m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 09:36
336
Ч.Пунцаг: Завхан аймгийг баруун бүсийн тулгуур төв болгоно

Бид энэ удаагийн “Масс зочин”-оор Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцагийг урьж ярилцлаа.

-Завхан аймгийн хувьд өнгөрсөн он хэр бүтээн байгуулалттай жил болж өнгөрсөн бэ?

-Өнгөрсөн он бол завханчуудын хувьд амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Юуны өмнө би аймгийнхаа талаар товч танилцуулъя гэж бодож байна. Завхан аймаг бол Монгол Улсын баруун бүсэд оршдог. Нийтдээ 70 мянга орчим хүн амтай ба засаг, захиргааны нэгжийн хувьд 24 сум, 115 багтай. Аймгийн эдийн засгийн голлох үйлдвэр бол мал аж ахуй юм. Өнгөрсөн жилийн эцсийн тооллогоор хоёр сая 890 мянга гаруй мал тоолуулсан. Бусад аж үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноос 20 гаруй хувиар нэмэгдсэн амжилттай байлаа. Үүн дотор хүнсний үйлдвэрлэл, мод, модон эдлэл, хөнгөн үйлдвэрлэлийн салбар хамгийн их өссөн дүнтэй гарсан.

Мөн улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нэлээд их бүтээн байгуулалтыг хийсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ сум” хөтөлбөрт Тосонцэнгэл сум хамрагдаж, таван тэрбум орчим төгрөгийн төсвөөр дэд бүтцийг сайжруулах ажлыг хийж байгаа. Тус суманд нь 1990-ээд оноос хойш бүтээн байгуулалт хийгдээгүй байсан болохоор их үр дүнтэй ажил болсон.

Завхан аймгийг баруун бүсийн тулгуур төв болгоно

Харин ерөнхий боловсролын сургуулиудын хувьд өнгөрсөн жил хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод олигтой ажил хийж чадсангүй. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт нийт 11.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч төсвийн тодотголоор 7.4 тэрбум төгрөг болсон. Үүний 60 хувь нь сумдад хуваарилагдаж байгаа.

-Харин Улиастай хотын хувьд?

-Улиастай хотод гэрэлтүүлгийн ажил хийсэн. Өмнө нь зөвхөн зам дагуу байршуулж гэрэлтүүлгийн ажил хийсэн бол саяхан гэр хорооллын явган хүний замыг гэрэлтүүлсэн. Мөн сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын засвар үйлчилгээ болон иргэдийн хөгжлийн хоёр төвийг барьж байгуулсан. Үүнд 700 орчим сая төгрөгийг зарцуулсан. Цаашлаад энэ ондоо багтааж зургаан багт иргэдийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа.

Аймгийн эдийн засгийн голлох үйлдвэр бол мал аж ахуй юм

-Аймгийн төсвийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Эдийн засгийн хувьд Завхан аймаг бол татаасаар төсвөө бүрдүүлдэг аймаг. Аймгийн хэрэгцээг 100 хувь хангадаг дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэр байдаггүй. Улсын төсвөөс арав гаруй тэрбум төгрөгийн татаас авч, өөрийн орлогоор 5-6 тэрбум төгрөгийн төсвийг бүрдүүлж байгаа. Жижиг, дунд үйлдвэрүүдийн татвараар аймгийн төсвийг бүрдүүлэх нь учир дутагдалтай юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэл сэргэж байгаа гэсэн. Аль салбарын үйлдвэрлэл илүү хөгжиж байгаа вэ. Цаашдаа хэр хөгжих хандлага ажиглагдаж байгаа вэ?

-Өмнөх Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн оролцоо, тэдний оюуны чадамжид тулгуурлан байгаль орчинд ээлтэй, мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлсэн баруун бүсийн тулгуур төв болно гэсэн зорилтыг тавин ажиллаж байна. Үүний хүрээнд сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг тогтмол олгож байгаа. 2013 онд 30 орчим аж ахуйн нэгжид 400 гаруй сая төгрөгийн зээл олгосон. Харин өнгөрсөн онд 38 хүсэлт хүлээн авч, 360 сая төгрөгийн зээлийг олгоод байна. Зээл олголт яагаад удаашралтай явагдаж байна вэ гэхээр арилжааны банк хатуу шаардлага тавьдагтай холбоотой.

Хоёрдугаарт, орон нутгийн хэмжээнд 50 хүртэлх төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бий болгож байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд 4-5 томоохон аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан. Тэдгээрийн ихэнх нь барилгын материалын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс байсан.

-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин хэр байгаа вэ?

-Аймгийн нийт иргэдийн 36 орчим хувь буюу 20 гаруй мянга нь хөдөлмөрийн настай иргэд байгаа. Үүнээс 10 гаруй мянган иргэн төрийн алба, төрийн бус байгууллагад ажиллаж, үлдсэн нь хувийн хэвшилд ажиллаж байна. Дээрээс нь тогтвортой ажлын байр бий болгох тал дээр орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллах болно.

Мөн хөдөлмөрийн биржид идэвхтэй бүртгэлтэй 1000 гаруй иргэн бий. Сум хөгжүүлэх сангийн зээлийн ашиглалтын үр дүнд 700 гаруй түр орон тоог бий болгосон.

Завхан аймагт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр судалгаа маш бага хийгдэж, бараг хөндөгдөөгүй онгон байгалиараа байгаа аймаг юм

-Завхан аймгийн нэрийн бүтээгдэхүүн их ховор юм шиг санагдлаа. Бас та томоохон үйлдвэрлэгч бараг байхгүй гэж ярьсан.  Тэгвэл үйлдвэрлэлүүдийг сэргээхийн тулд аймгийн удирдлагуудын зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Бид Завхан аймагт үйлдвэрлэж буй түүхий эдийг түшиглэж үйлдвэрлэлээ эрхлэх ёстой гэж боддог. Тиймээс юуны өмнө бодлогоор дэмжиж ажиллаж байна. Хоёрдугаарт, барилгажих, хүн ам төвлөрөх, суурьших тал дээр их анхаарах ёстой учир барилгын салбарт ихээхэн анхаарч байгаа. Мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Завхан бол байгалийн бүх бүслүүр багтсан онцлогтой бүс нутагт оршдог. Жишээлбэл, говь, хангай, ойт хээрийн бүс цогцолсон газар юм. Орон нутгийн зүгээс 2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Завхан аймгаас төрөн гарсан эрдэмтэд, сэхээтнүүдтэй хамтран “Завхан аймгийн хөгжлийн гарц” сэдэвт форумыг зохион байгуулаад, цаашид аль чиглэлээр хөгжих ёстой вэ гэдгийг хэлэлцсэн. Тэгээд хөгжлийнхөө чиг баримжааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан. Үүний хүрээнд хөдөө аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, барилгын болон аялал жуучлалын салбарыг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Учир нь Завхан аймагт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр судалгаа маш бага хийгдэж, бараг хөндөгдөөгүй онгон байгалиараа байгаа аймаг юм. Тиймээс экологид түшиглэсэн аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн нэг хөшүүрэг гэж үзсэн. Энэ чиглэлээр нутгийн зөвлөлтэй хамтран томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний нэг бол “Отгон тэнгэр” төсөл юм.

-Энэ төсөл хэр хугацаанд хэрэгжих вэ?

-“Отгон тэнгэр” төсөл нь 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2013 оноос эхлэн зураг төслөө гаргаад эхэлсэн. Үүний хүрээнд Улиастай хотын орчимд аялал жуулчлалын цогцолбор барьж, сумдад байгалийн онцлог, түүхт газруудад тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлнэ. “Отгон тэнгэр” цогцолборыг 300 орчим га талбайг хамруулж, Улиастайн хоёр голын хөндийд барьж байгуулна. Үүнд 20 орчим барилга байгууламж барихаар зураг төслөө гаргана.

Завхан бол байгалийн бүх бүслүүр багтсан онцлогтой бүс нутагт оршдог

-Улс орны хөгжил хүүхэд, залуучууд, тэр дундаа боловсролын салбараас ихээхэн шалтгаалдаг. Тэгвэл танай аймгийн хувьд тухайн салбарт хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Боловсролын хувьд манай аймаг 30 ерөнхий боловсролын сургуульд 15 мянга орчим хүүхэд сурдаг. Одоогоор 39 цэцэрлэгтэй. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв хүүхэд” хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, “Завхан хүүхэд” гэх дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Мөн “Ном”, “Авьяас” зэрэг хөтөлбөрт хүүхэд бүрийг хамруулж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхээр ажиллаж байгаа.

-Дотуур байрны хүрэлцээ хэр байдаг вэ?

-Харьцангуй сайн гэж боддог. Харин зарим сургуулийн ашиглалтын хугацаа дууссан байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засаж, шинэчлэх ажлуудыг хийж байна. Энэ жилийн хувьд таван сургууль ашиглалтад орно. Энэ нь 1300 орчим хүүхэд суралцах боломж бүрдэж байна гэсэн үг. Дотуур байрны хувьд аймгийн төвд таван сургуультай ч ганцхан дотуур байртай. Харин сумдын бүх сургууль дотуур байртай байдаг. Үүнд, ус, цахилгаан, дулаан зэрэг бүх дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж өгсөн. Хүүхдийг аль болох тухтай тайван орчинд амьдрах, хичээллэх боломжийг нь хангаж өгөхийг хичээдэг.