m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 04:20
62
Л.Эрхэмбаяр:С.Чинзоригийг огцруулах асуудлыг хөндөнө

Ардчилсан нам УИХ-д суудалтай намуудтай Засгийн газрыг хамтран байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус намаас бусад улс төрийн намуудын талаар байр сууриа илэрхийлээгүй юм. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр МАН-аас сонгогдсон Засгийн газрын гишүүд төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар мэдээллээ. Түүний мэдээлж буйгаар Хөдөлмөрийн , Барилга хот байгуулалтын, Зам тээврийн , Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайд нар хуулийн дагуу үүрэгт ажлаа хийж байсан төрийн албан хаагчдад зургаан сарын тэтгэмж хүчээр өгч, ажлаас нь халсан аж. Улмаар орны хүмүүсийг нь томилж төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж байгааг онцоллоо. Нийт 500 гаруй Төрийн албан хаагчдыг халжээ.

500 гаруй Төрийн албан хаагчдыг халжээ

Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нийт ажилчдынхаа 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам нийт удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь сольжээ. Түүнчлэн 21 аймаг есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг халсан байна. Тиймээс олон тооны Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож халагдсан албан хаагчдыг ажилд нь эргүүлэн томилсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалт явуулахыг  шаардаж байгаа аж.  Хэрэв тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол С.Чинзоригийг огцруулах асуудлыг  УИХ-ын гишүүдээрээ дамжуулан оруулж ирнэ гэлээ. Түүнчлэн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батболдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь Шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.  Тиймээс н.Батболдыг ажилд нь эргүүлэн томилж, Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаа аж.   

Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол С.Чинзоригийг огцруулах асуудлыг  УИХ-ын гишүүдээрээ дамжуулан оруулж ирнэ

Энэ үеэр Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Ардчилсан нам фракцгүй болсноор улс орны хэмжээнд ямар үр гарах вэ?

- Өмнө нь Ардчилсан нам фракцын зарчмаар албан тушаалд томилдог байсныг нуухгүй. Өмнөх Засгийн газарт байсан алдаа юм. Харин цаашид АН боловсон хүчнээ сонгохдоо хэн аль фракцид байна гэхээсээ илүүгээр хэн чадвартай мэдлэгтэй, улс төрийн ажлыг хийж чадах вэ гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоонд шилжинэ. Энэ нь манай намын мянган мянган гишүүдийн хүсэлт.

- Үндэслэлгүйгээр халагдсан ажилтнуудаас хэд нь Ардчилсан намын гишүүн бэ?

- Үндэслэлгүйгээр халагдсан төрийн албан хаагчдыг аль нам байсан бэ гэдэгт анхаарлаа хандуулаагүй.  Харин аль нэг улс төрийн хүчинд автаж төрийн албан хаагчдыг хоморголон халдаг явдлыг энэ цагаас эхлэн таслан зогсоох ёстой. Мэдээж үүнийг АН манлайлах шаардлагатай.

- Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдах вэ?

-Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэх шаардлагатай яаралтай асуудал гарсан цагт хуралдана. Улс төрийн намуудын тухай хууль батлагдсаны дараа их хурлаа хийнэ. Энэ үеэр Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах төлөвлөгөөтэй байна.

-Я.Батсуурь намын нөхөддөө хандаж захидал илгээсэн. Түүний бичсэн захидалд ямар хариулт хэлэх вэ?

-Я.Батсуурь намынхаа гишүүдэд хандсан. Энэ асуудлаар бид албан ёсоор байр сууриа удахгүй илэрхийлнэ.