m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:19
45
Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо

ХХАА-н дэд сайд Б.Батзориг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайдаар  ахлуулсан  ажлын  хэсэг  энэ өдрүүдэд  БНХАУ-ын Бээжин  хотноо бэлчээрийн  органик  монгол  малын  махыг  урд  хөршид эргэлтэд оруулахаар ажиллаж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин  Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ  Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа  ашиглан үхэр,  хонины махаа боловсруулан нэмүү өртөг шингээн   Хятад  улсад  экспортлоход    дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан .

Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах,  дан  ганц уул уурхайгаас хараат бус солонгорсон эдийн засгийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох боломж бүхий  энэхүү саналыг  манай тал   баяртайгаар  хүлээн авсан юм.  Энэ  дагуу  хоёр улсын Ерөнхийлөгчийн  тохиролцоо болон хамтын  ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан асуудлыг ажил хэрэг болгохоор яам хоорондын ажлын хэсэг байгуулан тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

Малын  тоо толгой ихээхэн өсч энэ жил 51,2 саяд хүрсэн бол   ирэх жил 70 сая толгойд хүрэх тооцоолол байна

 Сүүлийн жилүүдэд манай улсад  малын  тоо толгой ихээхэн өсч энэ жил 51,2 саяд хүрсэн бол   ирэх жил 70 сая толгойд хүрэх тооцоолол байна. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр эргэн нөхөгддөг энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаа юм. Бод малын нөөц  багатай  манай улсын  хувьд,  хонины  махыг  хүнсэндээ  ихээр хэрэглэх болсон Хятад улс  туйлын  таатай  зах  зээлийн орчин  юм. Манай тал  энэхүү  асуудалд  ихээхэн ач холбогдол өгч,  Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг  татваргүй , хэмжээ харгалзахгүй экспортлоход тулгарч болох бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлэхээр ажиллаж байгаа  юм. Энэ хүрээнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор сонгогдсон компаниуддаа бизнесийн таатай эрсдэлгүй орчин бүрдүүлж өгөх бүхий л боломжийг эрж хайж байна.

Монгол  Улсын  тодорхой  бүс  нутгийг  шүлхий   гэх  мэт  малын  халдварт өвчнөөс  эрүүлжүүлж,   худалдааны  чөлөөт   байдлыг  хангана

 БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд  дэд сайд Б.Батзориг Бүх Хятадын Малын ерөнхий эмч,  ДМАЭМБ-ын Ази, Номхон   далайн бүсийн Ерөнхийлөгч ноён Жан Жунцютой  уулзаж, хоёр  орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид  хамтын   ажиллагааг  өргөжүүлэхэд  хил  дамжин  халдварладаг  малын халдварт өвчинтэй  хамтран тэмцэх,  урьдчилан  сэргийлэх  талаар  хамтран  ажиллах  механизм   мөн Монгол  Улсын  тодорхой  бүс  нутгийг  шүлхий   гэх  мэт  малын  халдварт өвчнөөс  эрүүлжүүлж,   худалдааны  чөлөөт   байдлыг  хангах  талаар  хамтран  ажиллах  боломжтойг  хоёр тал  онцлон тэмдэглэлээ.