m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 04:59
85
Мөнххайрхан сумын соёлын төвийг алдарт туульчийн нэрэмжит болгов

“Монгол тууль”-ийг дэлхийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад оруулсан байдаг. Тэгвэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Монгол Улсын төрийн соёрхолт, Алтайн урианхайн алдарт туульч Баатарын Авирмэдийг соёлын өв туулийг хадгалан хамгаалах, хойш үедээ өвлүүлэн хөгжүүлсэн гавьяат үйлсийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  Мөнххайрхан сумын соёлын төвийг түүний нэрэмжит болгов. 

Б.Авирмэд 1935 онд Ховд аймгийн "Хөтөл ус" гэдэг газар төрсөн. Авирмэд 23 настайдаа "Талын хар бодон" тууль сурч, улмаар "Наран хаан хүү", "Эзэн улаан бодон", "Алтайн магтаал", "Аргил цагаан өвгөн" туулиудыг хайлдаг байв. Тэрээр "Бүжин даваа хаан", "Нарангэрэл хаан", "Зэл алдар хаан" зэрэг олон туулийг өвөг эцэг алдарт туульч Чилхэр, эцэг Баатар, эх Оролмоо нараасаа өвлөн хойч үедээ уламжлуулан үлдээсэн бөгөөд үе залгамжилсан алдар цуутай туульч юм. 

Б.Авирмэд цээжний гүнээс урсан гарах уянгалаг айзамт уран үгсээрээ  хэн хүний сэтгэлийг эзэмдэж өөрийн эрхгүй туулийн ертөнцөд татан оруулдаг увидастай ажээ. Авирмэдийн  энэ хосгүй авьяасыг үнэлж 1984 онд Ардын туульч, 1991 онд төрийн соёрхолт хэмээх хүндтэй цол хүртээсэн юм.