m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 15:02
164
16 дугаар байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэж, цагдаагийн хамгаалалтанд авлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Ачлал" их дэлгүүрийн арын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна гэсэн мэдээллийн мөрөөр хэргийн газар очлоо. Тус байрны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор нэг ч оршин суугч байхгүй талаар Баянгол дүүргийн цагдаагийн  I хэлтсийн ажилтнууд хэлэв. 16 дугаар байрны зүүн талд барилга барихаар хөрсийг гүн ухсанаас хазайлт өгчээ. Тус байр 1980 онд ашиглалтад орсон бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр 48 айлын 200 гаруй оршин суугч амьдардаг юм байна. Нөхцөл байдлыг оршин суугчдаас асуулаа.

2015.04.22-ны 22.40 цагт байдал ийм байлаа

Иргэн Н.Халиун (Тус байрны оршин суугч)

"Манайх энэ байранд амьдраад олон жил болж байна. Гэтэл эргэн тойрны газрыг нь эрх мэдэлтнүүд булаасаар өнөөдөр ямар байдалтай болсны та бүхэн мэддэг байх. Энд өмнө нь гарааш байсан юм. Гэтэл барилгын компани аваад 16 давхар барилга барих болсон гэсэн. Бид эсэргүүцээд дийлээгүй. Бас нэг эрх мэдэлтнийх л юм билээ. 

Өчигдөр орой (IV сарын 22-ны 03.20 цагийн үед) гэнэт унтаж байхад шажигнаад дуугарсан. Юу болсныг мэдээгүй. Харин аав маань би гулгаад зүүн хойшоо гудас гүйгээд байх юм гэж хэлсэн. Тухайн үедээ анзаарсангүй.  Эндээс үзэхэд зүүн тийшээ хазайлт үүссэн бололтой" гэв.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хэргийн газар ирсэн байв. Чухам юу болсон, барилга барих зөвшөөрлийг хэн, хаанаас өгсөн талаар тодрууллаа.

-Иргэд өнөө орой нурах нь гэсэн мэдээлэл өгч байна. Энэ үнэн үү?

-Одоогоор нурахгүй ч бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Онцгой комисс хуралдан иргэдээ нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан.

-Энэ барилга ямар компанийнх юм бэ?

-Энэ барилгыг "BJB" компани 16 давхар барихаар зөвшөөрөл авсан.

-Хэн ийм газар зөвшөөрөл олгосон юм бол. Барилга эхлэх зөвшөөрлийг яам олгосон уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжтай юм билээ. Барилга хот байгуулалтын яамнаас барилга эхлэх зөвшөөрөл олгосон байсан.

-Иргэдийг нүүлгэн шилжүүлэх зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүрэг болон оршин суугчид хамтраад хэрхэн шийдэх талаар ярилцсан.Нөөц хөрөнгөнөөс энэ ажилд зарцуулаад дараа нь гэм буруутай компаниас мөнгийг нь гаргуулах болно.

-Оршин суугчид өмнө нь эсэргүүцэж байсан гэсэн. Танд ямар нэгэн гомдол ирүүлж байв уу?

-Хууль бус гэдгийг холбогдох газарт тавьсан ч асуудлыг шийдэхгүй өнөөдрийг хүрсэн. Барилга хот байгуулалтын яамнаас барилга эхлэх зөвшөөрөл олгосон юм билээ. Бид эсэргүцэж албан тоот илгээсэн. Ер нь энэ барилгын бүх зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ гаргасан. Нийслэлийн онцгой комисс ч энэ асуудлыг ярьсан.

-Хэдэн метр гүн ухсан юм бол?

-Суурийг хэдэн метр ухсан талаар мэдээлэл алга. Мэргэжлийн байгууллага маргааш дүгнэлтээ гаргах байх.

Тус байрны гадаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл ирсэн байв. Тэрбээр "Мэдээлэл ирсэн даруй хуралдаад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ барилга 16 давхар орон сууц гэж зураг төсөл нь гарсан юм билээ. Тэгэхээр яамнаас зөвшөөрөл олгосон. Мөн хотын захиргаанаас зарим нэг зөвшөөрлөө авсан" гэв.

Эрх мэдэлтнүүдийн хууль бус шийдвэр 200 гаруй хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна. Барилгын суурь ухсан хэсгийн хоёр талд ес, 12 давхар орон сууц бий. Олон хүний амь амьдралыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүдэд ямар  хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна.