m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:02
95
Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 52.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төрөөс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих талаар бодлогын нэг хэлбэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” гэсэн заалт бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор тус хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага тулгарч байгаа аж.

Гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрчим хүч, төмөр замын салбарынхаа өрийг Засгийн газрын өр биш болгочихоод, дахиад өр зээл тавих гэж байна уу, Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй гэж байсан. Яагаад одоо нэмэх гээд байна вэ, өрөө нэмэхгүй гэж тохирч эвсчихээд одоо яагаад ийм тойруу аргаар нэмэх ажил хийгээд байгаа юм бэ зэрэг асуултыг Ерөнхий сайд болон Сангийн сайд, ажлын хэсэгт тавьж, тодруулга авсан юм.

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад, энэ хуулийн нэмэлтийг баталлаа гээд Засгийн газар дураараа өр тавих эрх үүсэхгүй. Нэмж авах зээл болгон дээрээ, тодорхой төсөл хөтөлбөрүүд, ТЭЗҮ-тэй нь Улсын Их Хуралд оруулж ирж, шийдвэрлүүлнэ гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, бидний боловсруулсан энэхүү хуулийн нэмэлт бол хэн нэг сайд, аль нэг улс төрийн хүчний байр суурь биш юм. Улсын хэмжээний асуудал. Монгол Улсын зээл өнөөдөр нэг ч хоног алдалгүй төлөгдөж байгаа. Бүгдээрээ асуудлыг, хөгжлийг томоор харж явах цаг болжээ. Энэ төслийн нэмэлтээр үр ашигтай төслүүдийг, тодорхой санхүүжилтийг авах бололцоог нээж байгаа юм. Гишүүд буруу ойлголттой байх шиг байна. Төмөр зам, Эрчим хүчний салбарын хөгжлийн асуудал улсад хэрэгтэй юм бол Улсын Их Хурлаар хэлэлцээд, Засгийн газар баталгаа гаргаж өгснөөр томоохон төслүүдийг цааш явуулах зорилготой хуулийн нэмэлт юм хэмээн тайлбарласан.

Түүнчлэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат нэмэлт тодруулгадаа, үр ашигтай, томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байгаа. Түүнээс бус "Чингис бонд" шиг шууд өр тавих гэж байгаа асуудал биш. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 44 хувьтай буюу нэрлэсэн үнээрээ 13 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэх хүрээнд 36 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Засгийн газар өр тавихгүй, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх чиглэлээр ажиллаж байна. 460 тэрбум төгрөгийн 430 тэрбум төгрөгийг өмнөх жилийн алдагдлаас үүдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 9 их наяд, төлбөрийн тэнцлийн алдагдал 4 их наяд хүрч байна. Тийм учраас эдийн засгаа сэргээхэд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэлээ.

Ийнхүү гишүүдийн асуултын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн. Тухайлбал Ч.Улаан гишүүн, энэ төслийг дэмжихгүй байгааг хэлээд ЭЗ-ийн агуулга талаас нь авч үзвэл зөв ч хэлбэр талаасаа буруу байна. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр том төсөл хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал бий болоод байна, өрийн таазыг зохиомлоор нэг тоонд барьж болдоггүй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байгаа нь ажиглагдаж байгаад олзуурхаж байна хэмээв.

Д.Ганхуяг гишүүн, хуулийн төслийг дэмжиж байна. Сонгууль болоод дууссаны дараа холимог бүлэглэлийн асуудал гэж байх ёсгүй. Зээлийн асуудлыг зээлдэгч, зээлдүүлэгч хоёр л шийддэг. Хажуунаас нь хэн нэг хүн ороод тайлбар хийдэггүй. Төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа мөнгөн дүнг харахаар нэг тэрбум  ам.доллар л байна. Бид эдийн засгаа тэлж, төмөр замаа тавьж, цахилгаан станцаа баримаар байдаг. Үүнд улс суурьтай хандах ёстой. Төмөр замын хувьд хувийн хэвшил, концессийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Өнөөдөр ямар нэг зээлийн асуудал шийдэж өгөх гэж байгаа биш. Засгийн газрын зүгээс шаардлагатай тохиолдолд баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчныг гаргаж өгөх гэж байна. Бид зээлийн орчноо ч бодолцох хэрэгтэйг онцолсон.

Ингээд гишүүдийн хууль санаачлагчаас асуусан асуулт, ажлын хэсгийн хариулт, хэлэлцэж буй асуудлын талаарх санал, байр сууриа илэрхийлж үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.3 хувь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа үдийн завсарлагааны цаг болсон тул уг асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.