m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 08:49
96
Спортод элэгтэй салбараар Батлан хамгаалах яамыг өргөмжилжээ

Эрүүл мэндийн яамны сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй удирдлагууд нь өнөөдөр батлан хамгаалах салбарынханд "Хүндэт өргөмжлөл" гардууллаа. Энэ нь Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн идэвх чармайлттай ажиллаж байна хэмээн өргөмжилжээ.

Шагналыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуунд гардуулсан байна. Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба шагнал гардуулахдаа "Манай батлан хамгаалах салбарынхан байнгын бэлтгэл сургуулилтыг тасралтгүй гүйцэтгэж байдаг онцлогтой. Салбарынх нь удирдлагууд болоод Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн захирагч нар нь ч гэсэн залуусаа спортоор хичээллүүлэх боломж нөхцлийг эрэлхийлж байдаг нь маш тод харагддаг. Өнөөдөр Зэвсэгт хүчний анги бүр дэргэдээ спорт танхимтай байна. Гагцхүү хуучин, шинэ гэдгээрээ ялгаатай. Иймээс зэвсэгт хүчний залуусыг спортод элэгтэй болгож байгаа танай салбарынхан энэ хүндтэй шагналыг авахаас яах билээ. Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах биеийн тамир, спортоор хичээллэх ая тухтай, эрүүл, аюулгүй орчинг бий болгохын тулд Спортын цогцолбор барьж байгаад тань талархая" гэжээ.