m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:59
70
Ойн талаар баримтлах бодлогын анхны хэлэлцүүлгийг хийв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын гол зорилго оршиж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн шатанд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс, бодлогын баримт бичгийг баталснаар ямар ахиц гарах, хаягдал модны хэмжээ, хязгаарыг тогтоохдоо бүс нутгийг харгалзан үзэж уян хатан тогтоох боломжтой эсэх, гаднаас орж ирж байгаа түймрийн хохирлын талаар авах арга хэмжээнд ямар зохицуулалт хийж байгаа талаар ажлын хэсгээс тодруулж, ой хамгаалах болон байгаль орчныг хамгаалах бодлогыг уул уурхайтай холбох, модны хулгайчдыг шууд хорих, торгох, машиныг нь хураах бус хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар мянгаас хоёр мянган мод суулгуулж байх зэрэг санал хэлж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгө хэрэгтэй гэв.