m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 06:45
109
Ч. Рэгзэдмаа: Амьдрал гэдэг төгсөхгүй их сургууль байдаг

Ах нь сургаж дүү нь сонсдог ардын уламжлал алдагдахвий гэсэндээ өөрийн сурч мэдснээ хойч үедээ хэлж сургаж үлдээх гэсэн хүсэл, зүтгэл дүүрэн нийслэлийн Багануур дүүргийн 4-р хорооны өндөр настан Ч.Рэгзэдмаа гуайг зорин очиж хэдэн хором сургаалыг нь сонссоноо уншигч та бүхэндээ хүргэе.

- Та залуу хойч үедээ сургамжтай сайхан үг олныг хэлдэг юм билээ. Та аль нутгийн хүн билээ. Нас сүүдэр хэд хүрч байна?

-Миний гарал үүсэл Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн хүн. 80 хүрч яваа ахмад хүний хувьд өсвөр насны залуучууддаа сургаалтай байхаар хэдэн үг хэлмээр санагддаг юм. Залуучууд маань миний үгнээс сэтгэл бодолдоо нэмж авахаар юм байвал тогтоож аваасай. Одоо үед залуучууд сайхан боловсролтой, янз бүрийн юмыг үзэж уншаад өргөн мэдлэгтэй болж л дээ. Гэхдээ бас ахмад үеийнхнийхээ үгийг сонсож, өв уламжлалаа сурч мэдэж, өвлөн авдаг байгаасай. Хамгийн гол нь Монголын сайхан ёс заншлаа мартахгүй, эх орноо гэсэн тийм сэтгэлгээг оюун бодолдоо суулгаж өгөөсэй, өвөг дээдсээс уламжлан ирсэн сайхан уламжлал, соёл маань хаа нэг газар тасрах вий, мартагдахвий гэсэндээ залуусдаа хэдэн үг хэлэхийг хүсэж явдаг юм.  Заримдаа ч хүүхэд залуус маань эцэг эх, ахмад хүмүүсийг хүндлэх, тэдгээрийн үгийг сонсож суралцах тал дээр сэтгэлд хүрэхгүй байна уу даа гэх бодол төрнө. Хэдийгээр өнөөдрийн залууст мэдлэг мэдээлэл авах эх сурвалж мундахгүй олон, үзэх унших боломж нь илүү болсон ч амьдрал гэдэг төгсөхгүй их сургууль байдаг учир ахмад үеээ хүндлэн, ахмадынхаа үгийг сонсох нь ухаан мэдлэгээ тэлэхэд нь нэмэртэй л байх болов уу. Бидний үеийнхэн ч бас залуу насандаа ахмад үеэсээ суралцаж, тэднийхээ хэлсэн сургасан сургаалиас авч амьдралынхаа өдөр тутмын зам мөрд хэвшүүлж, өөр бусадтайгаа төлөв сайхан харилцах, ажлыг итгэл сэтгэлээрээ хийх зэргээр явж өдий хүрсэн байдаг. Намайг ч бас хамт олон маань амьдралд зөв төлөвшүүлж, ажилд сургаж өгсөн гэж бодож Драмын театрын хамт олондоо, тэр сайхан жүжигчиддээ баярлаж л явдаг хүн дээ.

 Амьдрал гэдэг төгсөхгүй их сургууль байдаг учир ахмад үеээ хүндлэн, ахмадынхаа үгийг сонсох нь ухаан мэдлэгээ тэлэхэд нь нэмэртэй л байх болов уу. 

Хүүхдүүд, залуу хойч үедээ хандаж хэлэхэд “Хүн ахтай дээл захтай” гэдэг үг шиг л ахмадаа хүндлэнгээ тэдний үйл хөдлөл, үг яриан дундаас нь ухаж суралцаж яваарай гэж хэлмээр байна. Хэдийгээр мэргэжлээрээ сүрхий мундаг ажилладаг байлаа ч аливаа зүйлд хүний мөн чанар, итгэл сэтгэлийг гаргаж байх нь их чухал зүйл байдаг юм шүү. Хэлж байгаа үгээ хүртэл бодож цэгнэж хэлж байгаасай. Бидний хэлсэн буруу муу үгэнд эргэн тойрныхон маань гомдохвий гэж бодож байгаарай даа. Аливаа зүйлийг сайн сайхнаар бодож, эерэг сэтгэлээр хүлээж авах гэж хичээж байгаарай. Их догшин ширүүн зан авиртай хүнтэй харьцаж байлаа ч аль болох тэрний эсрэг биш эерэг сэтгэлээр хандаж энэ маань яагаад ингэж авирлаж байна вэ дээ, сайн хүн болоосой, энэ хүний маань сэтгэл оюун тайван амгалан болоосой гэж бодож байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ ингэлээ дээ гээд муугаар бодох, муугаар ярих, эсэргүүцэх байдлыг хэзээ ч ямар ч хүн бодолдоо тээж болохгүй л гэж би боддог. Үүнийг хүүхдүүд минь бас анхаараарай. Хамгийн гол нь аливаа юмыг сайн сайхан, амгалан тайван байлгахад л сэтгэл оюунаа зориулж байвал бүх юм сайхан байх болно гэж л боддог доо.

-Таныг өнгөрсөн сар шинийн баярын бэлгэндээ өөрийнхөө эмхэтгэж бичсэн номыг хүмүүст бэлэглэсэн гэж сонссон. Бэлэг бэлгийн дээд нь ном гэдэг. Тэгэхээр энэ сайхан бэлэгний санаа таньд хэрхэн төрөв. Энэ ном маань ямар учиртай ном юм бол?

-Миний хувьд хүмүүс маань өөр бусадтайгаа зөв сайхан харьцаасай, цагаан сарын шинэлгээний ёсоо ядаж зөв мэддэг, зөв сайхан шинэлдэг байгаасай, эрүүл мэндээ анхаарч, үр хүүхдээ хүнлэг хүн болгож хүмүүжүүлээсэй гэсэндээ бяцхан гарын авлага бэлтгэж хэвлүүлж гаргасан юм. Цөөхөн хэдэн ширхэг гаргасан энэ номыг маань уншсан хүмүүс нь цааш нь бусдадаа хуваалцаж түгээж байгаасай гэж хүсэж явдаг даа.  Ингээд гаргасан бяцхан номоо өнгөрсөн хоёр жилийн сар шинийн баяраар ирж золгосон хүүхэд залуусдаа бэлэглэж, дурсгаж өгч байлаа. Уг нь бол ийм жижигхэн номоо олон хэвлээд олон түмэндээ тараая гэж бодсон боловч настан миний боломж бололцоо нь их биш юм л даа.  Ямар ч байсан тараасан цөөхөн хэдэн номыг маань уншсан залуус тодорхой зүйлийг сурч сэтгэл оюундаа суулгаж авсан бол боллоо доо. Ахмад үеэсээ сурсан, амьдралын туршид олж мэдсэн зүйлээ хойч үедээ дамжуулан өгөх гэж, өвлүүлэх гэж зориуд цагаан сарын баярыг сонгож бэлэглэсэн юм. Цагаан сарын баяр маань монголчуудын хамгийн хүндэтгэлтэй баяр шүү дээ. Хүнд бэлэг өгөхөд хамгийн үнэтэй, хүндтэй юм юу байдаг вэ гэхээр хүний сэтгэл, итгэл байдаг гэж л би боддог юм. Ийм учраас л сэтгэлээ гаргаж эмхэтгэж хийсэн бэлэг маань энэ байгаа юм. Хүмүүст хэрэг болохоор юм хийж шүү гэх сэтгэл надад төрөх юм бол дараа жил арай ч баяжуулаад эмхэтгээд гаргах санаа бол байгаа.

-Та Монгол ёс заншлаа мартахгүй байхыг ихэд чухалчиллаа. Энэ маань бас олон талтай байх л даа. Хэдийгээр өнөөгийн залуус бид зарим талаараа сурч өвөлж авч байгаа ч бас орхигдуулсан зүйл олон л байгаа болов уу?

-Тийм ээ. Хамгийн гол зүйл нь Монгол ёс заншлаа мартахгүй гээхгүй байх нь чухал байгаа юм. Үүний үндэс суурь нь эргээд л хүн нь байгалиа хайрлах, хамгаалах, түүнийхээ хэрээр эргээд л бидний амьдрал төдийчинээ сайхан дэлгэрч дэвжиж явах учиртай юм. Хүн байгалийн уялдаа холбоо гэж агуу зүйл байдаг юм шүү дээ. Бидний амьдрал энэ л байгаль дотор ургаж, үргэлжилж явдаг юм. Тийм болохоор байгалийнхаа нэг мод, ургамал, ганц чулууг ч гэсэн хайрлаж хамгаалж яваач ээ гэж залуучуудаасаа хүсэх байна. Байгаль дээрх юм бүхэн бидний л адил өсөж ургаж байдаг амьтай зүйлс байдаг. Бид мэдэхгүй л болохоос бидний буруу муу үйлдлээс болж байгаль маань хүртэл гундаж байдаг юм шүү хүүхдүүд минь. Хүмүүсийн буруу үйлдэлд байгаль бас эргээд хариу бариад байна уу даа. Сүүлийн үед болоод байгаа салхи шуурга, элдэв байгалийн гамшгийг байгалиа хүндэлж, байгальтайгаа зөв сайхан харьцахгүй байснаас болоод байгаль дэлхий хүртэл уурлаж, догширдог болов уу гэж л би бодож эмзэглэж явдаг юм. Дээр үед харьцангуй бид чинь байгальтайгаа их харьцдаг байлаа шүү дээ. Ургаж байгаа ургамал цэцгийг хүртэл гишгэдэггүй, дээр үеийн настангууд ч бидэнд байгаль гэдэг амьтай байдаг гэж сургаж ирсэн байлаа.

Бидний амьдрал энэ л байгаль дотор ургаж, үргэлжилж явдаг юм. Тийм болохоор байгалийнхаа нэг мод, ургамал, ганц чулууг ч гэсэн хайрлаж хамгаалж яваач ээ гэж залуучуудаасаа хүсэх байна.

-Тэгэхээр таны залуу үетэй харьцуулахад одоогийн залуу үеийн ялгаа гэмээр ажиглагдсан зүйл юу бол?

70 орчим жилийн өмнөх бидний залуу үеийг эргээд бодохоор их л тайван амгалан, их дэг журамтай байсан санагддаг. Захиргаадалтын үе, энэ чинь захиргаадаж байна гэсэн ойлголт гаргаж тухайн үеийн дэг журмыг өөрчилсөн нь  үндсэндээ буруу задаргаа байсан ч юм болов уу гэж боддог. Бидний үеийн залуусыг одоогийн үеийн залуустай харьцуулахад байгаль дэлхийдээ ч, хүн зондоо ч хандаж байгаа хандлага харилцаа их л өөр байлаа. Орчин үед сайн сайхан юм нь их байгаа боловч зан харилцааны хувьд илүү л ширүүн дориун болоод байх шиг санагддаг. Хүүхдүүд минь аливаа зүйлд сайхан уужуу хандаж байгаачээ, хүнд дургүйцсэн ч гэсэн тэрний эсрэг юм битгий бодож байгаач гэж хэлмээр байна. Юмыг дандаа зөвөөр зөөллөж байх ёстой байдаг юм шүү дээ. “ Харыг цагаанаар, Хатууг зөөлнөөр” гэж ардын маань сайхан зүйл үр байдаг. Энэ бол их л үнэн үг. Хатуу юмны өөдөөс эсэргүүцэж, ширүүлхэж болохгүй, аль болох зөөлөн эерэгээр засах ёстой гэж боддог юм. Хар буруу юмыг ч цагаан цайлган сэтгэлээр засаж байх ёстой. Энэ болгоныг хүүхэд залуучууд маань дотроо дүгнэж тунгааж үзээрэй.

Хүүхдүүд минь аливаа зүйлд сайхан уужуу хандаж байгаачээ, аливаа юмыг дандаа зөвөөр зөөллөж байх ёстой байдаг юм шүү дээ. 

-Таны сургаалыг сонсохнээ хүн аль болох бага залуугаасаа зөв хүмүүжил олох нь зүйтэй гэсэн санаа хэлж байна. Эцэг эх тэгэхээр хүүхдээ бүр багаас нь зөв сайхан хүмүүжүүлдэг, өөрсдөө зөв үлгэрлэдэг байх хэрэгтэй юм аа даа?

-Тийм ээ. Багаас нь зөв хүмүүжил суулгаж өгсөн хүүхэд том болсон хойноо олонд тустай зөв хүн болно. Нялх хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хүртэл хүүхдийн дэргэд хүн муу хэлэхгүй байх, багшийг нь ч юмуу найз нөхдийгөө ямар нэгэн байдлаар буруугаар хэлэхгүй байх чухал юм шүү. Тэгэхгүй бол хүүхэд маань багшийгаа, болон тэр хүмүүсийг хүндлэхээ байж, зөв хүмүүжих ёс дэг жаягт нь доголдол орчихвий гэж болгоомжилж байгаарай. Хүүхдүүддээ аливаа юмыг сайн сайхнаар ойлгуулж, сайхнаар төсөөлүүлж, сайхан бодолтой, сайхан сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь туслах юм шүү дээ. Үр хүүхэддээ ийм л сайхан хандлага тавьж өгч хүмүүжүүлж байвал эргээд эцэг эхдээ ч эргэн тойрондоо ч элбэрэлтэй сайхан байх юм шүү дээ. Хүүхдээ хүн хайрлалгүй л яахав, өмөөрөлгүй л яахав. Гэхдээ ахмад хүн үг хэлж байхад, багш нь сургаж байхад өмөөрч хүний үг сонсохгүй байж болохгүй л дээ. Энэ бүхнийг би хувьдаа ахмад үеэсээ, хамт олноосоо сурч үүгээрээ ч хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Миний хүүхдүүд бүгд л сургууль соёлоор хүмүүжиж, сайхан ажил төрөлтэй сайхан амьдарч яваагийн учир нь амьдралын анхны их сургуульд зөв хүмүүжил суулгаж өгсөн гэж л боддог. Хүнийг дэмждэг, хүнийг урамшуулдаг, хүний төлөө гэх сайхан сэтгэл, мөн чанар чинь амьдралд зөв хүмүүжих хүмүүжлийн жигүүр нь болдог гэж л боддог.

Хүнийг дэмждэг, хүнийг урамшуулдаг, хүний төлөө гэх сайхан сэтгэл, мөн чанар чинь амьдралд зөв хүмүүжих хүмүүжлийн жигүүр нь болдог.

-Та бас эрүүл зөв хооллох талаар ойр тойрны залуусдаа захиж сургаж ирсэн байдаг. Энэ талаараа жаахан тодруулбал?

Орчин үед хүнс хоолны тал дээр бас их итгэл найдвар муутай болж уу гэж бодогдох юм. Хүмүүсийн зарим нь бас их муухай сэтгэлтэй болж л байна л даа. Муудсан, хугацаа нь дууссан хүнс хоолыг хүртэл хаяг, шошгыг нь өөрчлөн худалдах зэрэг муухай үйлдэл хийлээ гэж олонтаа сонсогдох болжээ. Хэрэв ийм юм хийдэг бол энэ ёстой болохгүй юм шүү. Хүнсний асуудал гэдэг бол хэн хүнд хортой нөлөөтэй асуудал гэж би боддог. Хүнс хоол бэлтгэдэг хүмүүс бол өөрөө идэх гэж байгаа юм шиг л тийм сэтгэлээр хандаж бэлтгэж байх ёстой юм шүү дээ.

-Залуусдаа хандаж сайхан сургаал хэлсэн таньд баярлалаа. Урт удаан наслаж залуус бидэндээ олон сайхан зүйлийг зааж сургаж яваарай.