл төрж байлаа. Тэд ямар эр зоригтой юм бэ. Нэг хэсэг нь газар нутгийнхаа төлөө амь хайргүй улаан гараараа түймэртэй тэмцэж байхад нөгөө хэсэг нь хотод холхиж явна гэж бодохоор уур ч хүрэх шиг. Энэ мэт байгалийн давтагдашгүй нөхцөл үүссэн үед ажилгүй байгаа иргэдэд санал тавьж, боломжийн үнэ хөлсийг нь өгч яагаад болохгүй гэж. Цахим хуудсаар ийм ажил зохион байгуулбал явах гэсэн залуус олон байна лээ. Шуурхай зохион байгуулах л шаардлага үгүйлэгдээд байгаа юм биш үү. Бид шөнийн 03.00 өнгөрч байх үед сумын төвийн зүг хөдөлсөн ч алба, хаагчид нутгийн иргэд зүүн зүгийг чиглэн явсан түймрийн тархцыг тогтоон барихаар машиндаа суун давхин одлоо.

Бид шөнийн 03.00 өнгөрч байх үед сумын төвийн зүг хөдөлсөн ч алба, хаагчид нутгийн иргэд зүүн зүгийг чиглэн явсан түймрийн тархцыг тогтоон барихаар машиндаа суун давхин одлоо.

Тухайн нутагт гарсан түймэр нутаг усандаа олон жил суурьшан байгаа өндөр настнууд, хэсэг хүмүүст хамаатай асуудал биш. Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Баян-Уул сумын цэлийх уудам тал нутаг Монгол хүн бүрийн нутаг. Тиймээс та ч бас хайрлаж, хамгаалах ёстой. Ой хээрийн түймрийг ихэнхи нь хүний хариуцлагагүй анхаарал болгоомжгүй үйлдлээс эхлэлтэй. Тамхиныхаа ишийг хаяад ой хөвч хосолсон нутгаа түймэрдэж, халуун хошуут малаа амьдаар нь "боодог" болгосоор байх уу. Монголчуудаа хариуцлагатай байж, эх орон, газар нутгаа хамгаалцгаая.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Баян-Уул сумын цэлийх уудам тал нутаг Монгол хүн бүрийн нутаг. Тиймээс та ч бас хайрлаж, хамгаалах ёстой.