m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:54
67
М.Энхсайхан: Тавантолгойн гэрээг ил болгох боломжгүй

Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойш багагүй маргаан үүсгээд байсан Тавантолгойн гэрээний төслийг ийнхүү УИХ-д өргөн барьсны дараа Монгол Улсын сайд, Тавантолгойн төслийн хэлэлцээрийг бэлтгэх ажлын хэсгийн дарга М.Энхсайхан, Дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан "УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.  Ер нь бол Монголчууд том төслийг ил тод ярьж шийдэж чаддагийн үлгэр жишээ болоосой гэсэн хүсэлтэй байна" гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн “Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний үйл явцыг тухай бүрт Засгийн газар, УИХ, ҮАБЗ-д танилцуулж ирсэн. Олон нийт болон улс төрчдийн зүгээс санаа зовсон олон саналууд ирүүлсэн, тухай бүрт нь бид мониторинг хийж байгаа.

Ерөнхийдөө Засгийн газраас оруулж байгаа материал бол нээлттэй материал. Бид олон түмнээс нууцлаад байхгүй, агуулгын тухай болон гэрээний төслүүдийн талаар мэдээж нээлттэй хэлэлцүүлгүүд явагдана. Гэхдээ бас анхаарах ёстой асуудал байгаа. Энэ нь гэрээний бэлтгэсэн текст хэлбэрийг ил болгох боломжгүй. Учир нь Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд бүгд Токио, Шанхай, Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндлөө гэдэг гомдол гаргах ноцтой байдал бий болгодог. Тиймээс бид энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг байнга анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тавантолгойн хэлэлцээ гэрээний төслүүдийн эргэн тойронд хэрүүл битгий гараасай гэж хэлж байсан үгийн УИХ болоод Засгийн газрын гишүүд анхааралдаа авах байх. Монголчууд бид  одоо том төслүүдээ босгох цаг болсон, одоо бүгдээрээ том төслүүдээ хамтдаа босгоцгооё гэж уриалмаар байна.

Мэдээлэл хийсний дараа Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.

-Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ гэсэн. Тэгэхээр анх Засгийн газраас гаргасан 14 хоногийн хугацаандаа багтахааргүй болж байх шиг байна?

-УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нилээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.

-УИХ-д хэд хэдэн төрлийн тогтоолын төслийг өргөн барьсан гэсэн?

-Засгийн газрын зүгээс үндсэн зургаан тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд үүрэг болгосон төсөл байгаа. Бусад таван төсөл нь урьд өмнө Тавантолгойг тойроод УИХ-аас гарсан нэр томьёоноос эхлээд өөр хоорондоо зөрчилтэй олон тогтоолын төслүүдийн зөрчлийг арилгахтай холбоотой байгаа. Тухайлбал, нэг тогтоолд нь Ухаахудаг-Гашуунсухайт гэж байхад нөгөө тогтоолд нь Тавантолгой-Гашуунсухайт гэж байх жишээтэй. Тэгэхээр нэр томьёоны хувьд хүртэл асуудал тарьж мэдэхээр байгаа учир цэгцлэхээр оруулсан.

-Өргөдлийн байнгын хорооноос  хүргүүлсэн Эрдэнэс Тавантолгойн Монголын ард түмний эзэмшиж байгаа 20 хувийн хувьцааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой гэсэн саналыг оруулсан уу?

-Өргөдлийн байнгын хороонд энэ талаар 3000 гаруй санал ирж, Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийх нь дагуу  Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргачихсан байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа хэдий ч тэрийгээ мөнгө ч болгож чадаагүй, хувьцаа хэлбэрээр ч авч чадаагүй байгаа иргэд төсөл эхлэхээр хаягдчих вий гэсэн үүднээс байнгын хорооноос энэ саналыг оруулсан юм байна лээ. Бид хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй нийт нэг сая нэг зуу орчим хувьцаа эзэмшигчдийг эргэж бүртгэх даалгаврыг өгчихсөн байгаа.

-УИХ-ын дарга тогтоолын төслийг буцаахдаа Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний гарын үсгийг цуглуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-1072 ширхэг хувьцаа Таван толгойн компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрүүдээр саналын идэвхгүй хувьцаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилнө. Тиймээс Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн. Ингэснээр дутуу байна гэж үзсэн бичиг баримт бүрдсэн.

-Гэрээнд Монголын талын хүлээх хариуцлага их харин хамтарсан консерциумын  хүлээх хариуцлага бага байна гэсэн шүүмжлэл гарч байна?

-Гэрээг хүн хараад нэг юм ойлгодог, манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэж хэмжээ дамжаагаар нь харьцуулбал тэгж харагддаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүгдийг мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм харагдана.

Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл байгуулах гэрээ банкинд очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тэр гэрээгээр Монголын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг  банкууд харна уу гэхээс 400 гаруй хуулийг унших гэж суухгүй. Техникийн хувьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас концепцийн хувьд зөв харж чадвал энэ бүхэн алга болно.