m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 06:31
198
“Эрүүл мэнд-урт наслалт” үнэ төлбөргүй зөвлөгөө, үзэсгэлэн нээгдлээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордон, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэх зорилгоор “Эрүүл мэнд-урт наслалт” үзэсгэлэнг МҮЭ-ийн Соёлын төв ордны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-26 өдөр зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүд, рашаан сувилал, уламжлалт эмчилгээ, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон борлуулагч компаниуд, эрүүл зөв хооллолтын, фитнесс, бясалгалын төвүүд, гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ зуучлах төвүүд зэрэг 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа ажээ.

Ингээд үзэсгэлэнгийн талаар уг үзэсгэлэнг зохион байгуулах комиссын дарга МҮЭ-ийн Соёлын төв ордны соёл, спорт хамтын ажиллагааны албаны дарга Д.Туулаас үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-Та “Эрүүл мэнд-урт наслалт” үзэсгэлэнгийн онцлогийн талаар товч танилцуулахгүй юу?

-МҮЭ-ийн Соёлын төв ордон маань 1975 оноос хойш 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйлчилж ирсэн түүхтэй урлаг соёл, олон нийтийн байгууллага юм. Он гарснаас хойш иргэддээ зориулсан хэд хэдэн нийгмийн томоохон арга хэмээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэ удаагийн “Эрүүл мэнд-урт наслалт” үзэсгэлэн болж байна. Манай байгууллага нь манайд ирдэг иргэдээсээ санал асуулга байнга авдаг. Иргэд маань эрүүл мэндийн цогц арга хэмжээг нэг удаадаа явуулж өгөөч ээ гэсэн санал хүсэлтийг нэлээд тавьсан байдаг. Үүн дээр үндэслээд энэ удаагийнхаа эрүүл мэндийн үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн маань хүмүүс ядардаг, сульддаг, эрүүл мэндийн үйлчилгээг авах шаардлага их гарч ирдэг хаврын улиралд болж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Үзэсгэлэн нийт гурав хоног үргэлжилж ард иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, харшил, чихрийн шижин өвчний талаар, нярайн асаргаа, зөв хооллолт, холестрины эсрэг эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, зүрх судас, ясны тогтолцооны өөрчлөлт болон “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элгээ хайрлая” сэдэвт лекц, мэдээллийг хуваарийн дагуу явуулах байгаа. Манай энэ удаагийн үзэсгэлэнгийн өөр нэг онцлог нь Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс хамтран оролцож байгаа, “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сан  оролцож байгаа явдал юм.

Үзэсгэлэн ард иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, харшил, чихрийн шижин, нярайн асаргаа, зөв хооллолт, холестрины эсрэг эмчилгээ, зүрх судас, ясны тогтолцооны өөрчлөлт болон элэгний эрүүл мэндийн талаар сэдэвт лекц, мэдээллийг хүргэнэ.

-Энэ үзэсгэлэн маань анх удаагаа зохиогдож байна уу. Цаашид жил бүр уламжлал болж зохиогдох болов уу?

Эрүүл мэндний үзэсгэлэнгийн хувьд анх удаагаа зохиогдож байна. Аль болох салбар болгоноос төлөөлтэйгээр оролцуулахыг зорьсон. Ер нь бол эрүүл мэндийн үйлчилгээний эрэл хэрэгцээ их байдаг. Цаашид иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ, арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай нь хамтран зохион байгуулах бодлого баримталж байгаа. Иргэддээ хандаж баруун дөрвөн замд байрлаж байгаа манай МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиогдож байгаа эрүүл мэндийн үзэсгэлэн маань ард иргэдэд нээлттэй байгааг хэлэхэд таатай байна.

Монгол эм импекс” ХХК-ийн борлуулалтын менежер Ц. Энхтуяагаас үзэсгэлэнд оролцож байгаа сэтгэгдлээс нь сонирхлоо:

-Өмнө нь бид ийм төрлийн үзэсгэлэнг өөрсдөө зохион байгуулдаг байсан бол энэ удаад МҮЭ-ийн Соёлын төв ордоноос зохион байгуулж байгаа өргөн хүрээтэй үзэсгэлэнд оролцож байна.  Үзэсгэлэн маань дөнгөж эхэлж байгаа болохоор үзэсгэлэнгийн талаар дүгнэж хэлэхэд эрт байна. Яагаад бид энэ үзэсгэлэнд оролцох сонирхолтой байна гэвэл орчин үед эм гэдэг маань их хурдацтай хөгжиж байна. Монголчууд маань шинэ дэвшилтэт зүйлсээс хоцорч болохгүй, “Монгол эм импекс” компани маань дэлхийн зах зээлд байгаа орчин үеийн шинэ, чанартай эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг олж нийлүүлэх зорилготой ажилладаг. Энэ ч утгаараа иргэддээ шинэ бүтээгдэхүүний талаар таниулах, зөвлөгөө өгөх зорилгоор оролцож байна. Хүмүүс маань эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар сайн мэдэхгүй байдгаас урьд өмнө нь байнга хэрэглэж заншсан эм бэлдмэлийг авч хэрэглэсээр байдаг. Энэ ойлголтоосоо ангижирч, шинэ сайн эм, эмийн бүтээгдэхүүнийг мэддэг болоосой гэсэн үүднээс ийм төрлийн үзэсгэлэнд оролцох сонирхол их байдаг юм.

Монэнзим компанийн идэвхжүүлэлтийн менежер Э. Энхнарангаас энэ үзэсгэлэнд оролцож байгаа сэтгэгдлийг нь асуулаа:

-“Монэнзим” ХХК нь 1976 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ үзэсгэлэнд оролцсноор иргэдэд бүтээгдэхүүнүүдийнхээ ач тусыг таниулах, шинээр гаргасан бүтээгдэхүүнүүдээ танилцуулах бас нэгэн боломж гарч ирж байна. Манай бүтээгдэхүүнүүдийн онцлог гэвэл Монголдоо хийдэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын эрдэмтдийнхээ олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн амьтан ургамлын гаралтай түүхий эдийг боловсруулаад эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд эрүүл мэндийн байгууллагууд маань өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэж таниулж байна. Тэгэхээр иргэд маань өргөнөөр оролцож өөрсдийн эрүүл мэндэдээ илүү их анхаараасай гэж хүсэж байна.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэн Сүрэнжав үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ ийнхүү ярьлаа.

-Энэ үзэсгэлэнгийн талаар өнөө өглөө Монголын радиогоор сонсоод ирлээ. Энэ маш сайхан, чухал үзэсгэлэн болж байна. Төрөл бүрийн эмийн бүтээгдэхүүнүүдийг тайлбарлаж таниулж, үнэгүй зөвлөгөө өгч, даралт, жин үзэх, нүдний хараа шалгах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Иргэдэд маш чухал сайхан ажил зохион байгуулж байгаа байгууллага, хүмүүст баярлаж байнаа.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны өндөр настан Даваажаваас сэтгэгдлийг нь сонсвол:

-Энд ийм сайхан хэрэгтэй зүйл болж байгааг хүүхэд утасдаж хэлээд ирлээ. Орж ирээд даралтаа үзүүлээд эрүүл мэндийн зөвлөгөө авч байна. Ийм сайхан үзэсгэлэн болж байгаад баярлаж байна.  Энд эрүүл мэндийн олон ч төрлийн үнэ төлбөргүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулж буй тус төвийн ажилтан Ш.Уранчимэгээс үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийх нь талаар тодрууллаа.

-Эрүүл мэнд- Урт наслалт” үзэсгэлэнд манайх Нийслэлийн эрүүл мэндийн газрын гаргасан хуваарийн дагуу оролцож байна. Хан –Уул дүүргийн эрүүл мэндийн төв 24-ний өдөр, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 25-нд,  Чингэлтэй эрүүл мэндийн төв 26-нд гэсэн хуваариар оролцож иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнөөдөр манай эрүүл мэндийн төв иргэддээ хооллолтын талаар, амны хөндийн эрүүл мэндийн талаар, халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, артерийн даралт, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үзлэг үйлчилгээг үзүүлж байна.