m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 02:48
158
“Ухаалаг автобус” төслийн туршилтын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хамтарсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн туршилтын ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү туршилтын ажил нь ирэх сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараагаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дуусах аж. Мөн эхний ээлжинд бэлэн мөнгөөр давхар үйлчлэх юм байна. Энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн ахлагч Ц.Батхүүгээс тодрууллаа.

-Төхөөрөмж хэрхэн ажиллах вэ?

-Зорчигч хоёр төрлийн карт уншигчийг ашиглана.  Автобусны урд хаалгаар орж ирээд картаа уншуулж төлбөрөө төлөөд, арын хаалгаар буухдаа мөн адил уншуулна.

-Энэхүү төхөөрөмж нь нийтийн тээвэрт суурилагдасны дараа  ирэх есдүгээр сараас Сөүл хотын нийтийн тээвэрт суурилагдах цоо шинэ тоног төхөөрөмж юм. Бид өдөрт хэчнээн хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ гэдэг бодитой мэдээллийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд гаргаж чадаагүй. Харин энэхүү “Ухаалаг автобус” төсөл нь нийтийн тээврийн салбарт хийж буй шинэчлэлийн хамгийн эхний ажил юм.

-Иргэд хэдэн төрлийн картыг ашиглаж болох вэ?

-Ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн, оюутны, энгийн гэсэн нийт таван төрлийн картыг худалдаанд гаргана. Тус картыг худалдах, цэнэглэх цэгүүдийг автобусны буудлуудын ойролцоо 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байгуулна. Зорчигчид цахим картаа нэг удаа худалдан авч цаашид өөрийн хүссэн хэмжээгээр 1000-100 мянган хүртэлх төгрөгөөр цэнэглэж болох юм.

-Картыг хэдэн төгрөгөөр худалдаалах вэ?

-Картны үнийг тогтоогоогүй байгаа. Үүнийг Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай зөвлөлдөж  тогтооно.

“Ухаалаг автобус” төслийн туршилтын ажил эхэллээ

-Автобусны орлогод нөлөөлөх болов уу?

-Нөлөөлөхгүй. Харин ч автобусны орлого, нийтийн тээврийн урсгал зардал олон нийтэд ил тод болох юм. Хүссэн хүн бүр тухайн компанийн жилийн орлогыг программаас татаад харж болно. Мөн оюутнуудын хэдэн хувь нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ гэдгийг ч мэдэх боломжтой юм.

-Хэрэв картаа хаяж үрэгдүүлбэл дахин мөнгө төлж авах уу?

-Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд картынхаа дугаарыг хаалгаад дахин шинээр авахдаа мөнгө төлөхгүй. Мөн эхнэр нөхөр хоёр дундаа нэг картыг ашиглаж болно. Эхний хүн уншуулаад хэсэг хормын дараа дахин уншуулах боломжтой.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Очиржав

-Ахмад настан, хүүхэд, оюутнууд зэргийг танихаас гадна нийтийн тээврийн салбарыг илүү соёлжуулах ажил гэж бодож байна. Энэ нь хүн бүрт эрх тэгш үйлчлэх байх гэж найдаж байна.