m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:47
35
ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ОХУ-ын монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй "Монголчуудын соёлын өв гар бичмэл, архивын баримтын цуглуулга" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн, судлаачид юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголч эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж, монгол судлалын баялаг уламжлалыг үргэлжлүүлэн ном товхимол хэвлүүлж, Европ дахь монгол судлалын томоохон голомтыг бадрааж байдагт нь ОХУ-ын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийллээ. Тэрээр эрдэмтэн, судлаачдын ажлын жаргал, зовлонг мэддэгийн хувьд боломжийн хэрээр тусалж дэмжинэ гээд зочдынхоо байр суурь, санал хүсэлтийг сонссон юм.

Судлаач эрдэмтэд шинэ залуу үеийн монгол судлаачдыг Монголд дор хаяж нэг, хоёр сарын хугацаатай ирүүлж, түүх, архив, соёлын өв, гар бичмэлүүдтэй танилцуулж байх талаар санал дэвшүүлж байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвхөн нэг талын төдийгүй хоёр талаас залуу эрдэмтэн, судлаачдаа харилцан солилцож, нэг, хоёр сараас жил хүртэл хугацаагаар архивын бичиг баримт судлуулж, түүх, хэл, утга зохиолын салбараар шинжилгээ, судалгааны ажил хийлгэж байх нь ач холбогдолтой гэж байлаа. Мөн өнгөрсөн 2014 онд Монголд хийсэн  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр ерөнхий боловсролын дунд сургуулиудын дэргэд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын кабинетыг ээлж дараалан байгуулахаар ярилцсаныг дурдав.

Зочид уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимыг үзэж сонирхов.