m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:33
69
Чуулганы хуралдаан завсарлалаа

Чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг, оролцоог идэвхжүүлэх, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулахаар тусгажээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын дунд орхигддог, тодорхой төсөв зардал тусгадаггүй байдлыг өөрчилж, энэ асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “үйлдвэрлэлийн орчин”, “үйлдвэрлэлийн осол”, “эрсдлийн түвшин их ажлын байр” гэсэн нэр томьёонуудыг төсөлд шинээр оруулж, ажлын талбай болон гадна орчинд хүн гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд тухайн ажил олгогч нь хохирлыг нөхөн төлөх, эрсдлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажиллаж байгаа хугацаанд нь ажил олгогчийн зардлаар амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулахаар зохицуулсан байна.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар үг хэлж уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулах юм.