m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.26 07:57
248
Цуврал-43 Гэмт хэргээ нуухын тулд нэг гэр бүлийг хөнөөжээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд малын хулгайн хэрэг ихсэж хөлс, хүчээ дуслуулан байж ажилласан малчдын малыг хотоор нь хулгайлах хэрэг газар авах болов. Хэсгийн төлөөлөгч энэ хэргийг мөрдөх явцдаа Наянтай,  Хуяг, Эрдэнэбат нарыг шалгаж цагдан хорив. Мөрдөн байцаалтын явцад тэд малчдын болон төрийн өмчөөс удаа дараа хулгайлан, зарж, зувчуулсаар  байсныг олж тогтоов. Хэрэг шалгах явцад аав, ээж, ах дүү нь байнга гуйж, батлан даалтад гаргаж өгөхийг хүссээр байв. Саатуулагдсан сэжигтнүүд хэргээ хүлээж, бас ч гэмшиж байсан тул тэднийг батлан даалтад гарган шалгах ажлаа хийж эхлэв.

Саатуулагдсан сэжигтнүүд хэргээ хүлээж, бас ч гэмшиж байсан тул тэднийг батлан даалтад гарган шалгах ажлаа хийж эхлэв.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүн амины ноцтой хэрэг гарлаа гэсэн дуудлага ирлээ. Цагдаагийн  хошууч М.Даваасүрэн, мөрдөгч Н.Баттөмөр нар хэргийн газар яаравчлан очлоо. Зайдуу хоёр гэр зэрэг шатсан нь мэдээж сэжиглэх нэг үндэс болов. Том гэр хохирогч А-гийнх. Шатсан гэрийн хойморт нэг хүний цогцос байна. Сайн ажиглавал эрэгтэй хүнийх аж. Гэрчийн мэдүүлж буй, бусад хүний мэдүүлгээр А мөн болохыг тогтоов. Хажуу талын орны урдуур эмэгтэй хүний цогцос байхыг хараад эхнэрийнх нь мөн гэсэн таамаг дэвшүүллээ.

Харин жижиг гэрт 10-аад насны хүүхдийн цогцос байгаа нь тэдний хүү гэдгийг олон хүн гэрчилжээ. Шатсан гэрийн хойхно бас нэг хүү ухаангүй байхыг хүмүүс олоод сумын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл ирэв. Энэ жигшүүрт хэргийг хэн үйлдэв, яагаад тэднийг хөнөөв гэдгийг мухарлах ажлаа эхлүүлжээ. Мөрдөгчид талийгаачдын цогцсыг шинжээд тархин тус газраа удаа дараа хүнд зүйлээр цохиулсан болохыг мэдээд сүхдүүлсэн байж болзошгүй гэж таамаг дэвшүүлэв.

Ажлын хэсгийнхэн гурав хэсэг болоод хэргийг мөрдөх ажлыг эхлүүлэв. Нэг хэсэг нь нутагтаа үлдэж мөрдөх болов. Хоёр дахь хэсэг нь гэмтнүүдийг ирсэн байж болзошгүй зүг хөдөллөө. Харин сүүлийн ажлын хэсэг явсан зүг рүү явжээ. Хошууч М.Даваасүрэн, мөрдөгч Н.Баттөмөр нар сумын төв орж хохирогчтой хамгийн сүүлд хэн уулзсан, хаана байсан гэх баримтыг цуглуулж тэдэнтэй нэгд нэгэнгүй уулзаж ярилцав. Сумын төвийн эмнэлэгт 10 гаруй удаа хутгалуулж золоор амьд гарсан Батнасан байна гэсэн мэдээллийн мөрөөр тэд очжээ. Батнасан “Ахынд гурван морьтой залуу ирсэн. Тэд Алтайд гэдэг уул хаана байна вэ гэж асуусан. Ах гарч тэдэнтэй уулзаад буцаад орж ирсэн. Орой бүрий тасарсан хойно тэд морь цуцлаа гээд ирсэн. Өмнө нь огт хараагүй залуус байна лээ. Бэр эгч тэдэнд хоол хийж өгөөд гудас засаж өгсөн юм. Тэгээд би тэдний гэрээс гарсан. Гэтэл орой нь ах муухай орилохоор нь гараад очтол тэд намайг хутгалсан” гэв. Энэ үг гэмтнүүд гурвуулаа байсан, огт хараагүй хүмүүс учир  гаднын нутгаас ирсэн болохыг олж тогтоожээ.

Гэтэл орой нь ах муухай орилохоор нь гараад очтол тэд намайг хутгалсан

Тэдний явсан зүг рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гээд хэрхэн ажиллах талаар санал солилцов. Бугат сумын өндөр настай Г-ын гэрт гурван залуу байна гэсэн  мэдээлийн мөрөөр ажлын хэсэг Бугат сум руу явлаа. Алсаас харахад хөгшний гадаа холбоотой гурван морь харагдав. Гэмт хэрэгтнүүд олон хүний амь нас хөнөөсөн учир шууд очиж болохгүй. Цагаандаа гарсан хүмүүс юу  чхийж мэдэх тул арга зохиохоор болов. Ингээд хоёр нь түрүүлж очихоор болов. Гэхдээ эрүүл бус согтуу хүний дүр үзүүлж очихоор шийдэв. Ингээд тэд дуулалдан, чанга чанга инээлдсээр хөгшний гэрийн гадаа ирэв. Тэд ч нутгийн архи уусан залуус, ааг омгоо багтааж ядан явна гэж бодоод нэгийгээ гаргав. Тэд уяан дээр ирж морьдыг тайлж явуулав. Санаатай ингэж байна гэж бодоогүй гэмтэн “Та нар яагаад морь үргээв” хэмээн гартаа буу барьсаар тэдэн хүү ирэв. Согтуу хүний дүрд хувирсан цагдаагийн ажилтнууд “Яасан ах нь алдаа гаргаа юу. Миний морийг унаад яв” хэмээн цулбуураа сарвайв. Буу барьсан нөхөр муухай харж тэдний хөдөлгөөнийг няхуур хянаж байлаа. Хажуугаар нь өнгөрөхдөө бууг нь цохиж унагаад гавлаж орхив.

Гадаах чимээнээр нөгөө хоёр гарч ирээд “Гараа өргө, буудлаа” гэх цагдаагийн ажилтны эрс шийдэмгий хэлэхийг хараад нам зогсов. Ингээд тэднийг саатуулан гавлаад аймагт авчирчээ. Тэд малын хулгайгаар гар нийлсэн дээрэмдчид бөгөөд гэмт хэргээ нуун дарагдуулж, амь гарах гэж оргож явахдаа ийн хүний алтан амь хөнөөсөн юм. Мөрдөн шалгах явцад 17 удаагийн үйлдлээр 11 сая гаруй төгрөгийн хохирол улсад учруулсныг тогтоожээ. Гэмт хэргийг толгойлсон Наянтайд цаазаар авах ял, нөгөө хоёрт нь гянданд 15 жилийн хорих ял оноожээ.