m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 02:38
82
Т.Баярсайхан: Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна

Хөдөө, орон нутагт үйлдвэрлэл эрхлэх хэцүү гэдгийг хүн бүр хэлнэ. Ялангуяа Монгол улсын баруун, зүүн хязгаарт оршдог аймгийн иргэдэд дэд бүтэц, тээврээс авахуулаад хүндрэл бэрхшээл их бий. Гэхдээ энэ бүхэнд торолгүй үйлдвэрлэлээ эрхэлж, аймгийнхаа эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй олон үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Эдний нэг нь Ховд аймгийн “Хатан түнгэл” ХХК-ийн хамт олон юм. Энэхүү компани нь цэвэр ус, төмсний гурил, газар тариалан, талх, нарийн боов, вакум цонх зэрэг нийт долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 70 гаруй ажилтантай юм байна. Иймдээ ч тус компанийн захирал Т.Баярсайхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болоод ажилтнаараа бахархах дуртай гэдгээ хэлж байсан юм. Түүнтэй хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудал болоод ирээдүйн зорилтынх нь талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотод багшилж байгаад Ховд аймагт ирээд бизнес эрхэлсэн гэсэн. Энэ үеийнхээ түүхээс хуваалцахгүй юу?

-Би их сургуулиа төгсөөд шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байлаа. Хажуугаар нь эрдмийн зэрэг хамгаалах ажил хийж байсан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг хүндэрч, хүмүүс байранд дугаар бичүүлж ордог, тэднээс цөөн хэдэн л байртай болж чаддаг байсан үе. Надад ч бас орон байрны асуудал үүсч, айлын байр хөлсөлж амьдарч үзлээ. Тэгээд би цаашдаа ингэж байр дамжиж яваад байвал үр хүүхдээ хаана амьдруулах вэ гэсэн асуудал тулгарсан. Тийм болохоор аж ахуйн нэгж байгуулаад, улсдаа татвараа төлж, амьдралаа өөд нь татахаар компани байгуулж байлаа. Хамгийн анх түүхий эдийн ченжээс бизнесийнхээ гарааг эхэлж байлаа.

-Одоогийн байдлаар хэдэн төрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа вэ?

-Бид долоон чиглэлийн үйлдвэрлэлийг эрхэлж байна. Хоёр компанийн татвар төлж, 70 гаруй өрхийг тэжээж байна. Зуны улиралд барилга болон хөдөө аж ахуйн салбарт түр орон тоо бий болгодог. Хүн үйлдвэр эрхлэх тусмаа ажилчдынхаа төлөө зүтгэдэг юм билээ. Цалингаа цаг тухайд нь өгчих юмсан, урамшуулал нэмээд олгочих юмсан, их ажлаар аль болох дарахгүйгээр ажил, амралт хоёрыг нь зохицуулах юмсан, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ ихийг өгөх юмсан гэж бодогдож, эхлээд өөрийнхөө төлөө явдаг байсан бол сүүлдээ хүний төлөө явдаг болдог юм билээ.

-Хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл бэрхшээл багагүй гардаг байх. Энэ талаар?

-Орон нутагт бизнес эрхлэхэд зовлонтой тал бий. Нэгдүгээрт, хүн ам цөөн, худалдан авагч багатай. Тэгээд хөдөөний иргэдийн дийлэнх нь ядуу амьдарч байна. Цалин хөлс нь ч харьцангуй бага байгааг хүн бүр мэдэх байх. Мөн ажиллах хүчний мэдлэг боловсрол дутмаг байна. Гайгүй боловсролтой хүмүүс нь төрд ажиллаж хүсэлтэй. Харин төрөөс гологдсон нэг нь бидэн рүү ирдэг жишиг тогтсон гэлтэй. Хоёрдугаарт, санхүүгийн бэрхшээл тулгардаг. Төрөөс тусламж дэмжлэг авч чадахгүй хүмүүс хөрөнгөө барьцаалж зээл авдаг. Нэг удаа зээл аваад эргэн төлөлт дуусаагүй бол дахин зээл авах бололцоо хаагддаг.

-Төрөөс хэрэгжүүлж байгаа зээл тусламж хэр хүртээмжтэй байж чаддаг вэ?

-Иймэрхүү төрлийн зээл тусламж бидэнд олддоггүй. Авахыг хүссэн олон хүн байдаг ч авч чаддаг нь цөөхөн. Төрөөс зээл авах гэхээр заавал банкаар дамжих хэрэг гарна. Гэтэл банкин дээр очоод гацдаг, эсвэл барьцаа хөрөнгөгүйгээс болж унадаг. Ийм л нийтлэг бэрхшээл тулгардаг. Гэхдээ би Японы Жайка-гийн тусламжтайгаар 2011 онд 500 сая төгрөгийн төслийн зээл авч чадсан. Үүгээрээ төмсний гурилын үйлдвэрээ байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөө шинэчилсэн.

-Вакуум цонхны үйлдвэрлэлээ хэрхэн байгуулж байв?

-Хоёр жилийн өмнө үйлдвэрээ байгуулсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан “Бату” констракшны бааз суурийг авчирч байсан. Бид сайн түүхий эдээр чанартай цонх үйлдвэрлэх зорилготой. Цонхноосоо дулаанаа алдахгүй, чанартай байж чадвал дотор нь амьдарч буй хүмүүст ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Бид өнгөрсөн жил 48 айлын хоёр орон сууцын вакум цонхыг хийж гүйцэтгэсэн. Захиалга ч их ирдэг.

-Сумдаас бас их захиалга ирдэг гэсэн. Гомдол, шүүмжлэл гарч байв уу?

-Ойр хавийн сумдаас захиалга их ирнэ. Голдуу цэцэрлэгүүдэд вакум цонх хийх хүсэлт ирдэг. Анх хийж эхэлж байхад санал, гомдол мэр сэр ирдэг байсан ч сүүлийн үед ирэхээ больсон. Энэ нь манай ажилчид ажилдаа мэргэшиж, хичээж, хөдөлмөрлөж байгаагийн илрэл гэж бодож байна.

-Цаашдаа метал цонхыг үйлдвэрлэхээр зорьж байгаа гэсэн?

-Тийм ээ. Анх “Бату” констракшны бааз нь метал цонх, хаалга хийх техниктэйгээ ирсэн ч ашиглаж чадаагүй. Үүнд, нэгдүгээрт захиалга ирэхгүй байгаа, хоёрдугаарт, хэрэв ашиглах болвол үйлдвэрийнхээ байрыг өргөтгөх шаардлагатай тулгарна. Гэхдээ цаашдаа төмөр хийцийн хаалга, цонх хийхээр зорьж байгаа.

 

“Хатан түнгэл” ХХК-ийн захирал Т.Баярсайхан - 99113516