m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:40
42
Тавантолгойн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Тавантолгойн гэрээний төслийн талаар зөвшилцөлд хүрсэн талаар бид өмнө нь мэдээллсэн билээ.

Харин дөнгөж сая Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын даргад Тавантолгойн төсөл буюу  “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.

УИХ-аас  2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Тавантолгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх”-ээр тусгажээ.

Мөн чиглэлийн 1.6-д “Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, УУИХ-ын 2014 оны долоодугаар сарын нэгний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна.

Тэрбээр энэ талаараа  “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн мэдлүүлээ. Өнгөрсөн өдрүүдэд жаахан үйл ойлголцол үүсч, эргэлзэж байсан асуудлууд гарсан. Ямар нэгэн хууль, тогтоолын төсөл өргөн барьхаас өмнө УИХ-ын Тамгын газар хянаж шалгадаг. Хуулийн дагуу 72 цагийн дотор хянаж шалгаад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зургаан төрлийн асуудал байна. Таван төрлийн материал нэмж өгч, нэгийг нь илүү ойлгомжтой болгож өгөөч гэсэн хүсэлт өнгөрсөн даваа гаригт Засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингээд материал бүрдсэн учраас өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс гадна хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой  эрх, тооцооллын томъёо, Ухаа худаг, Гашуунсухайтын төмөр замын концессын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төсөв санхүүгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирсэн саналуудыг, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолуудыг нэмж өргөн мэдүүлсэн. Ирэх долоо хоногоос байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсон” гэв.