m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 02:38
47
Тэтгэврийн хэмжээг адил тэгш болгох эрх зүйн зохицуулалт хийнэ

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна.

Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраас Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүллээ