m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 11:25
46
ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Сандуйжав, мэргэжилтэн Ж.Жанарбаатар, Э.Солонгоо, “Дарханы дулааны цахилгаан станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр, ОХУ-ын Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаин, Гуравдугаар нарийн бичгийн дарга  А.С.Савинов нар оролцжээ.

Уулзалтын үеэр И.К.Азизов ОХУ-ын эрчим хүчний "Биотек" компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төрлийн түлш хэрэглэн алслагдсан бүсүүдэд найдвартай, хямд эрчим хүч ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд зөв хэрэглэсэн тохиолдолд 70 хувь хүртэл түлшний хэмнэлт гаргаж байгаа талаар мэдээлж, тус компаний бүтээгдэхүүнийг Монголын эрчим хүчний салбарт их ашиг тустай байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав

Мөн тэрээр ОХУ-ын "Союз" компани ба "Ренова" групптэй хийсэн уулзалтын талаар товч мэдээлэл өгч, цаашид дээрх компаниуд Улаанбаатар хотын ДЦС-уудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гээд хэрэв ДЦС-4 дээр дахин өргөтгөл, шинэчлэлт хийгдвэл 150 МВт хүртэл хүчин чадал нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн байгаа гэв. Хэрэв эдгээр компаниудад боломж олговол энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл бид улс төрийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэжээ.