m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:30
188
Үл саатах их нүүдэл

Монголын спортын төв хэвлэл "Таван цагариг" сонины 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. "Спортын мэдээ", "Монголын спорт"-ыг залгамжлан гарч ирсэн тус сонины анхны дугаар 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд гарсан түүхтэй. Тус сониныг үүсгэн байгуулагчдын нэг, анхны эрхлэгч Содномдаржаагийн Батбаатарын бичсэн дурсамжийг толилуулъя.

"Таван цагариг" сонин маань 20 нас хүрч байна. 1995 онд анхны дугаараа гаргасан тэр цаг үе бол Монголын шинэ сэтгүүл зүйн гарааны жилүүд байлаа. "Үнэн", "Хөдөлмөр", "Залуучуудын үнэн", "Пионерийн үнэн" гэх мэт хуучин цагийн хэвшмэл сонины үе өндөрлөж, дараагийн үеийн навч нахиа соёолж байж дээ. Хууччуулын зарим нь буурин дээр хаягдсан шар эсгийн сэжүүр салхинд далбалзах төдий, нөгөө зарим нь дээл хувцсаа сольж, өнгө царайгаа гоодоод шинэ цаг руу сэртэндэх маягтай. "Ардын эрх", "Бодлын солбицол", "Ил товчоо", "Үг" гэх мэтийн аргагүй л айсуй цагтайгаа амь нэгтэй айлсан мэндэлсэн шинэчүүд рүү нийгмийн оюун санаа тэр аяараа хошуурч байв. 

Урьд цагийн хууччуудын дансанд "Спортын мэдээ" хэмээх спорт сонирхогчдын чөдрийн ганц морь үлдчихсэн байлаа. "Монголын спорт" хэмээн нэрээ сольсон ч гавьсангүй, ерөнхийдөө зэлээ эвхэж байсан цаг үе. Монголынхоо, бас дэлхийн спортын үйл явдал, уралдаан тэмцээний мэдээ сэлтийг эрдэнэ мэт санаж, сонссон дуулснаа бие биедээ мэдээлж, хаана л спортын арга хэмжээ болно, уяа шузган дээр нь бууж мордож явдаг спортын хорхойтнууд усгүй говьд ангамал тэмээ цээж дэвтээх чийгийн үнэр шинших мэт хөх сарьсны өнгө төрхөнд хувирчихаад байв. Гэтэл гэв гэнэтхэн "Таван цагариг" хэмээх сонин мэндэлсэн нь мөнөөхөн усгүй цөлд намираа бороо навтас хотос дүүргэн намилзах шиг сайхан мэдрэмж төрүүлсэн буй за.

Цагийн шаардлага, олны эрэлтийг хангаж чадсан ийм сонин бий болгох эрхэм санаа насан багын анд нөхөд, шинэ эриний тэргүүн жагсаалд өөр өөрийнхөө салбарт оч мэт бадарч, од лугаа гэрэлтэж явсан Шагдарын Отгонбилэг, Цэрэндоржийн Балдорж нарын хамтран ажиллаж, ханилан нөхөрлөж, бие биесийг түшин дэмжих эрмэлзэл дундаас төрсөн юм. Нэг нь Монголын спортын босс, нөгөөх нь Монголын сонины туг. Спортынхон хэвлэлээр цангаж байгааг, энэ гачланг арилгахад Балаас тусламж эрэх нь цорын ганц зам мөн гэдгийг ШО олж харсан хэрэг биз ээ. Бал ч спортын томоохон булчирхайтай, дундаас дээгүүр гарын фанат байсан тул "Таван цагариг"-ийг үрслүүлж, тордож, ургуулж, өсгөхөд нэг их хэцүү байгаагүй.

"ТЦ"-ийг үүсгэн санаачлагч нь энэ эрхэм хоёр хүн мөн гэдэг нь нэгэнт эргэлзээгүй үнэний адил тулсан баганыг нь түшиж, бадраасан галыг нь манах үүрэг Жүгдэрийн Отгонцагаан бид хоёрт ногдсон. Оюутан ахуй цагаасаа нөхөрлөж, "Советский спорт", "Футбол хоккей" сонин дамжуулан уншиж, их спортоор ихээ эртээс өвчилсөн бидэн хоёрт тийн өөрийн гэсэн сониныг өөрийн гараар бүтээх гайхмаар сайхан завшаан тохиосон нь чухам л хувь тавилангийн зол заяа гэмээр хэрэг байсан юм.

Одоо эргээд дурсахад Бал эрхлэгч, ШО ерөнхийлөгч хоёр дэлгэр сайхан наадмын асрыг дэнж сэрмүүн газарт босгоод барилдах бөх, уралдах морь, харвах харваачийг цуглуулж, үзэн баясах наадамчдаа урин залах их үйлсийн гараанд бидэн хоёрын захыг мушгин, засан тохинуулж өгчээ гэж бодогддог юм. Энэ дашрамд тухайн цаг үед МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Самдандоржийн Жамц гуайн тухай дурсахгүй бол алдас болно. Тэр манай сониныг, биднийг өөрийн төрүүлсэн хүүхэд мэт халуун дулаанаар хайрлан түшдэг байсан. Бидний орж нэвтэрч чадахгүй газар тэрбээр ногоон гэрэл асааж, олсон жаахан амжилтад маань урам ташуур өгч, бал дэвтэр мэтхэнээс эхлээд байгаа бүхнээрээ шагнаж, "манай хэд" хэмээн ямагт өөриймсөж, баяр ёслол болгонд хажуудаа суулгаж, унаа олдохгүй цагт жолооч минь болж, уралдаан тэмцээний томилолтод заавал суудал илүүчилж явдагсан. Хожим МҮОХ-ноос өөр газар ажиллаж байхдаа, өдгөө гавьяаны амралтандаа гарснаар хоорондын зай нэлээд холдсон ч "өнөө хэдийгээ" л сураглаж, "манай Батка", "манай Түвшээ", "манай Сугараа", "манай Цагаанаа" хэмээн уулзан учрагсдын богцонд биднийг чиглэсэн үг дайсаар яваа. 

"ТЦ" эхний дугаараа гаргаж, 70 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг сонин үртэсгүй шахуу борлож, үгүйлж сурагласан хүмүүс биднийг ээрч хоргоон, удалгүй нийтийн захиалгад орж, нэгэн жил хүрэхгүй хугацааны дараа гэхэд 14000 хувиар хэвлэгдэж байсан тэр сайхан цагийг өнөөгийн унших мэдэхийн галгүй, үнсээр дүүрсэн хонгио зуух мэт цаг үетэй харьцуулах юм бол бахархал баярын эрин гэмээр. Салбарын гэсэн тодотголтой жижиг сонин ингэж эхээс унахтайгаа зэрэгцэн хөл тэнцэх хулангийн унага мэт хурдалж эхэлсэн нь уяач, унаачдын эрмэлзэл зорилго яв цав нийцсэнийх байх. 

Өчигдөрхөн сониныхоо 20, 15 жилийн өмнөх дугаарыг эргүүлэн сууж байхад "Бид ч бас сайн сонин гаргаж байж шүү" гэсэн омойтол огшоод ирж байх юм. Сонин уншигчдадаа л зориулагдсан байдаг. Өөр хэнд ч биш. Энэ бол уншигч манай сониноос юуг нь унших вэ гэдгийг бодож л сонин хийнэ гэсэн үг. Бичсэн бүхнийг чинь биш юмаа гэхэд нэг сонины нийтлэл, мэдээллийн 70 хувийг хүмүүс гарцаагүй сонирхож уншина гэсэн итгэлтэйгээр сониноо хийж чадсан бол уншигч, сонин хоёрт хоёуланд таарах түлхүүрийг алгандаа атгалаа гэсэн үг билээ. Өнөөгийн монгол сонин ганц гайгүй нийтлэл, үсрээд л 2-3 боломжийн материал оруулчихаад сайн сонин гэсэн үнэлгээг өөртөө өгдөг болсон. Харин тэр цагт бидний хийсэн сонинд орхиод алгасчих материал бараг алга. Хорин жилийн дараа өнөөдөр уншихад хүртэл сонирхолтой хэвээрээ байгаа нь "Таван цагариг"-ийн өргөө гэрийн халуун голомтыг сахин сууж байсан сэтгүүлчдийн маань ур ухааны шим ундармал байсны шинж буюу.

Ой болох бүрийд, "ТЦ"-ийнхаа тухай дулаан дурсамж хөврүүлэх тоолонд тэднийгээ магтдаг, тэднээрээ бахархдаг. Одоо ч гэсэн энэ уламжлалаасаа хазайж чадахгүй нь. Яагаад гэвэл би энэ сонины 20 жилийн түүхийн 14 жилд нь Эрхлэгчээр ажилласан хүн. Олж онож, алдаж андуурч явсны аль аль нь л бий байх. Сониноо сонин шиг сонин болгохын төлөө байдгаараа чармайж, чармайлт маань бидэнд амжилт ялалтын шагнал болон ирж, "ТЦ"-ийг эрхэлж байгаагаараа бахархаж, баярлан хөөрч явсан цаг байхад, элдэв илүү дутуу ажилд чилж, саахалтын зайнаас төрсөн гэрээ саравчлах төдий, хааяахан бууж мордохоос хэтрэхгүй шахуу явсан үе ч бий. Гэхдээ сонин гэдэг том айл нэг хүнээр дутдаггүй. Хааяа тэгснээ ганцхан үгээр, өгүүлбэрээр дутдаг зовлон зэрэгцээд байж л байдаг хорвоо доо.

Эхний хэдэн сар ОТО бид хоёр сониныхоо ажилд бөөн дураар л зүтгэж явж. ОТО Олимпийн хороондоо, би "Ардын эрх"-д албаны даргын ажилтай. Сониноос цалин, нэмэгдэл гэж юу ч авдаггүй байв. Харин бичлэгийн шагнал гэж цөөхөн хэдэн төгрөг өгдөг нь хөөрсөн бидэнд юу л болдог байв гэж.

"АЭ"-ийн албатуудаас Ш.Батмөнх, Ж.Баяржаргал, Г.Бямбажал, Д.Дашмөнх, Н.Сэсээр, Б.Энхбат, С.Энхжаргал, С.Толя, С.Батбаяр, Н.Батдэлгэр нар бас л цалингүй, зөвхөн сэтгэлээрээ ажиллаж байв. Удалгүй би 40 хувийн нэмэгдэлтэй болж, анхны албан ёсны сурвалжлагчийн томилолт өвөрлөн МҮОХ-ноос Чойндонгийн Сүхбаатар маань ирж билээ. Цалингаа тэр МҮОХ-ноос авна. Ажлаа бол "ТЦ"-т хийнэ. Захиалга нэмэгдэж, цалингаа даачихтайгаа болсон үед "АЭ"-ээс А.Баасандоржийг урвуулж, биднээс өмнө "Таван цагариг" нэртэй сонин ганцаараа гаргаад "шатсан" Ц.Энхтүвшин хэмээх оюутан залуу бидэнтэй нэгдэж, араасаа М.Сугар-Эрдэнийг чирч авчирч, Намсангийн Пагма хэмээх баруун монгол бүсгүй бүл нэмж, МУИС-ийг улаан дипломтой төгссөн Б.Цагаанбаатар урилга заллагуудаас татгалзан зөвхөн манайхыг зорин саатаж, "АЭ"-ээс С.Энхжаргал гэдэг аав залгамжтай спортын гэрэл зурагчин фото сурвалжлагчаар, Н.Батдэлгэр хэмээх спортоор хэнийг ч мад тавьчих шар хүү дизайнераар, шударга дээрээ нэмээд шаардлага хатуутай Д.Тунгалаг гэдэг шавилхан бүсгүй оператороор албан ёсоор ирснээр анхны баг маань бүрдсэн түүхтэй.

Он цаг улирсаар, сонины маань түүх зузаарсаар Н.Энхбаяр, Ж.Баяржаргал, Р.Манлай, Д.Лувсаншарав, Р.Мөнхдаваа, Б.Өлзийтогтох, Г.Баярсайхан, Ж.Батмөнх, А.Түмэнбаяр нарын сэтгүүлчид, Г.Эрдэнэтуяа, Э.Харцага гээд фото зурагчид, Э.Цэрэнцоодол, Э.Цогтжаргал, Ц.Пүрэвсүрэн, Б.Баатар нарын дизайнерууд, санхүү, маркетингийн албаны Б.Даваажав, Д.Алтанзул нар өөр өөрийн мөр, дүр, зүтгэл, бүтээлийг сониныхоо хуудсанд мөнхөлжээ. Эд бол хоёр, гурав дахь үеийнхэн. Одоо дөрөв дэх үеийнхэн "ТЦ"-ийнхаа түүхийг бичиж байна. Н.Баясгалан эрхлэгчтэй, Б.Өлзийтогтох хэмээх штабын даргатайгаа хамт .......... Мөнх-Эрдэнэ, Б.Чадраабал нарын залуус шинэ хорины шанг эхлүүлж буй. Манай хууччууд бууриа орхиогүй ээ. ОТО, Түвшээ, Сугараа, Бүба, Наба... гээд 21 дэх жилийн гараанд залуустайгаа хөтлөлцөн орж буй нь цөөнгүй. 

Ийнхүү бидний "Таван цагариг"-ийн туулах аян холын холд, үл тасран үргэлжилнэ. "ТЦ" анх мэндлэхдээ л шинэ үеийн сэтгүүл зүйд шинэ үзэгдэл болж тодорсон юм. Тэр чанараараа 20 жилийн босго өндөртэй давааг ажралгүй тууллаа. Хорин жилд "ТЦ" борви бохисхийгээгүй. Гэхдээ өвдөг нугалж, сөхөрч сөгдөөгүй. Монголын сэтгүүл зүйг бүхэлд нь авч үзэх юм бол сонирхолтой хэдий ч, амаргүй 20 жилийг ардаа хийж байна. Хэдэн зуугаараа сонин хэвлэл мэндэлж, бас хэдэн зуугаараа шалгуурыг давалгүй бөхөж унтарсан. Харин "ТЦ" хэвээрээ л үлдэв. Одоо бол спорт сонирхогчид "ТЦ"-ийг андахгүй, Монголын спортын төв хэвлэл гэдгийг, хамгийн итгэлтэй, найдвартай түнш болохыг тэд нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Энэ л хамгийн чухал биз дээ. Уншигчдадаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг баргийн сэтгүүлчийн, хэрийн хэвлэлийн бардаг даваа биш. Сэтгүүл зүйн орон зайд, хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай, үнэлэмжтэй болохын төлөө л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ замд гардаг. Гэхдээ тэр бүр санасандаа хүрдэггүй. Харин манайхан тодорхой хэмжээгээр зорилгодоо хүрснийг туулсан зам, эзэлсэн орон зайгаар минь барагцаалж болно. 

Хорин жил гэдэг бол бидний аяны нэг л буудал, нэг л амсхийлт. Дахиад бид цаашаа явна. Давааны цаана даваа бас бий. Өнгөрсөн он жилүүд амар байгаагүй шиг, ирэх өдрүүд түүнээс бэрх байж магадгүй. Олон олон сорилтын өмнө бид байна. Техник технологийн галзуурсан хурдаар эрчилсэн хөгжил, фэйсбүүк твиттерийн хаана очиж, хэзээ нэг зогтусах нь үл мэдэгдэх зүг төөрсөн их давалгаанд бид цохигдож, сульдаж таарахгүй нь хэнд ч тодорхой. Сонин бол тэр чигээрээ үнэ цэнэ. Шарлаж хуучирсан ч түүнийгээ алдахгүй, харин ч улам үнэ орох оюуны эрдэнэсийн арал. Хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйн үнэр хамгийн түрүүн сониноос л ханх тавьдаг гэдэгт би хувьдаа урьд ч итгэсээр байсан, одоо ч энэ итгэл үнэмшил маань хэвээрээ, улам батажсаар буй.

Юуны өмнө бид мэргэжлийн байх ёстой. Нийгмийн сүлжээний сайн дурын уран сайхнаас бидний бичих мөр бүхэн үүгээрээ ялгарч байх учиртай. Технологийн хүчээр бусдаас түрүүлж өнгөц төдий мэдээлсний цаана юу байгааг, утга учир нь юу болохыг олж нээх, гээгдэж хоцорсон хамгийн сонирхолтойг уудлан дэлгэх, зүлгэж чадвал шигтгээ мэт гялалзах чухамхүү тэр л сүнсийг амилуулах нь бидний зорилго. Спортын сэтгүүл зүйд аналитик арга барил яг одоо л чухал болсон байж ч мэднэ. Энэ миний л бодол. Ийм ажлыг мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй сэтгүүлч л хийж чадна.

ОТО шиг уран хурц сэтгэхийг, Түвшээ шиг мэдлэг, ур хоёртоо сэтгэлээ шингээхийг, Сүхээ шиг минь спортын ертөнцөд сэтгүүлчээрээ, хүнээрээ хүлээн зөвшөөрөгдөж, хүссэнээ олж чадах сүйхээтэй байхыг, Сугараа шиг бүхэнд хүрч, тэндээс чухам хэрэгтэй бал сувдыг нь түүхийг, Цагаанаа шиг мэдрэмжийн антенныг мэдлэгийн батарейгаар цэнэглэхийг, Манлай шиг илүү дутуугүй, эвхэж нямбайлан цэмцийлгэсэн юм шиг хэрнээ учир шалтгааны оночийг олж гогодож чадахыг, Баяржаргал шиг бусдын жишигт хайрцаглагдалгүй, чөлөөтэй хийгээд зөв сэтгэхийг, Баярсайхан шиг жижгээс томыг ургуулж, олсон эгэл жирийнээ тордон огт өөр сонсголонт хөгөөр эгшиглүүлэх гэх мэт зөвхөн манайханд байдаг онцгой чадварыг л "Таван цагариг"-ийн танигдах, тэмтрэгдэх шинж чанар хэмээмүй.

"ТЦ"-ийн алхмаа сааруулалгүй хорин жил туулаад сая нэг амсхийсэн үдэлтийн буудал дээрээс миний хэлхэх хэдэн үг энэ. Сонин маань эндээс цааш холын холд тэмүүлэх их нүүдлээ дахиад үргэлжлүүлнэ. Энэ нүүдэл аугаа их спорт хэмээх баяр баясгалан, хүч зориг, эрмэлзэл тэмүүлэл, үнэн шударга, идэр биеийн гоо сайхан, эв нөхөрлөлийн эрдэнэсийн ачаа тээж яваа. Спортын сонины онцлог, бахархал энэ буюу. 
Бид ч бас буурин дээр суугаад үлдэхгүй ээ. "ТЦ" хаана байна, бид тэнд л байх болно. Яагаад гэвэл энэ бол бидний төрөлх орон гэр. "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч болсон ээж минь" гэдэг биз дээ. Эрхэлж наадаж өссөн үүр орон, элбэрэл хайрын сүн булаг ээжтэй минь адил үнэ цэнэтэй "ТЦ"-аасаа бид холдож чадахгүй.
Тиймээс "ТЦ"-аар овоглосон хүн бүхний ирээдүйд сүү өргөе.

"ТЦ" сонины анхны эрхлэгч Содномдаржаагийн БАТБААТАР