m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 03:13
98
"Ухаалаг автобус" төслийн туршилтын ажил эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хамтарсан "Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл"-ийн туршилтийн ажил эхлэхэд бэлэн болжээ. Тухайлбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол, Солонгос улсын хамтарсан “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан. Уг төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем, Цахим тооцооны системийг нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл уг төслийн туршилтын ажил энэ сарын 23-ны өглөө 09.00 цагт Чингисийн талбайд эхлэх болсон талаар холбогдох албанаас мэдээлэв.

"Ухаалаг автобус" төслийн туршилтын ажил эхэлнэ

Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн ажиллагаа, системийн ажиллагааг туршиж байгаа бөгөөд үүний дараагаар ирэх долдугаар сарын эхээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дуусан иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байгаа аж. 

Тус төхөөрөмж нь Солонгос улсад суурилагдаж эхэлж байгаа цоо шинэ төхөөрөмж бөгөөд дэлхийн хоёрхон оронд хэрэглэж байгаагаараа давуу талтай юм байна. Жолоочийн удирдлагын төхөөрөмж, хоёр төрлийн карт уншигчийг суурилуулах юм. Өөрөөр хэлбэл, автобусны урд талын хаалгаар орж ирээд картаа уншуулж төлбөрөө төлөөд, арын хаалгаар буухдаа мөн адил уншуулах аж. Дээрээс нь төлбөрийн баримтаа авахыг хүсвэл баримтаа хэвлэгч машинаар хэвлүүлж авч болно. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэг автобусанд гурван хяналтын камерыг байрлуулж өгсөн байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

-“Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн салбарт ямар ахиц дэвшил гарах вэ?

-Энэхүү системийг нийтийн тээврийн салбарт оруулж ирснээр нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зорилготой юм. Тодруулбал, тухайн чиглэлд үйлчилж буй автобусанд тогтоосон цагийн хуваарь, ажлын хүртээмжийг хянах боломжтой болно. Нөгөө талаас тухайн чиглэлийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарийг иргэд буудал дээрээс хараад мэдэж авах боломжтой. Мөн автобусны төлбөр төлөхөд иргэд, автобусны кондукторын хооронд үл ойлголцох байдал, харилцааны асуудал гардаг байсан бол энэхүү цахим төлбөрийн системийг бий болгосноор дээрх асуудлууд шийдэгдэнэ гэсэн үг юм.

-Кондукторууд давхар шалгаж явах уу?

-Билет таслагч буюу кондукторууд хяналтын ажилтан болж үргэлжлүүлэн ажиллах болно. 

-Одоогийн байдлаар нийт хэчнээн төгрөгийг төсөвлөөд байгаа вэ?

-Төсөлд нийтдээ 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнийг Солонгос улсын “Korea smart card” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хийж байна.

-Туршилтын ажил хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Туршилтын ажил маргааш буюу энэ сарын 23-наас эхлэн ирэх сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ. Харин ирэх долдугаар сарын 01-нээс иргэдэд үйлчилж эхэлнэ. Мөн тухайн иргэн өөрийн хэрэгцээнд тулгуурлаж картаа цэнэглэх боломжтой.