m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:09
227
Хүүхэд нь сургууль дээрээ юу идэж ууж буйд нь эцэг, эх нь анхаарах хэрэгтэй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим гишүүд болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургуулийн үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцав. Хамгийн түрүүнд Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн үдийн цай хөтөлбөртэй танилцлаа. Үдийн цай хөтөлбөр хэрэгжээд 10 жил өнгөрсөн ч одоо хүртэл стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа юм. Засгийн газраас үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан ч амьдрал дээр үдийн хоол болон хувирсан ажээ. Нийслэлийн төрийн болон төрийн бус 200 орчим сургууль таван хоногийн гурван өдөрт нь үдийн хоол өгдөг байна.

Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хувьд бага, ахлах анги нь тус тусдаа цайны газартай. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хоол идсэн аяга, таваг, халбагаа жижигхэн уутанд хийн гэртээ угааж цэвэрлэдэг байна. Нэг авууштай тал нь анги болгон гараа угаах угаалтууртай аж. Гэхдээ сурагчдын хувьд гэртээ очоод аяга тавагаа угаадаг гэх бөгөөд үүнд нь эцэг, эх нь анхаарах хэрэгтэйг албаны хүмүүс хэлж байв. Мөн аягаа угаадаг ч хийдэг уутыг нь үргэлж угаах хэрэгтэй сануулав.

Үдийн цай хөтөлбөр хэрэгжээд 10 жил өнгөрсөн ч одоо хүртэл стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа

Түүнчлэн Нэгдүгээр дунд сургуулийн дунд, ахлах ангийнхан үйлчлүүлдэг цайны газрын үйл ажиллагаатай танилцав. Биднийг ороход өглөө шарсан гэх, хиам талхтай өндөгийг зориулалтын бус гялгар уутаар хучсан байхаас гадна хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад зэргийг борлуулж байлаа. Түүнээс гадна цайны газарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ялангуяа хүүхэд үйлчлүүлдэг газар ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой. Гэтэл тус цайны газрын ажилтан үсээ малгайн дотроо бүрэн хийгээгүй, гартаа бөгж зүүсэн зэрэг нь ариун цэврийн нэн тэргүүний шаардлага хангаагүй ажиллаж байв.  

 Аягаа угаадаг ч хийдэг уутыг нь үргэлж угаах хэрэгтэй сануулав

Эцэг, эхчүүд хүүхдүүд нь сургуулийн орчинд ямар хоол хүнс хэрэглэж байгаад байнга хяналт тавьж байх ёстой. Гэтэл хүүхдүүд сургууль дээрээ хийжүүлсэн ундаа ууж, шүд хорхойтуулах наад захын зүйлс хэрэглэж байгааг анзаардаггүй.

Өнөөдөр сургуулиудын үдийн цай хөтөлбөртэй танилцсан албаны хүмүүс цаашид ямар бодлого чиглэл хэрэгтэй байгааг тогтоож, ямар стандартад өөрчлөлт оруулах хэрэгтэйг холбогдох байгууллагуудад уламжлах гэнэ. 

Эцэг, эхчүүд хүүхдүүд нь сургуулийн орчинд ямар хоол хүнс хэрэглэж байгаад байнга хяналт тавьж байх ёстой