m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 09:25
118
Эмэгтэй гэрэл зурагчдын төлөөлөлд шагнал гардууллаа

Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн түүхт ойд зориулж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Я. Төмөрбаатар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай зэрэг зочид оролцсон юм. Энэ нь ойн хүрээнд гарч буй хоёр дахь үзэсгэлэн бөгөөд гэрэл зурагчдаас хамгийн  анх МУСГЗ цол хүртсэн Ц.Нина агсны уран бүтээлүүдээс эхлээд ахмад гэрэл зурагчин С.Туяа, Х.Хашиймаа,  Б.Улятайхүү, Д.Цэрэннадмид зэрэг ахмад үе, залуу, дунд үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчны 80 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлжээ.

Мөн энэ үеэр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол улсын засгийн газрын дээд шагнал болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ахмад зурагчин Д.Цэрэннадмид, С.Туяа, гэрэл зурагчин С.Бадамханд нарыг шагнаж урамшууллаа.

Мөн  “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ээс  гэрэл зурагчин Т.Бямбадорж, Д.Эрдэнэцэцэг, Ж.Үермаа нарыг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П. Баярмагнай гардуулан өгсөн юм.