m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 08:43
107
Химийн зэвсгийн эсрэг арга хэмжээнд оролцжээ

Дэлхийн I дайны эхэн үед буюу 1915 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Бельгийн Ипер хотноо хүн төрөлхтөний түүхэнд анх удаа химийн зэвсгийг үй олноор устгах зорилгоор ашиглаж байв. Тэгвэл хүн төрөлхтөний түүхэнд хар толбо үлдээсэн энэ үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/-аас тус хотноо энэ сарын 21-нд арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Х.Даваадорж, ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа С.Баяр-Очир нар оролцов.

Дайны тэр өдрүүдэд Германы тал Францын цэргүүдийн эсрэг нийт 6,000 бортого буюу 150 тонн хлорин хийг хэрэглэсэн нь гэнэтийн явдал болсон бөгөөд нийт 10,000 орчим цэрэг амь насаа алдсан энэхүү эмгэнэлт үйл явдлыг санан дурссан. Хойшид иймэрхүү гамшигт явдлыг дахин гаргуулахгүй байх, химийн зэвсгийг хэн, хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд хэрэглэхгүй байхыг нийт гишүүн болон бусад улсуудад уриалсан Иперийн тунхаглалыг ХЗХБ-аас гаргаснаа олонд танилцуулсан юм.

Дэлхийн I, II дайны туршид химийн зэвсгийг өргөнөөр хэрэглэж байсан ба хүйтэн дайны үед химийн зэвсгийг хэрэглэх нь багассан ч зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын улмаас химийн зэвсгийн асар их нөөц бий болсон байдаг байна. Дэлхийн II дайнаас хойш Иран-Иракийн мөргөлдөөн, Цөлийн шуурга ажиллагаа болон Сирид 2013 онд химийн зэвсгийг хэрэглэсэн тохиолдлууд гарч байжээ.