m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:19
556
Б.Гомбосүрэн: Дөрвөн өөр төрлийн чулууг боловсруулж гаргадаг

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт үргэлжилсээр нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид олон баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг танилцуулсан бол энэ удаа Ховд аймагт чулуун хийцийн үйлдвэрлэл эрхэлдэг “Буянт стандарт” ХХК-ийг танилцуулж байна. Манай улсад байгалийн чулуу элбэг бөгөөд ямар ч зүйлд хамгийн шилдэг сонголт нь байсаар ирсэн. Хэдийгээр технологийн хөгжил бидэнд материалын хувьд асар их сонголтыг өгч байгаа ч чулуу архитекор, дизайнеруудын эхний сонголт байсаар л байгаа. Иймдээ ч “Буянт стандарт” ХХК-ийн ажилсаг хамт олон чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа их сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн юм. Тус компани нь 2012 оноос эхлэн үйлдвэрлэлээ эрхэлсээр өдий гурван жилийн нүүр үзээд байгаа юм байна. Тус компанийн захирал Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.

-Байгуулахад хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдэж байв?

-Үйлдвэрээ анхлан байгуулахад 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Ингэхдээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тодорхой хэмжээний зээл авсан. Чулууны үйлдвэрлэлийн салбар бол шинэ салбар. Энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин ч дутмаг байдаг. Анх Хятад эрдэмтэн ирээд тоног төхөөрөмжийг суулгаж зааж өгсөн.

-Чулуугаа хаанаас авдаг вэ?

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумаас авдаг. Тэнд өөрсдийнхөө уурхайг нээж байгаа. Ингэхдээ дандаа газрын гүнээс авдаг. Яагаад гэвэл байгальд ил байгаа чулуу нь стандартад нийцдэггүй бөгөөд өнгөний хувьд зохимжтой бус байдаг.

-Экспортлох боломж хэр байдаг вэ?

-Одоохондоо экспортлоход хүн хүч, чадамжийн хувьд дутмаг байгаа. Ер нь чулууны үйлдвэр нь хүнд үйлдвэрт тооцогддог. Дээрээс нь уурхайгаас чулуугаа олборлоход аюулгүй байдал, хөрөнгө санхүүгээс эхлээд шаардагдах зүйл олон бий.

-Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ?

-Бусад үйлдвэр нэг төрлийн чулууг боловсруулдаг бол бид дөрвөн өөр төрлийн чулууг боловсруулж гаргадаг. Өөрөөр хэлбэл, 2-3 үйлдвэр нэг ордоос чулуугаа олборлодог болохоор нэг л өнгийн чулууг үйлдвэрлэдэг гэсэн үг. Харин манайх улаан, хар, саарал, цаашлаад цагаан өнгийн гантиг чулууг боловсруулан гаргах боломжтой. Тийм болохоор бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал экспортлох боломж бүрэн бий. Бусад үйлдвэр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг импортоор авч боловсруулдаг бол манайх түүхий эдээ өөрсдөө олборлоод, бэлтгээд, эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. Ийм хэмжээний үйлдвэр байгуулахын тулд бид тоног төхөөрөмжийн болоод ажилчдынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал тулгардаг.

-Өнгөний сонголтыг химийн бодис хэрэглэхгүйгээр нэмэгдүүлэх боломж бий юу?

-Ховд аймаг нь Алтай уулсын дунд оршдог. Энэ олон уулын чулуу бүр өөр өнгөтэй. Тийм болохоор дахиад илүү өнгөний сонголт гарах боломжтой гэж боддог.

-Бусад аймагт чулуугаа нийлүүлдэг үү?

-Ойрхон аймагт сумдад нийлүүлдэг. Мөн Улаанбаатар хот руу ч нийлүүлэх боломж бололцоо бүрэн бий. Тиймээс бид хүчин чадлаа л нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.

-Хүчин чадлаа нэмэгдүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ. Үүнийг шийдвэрлэх боломж бололцоо хэр байна вэ?

-Бидний зорьсон хэмжээнд хүртэл ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ тухайгаа Чингис бондын импортыг орлох бүтээгдэхүүний зээлийн төсөлд бичиж оруулсан. Төсөл маань ч шалгарч, 888 аж ахуйн нэгжийн тоонд орсон. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн байдлаас болоод одоогийн байдлаар зогсонги байдалд орчихсон байгаа.

-Хөдөө, орон нутагт үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудал юу байна вэ. Төр засгаас хэрхэн дэмжих ёстой гэж боддог вэ?

-Үйлдвэрлэлийг дэмжих нь төрөөс хэрэгжүүлж байгаа хамгийн зөв бодлого юм. Үүнийг өмнөх Засгийн газар нэлээд их ярьж, хэрэгжүүлж эхэлж байсан. Үүнийг үгүй хийлгүйгээр цааш нь үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Үйлдвэрлэл хөгжиж байж эдийн засгийн хямралд тэр бүр өртөхгүй байх. Энэ тал дээр аймгийн маань удирдлагууд сайн ажилладаг гэж боддог. Үйлдвэрлэл эрхэлж буй газруудад төслийн сонгон шалгаруулалт зарлаж, газрыг нь үнэгүй олгодог. Мөн тог цахилгаан, цэвэр, бохир усны хоолойтой холбож өгч байгаа. Энэ бол үйлдвэрлэл эрхлэгчдэд их том тус дэм болж чаддаг.

-Хэрэв танай үйлдвэр өргөжиж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн тохиолдолд хөдөө, орон нутаг, цаашлаад Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангах боломж бололцоо бий болж чадах уу?

-Чадна гэж бодож байна. Монголын чулууны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны мэдээлснээр 57 тэрбум төгрөгийн чулуун хийц, бүтээгдэхүүн Монгол Улсад импортоор орж ирдэг юм билээ. Үүний дөнгөж 7-8 хувийг Монголын үйлдвэр эрхлэгчид хангаж чаддаг. Тиймээс бидэнд зах зээл хангалттай байгаа. Цаашлаад бид хүчин чадлаа нэмэгдүүлээд Улаанбаатар хот руу нийлүүлж чадвал гадагшаа гарах мөнгөний урсгалыг хааж чадах боломж бий.

-Ирээдүйн зорилт гэж байгаа байх. Түүнийгээ хуваалцахгүй юу?

-Бид нэг зорилготой. Тэр нь олон улсын стандартад нийцсэн чулууг олборлон, бүтээгдэхүүн үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээгээ хангадаг, цаашлаад Монгол Улс болон олон улсад экспортлодог болохын төлөө зорилт болгон ажиллаж байгаа. 

“Буянт стандарт” ХХК-ийн захирал Б.Гомбосүрэн - 99034045