m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.28 07:21
176
Ч.Долгорсүрэн: Нэг удаагийн живхийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй

"Масс" агентлагийн Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр Улаанбаатар хотод үргэлжилж байна. Хүүхдэд ямар нэгэн харшил өгдөггүй, чийг татдаггүй живхийг “Тийзард”-ын хамт олон эх орондоо үйлдвэрлэж байна. Нэг удаагийн живх нь байгаль экологид сөрөг нөлөө ихтэй байдаг бол даавуун живх байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн бөгөөд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй аж.

 “Тийзард” ХХК-ийн менежер Ч.Долгорсүрэнтэй хийж буй бүтээгдэхүүний талаар ярилцлаа.

-Танай үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ. Анх угаадаг живх үйлдвэрлэх санаа хаанаас төрөв?

-Манай үйлдвэр байгуулагдаад нэг жил болж байна. Хүүхдийн асаргааны явцад тохиолддог бэрхшээл бол живх.  Живхнээс болж хүүхдэд ямар нэгэн харшил өгдөг учраас  үүнийг шийдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа анх төрж байсан.

-Зах зээлд танайхтай ижил бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар байдаг уу?

-Манайхтай ижил хэлбэр, загвараар хийж байгаа живх байхгүй.  Манай үйлдвэр л ганцхан живх хийхэд зориулагдсан материалаар үйлдвэрлэдэг. Ижил төстэй материалаар үйлдвэрлэсэн живх импортоор орж ирдэг. Ихэнхдээ БНХАУ-аас орж ирдэг учраас шинжилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байдаг.

-Гаднын улс орнууд даавуун живхийг хэр өргөн хэрэглэдэг юм бол. Үүнийг судлаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Нэг удаагийн живх их хог хаягдлыг бий болгож, экологийн хортой дайсан гэж үздэг. Тэр утгаараа нэг удаагийн живх хэрэглэхээс татгалзаж даавуун живхийг түлхүү хэрэглэх болсон. Даавуун живхний төрөл, брэнд олон төрөл болж ээжүүдийн энгийн хэрэглээ болсон. Нэг ёсондоо илүү эко хэрэглээ гэсэн үг.

-Материалаа хэрхэн сонгодог вэ?

-Хүүхдэд даавуун материал илүү ээлтэй байдаг. Олон улсад хэрэглэдэг чанартай материалыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд живхээ үйлдвэрлэдэг.

-Түүхий эд, материалаа гаднаас оруулж ирэхэд гаалийн болон татварын хөнгөлөлт эдэлдэг үү. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын дарамт их юм шиг санагддаг?

-Түүхий эд материалаа далайн боомт хотуудаас оруулж ирдэг. Тийм ч ихээр оруулж ирдэггүй учраас хүндрэл бэрхшээл одоохондоо тулгараагүй байна.

-Борлуултын цэгүүд хаагуур байдаг вэ. Орон нутагт борлуулах боломж байдаг уу?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Драгон худалдааны төв болон Хан-Уул дүүрэгт худалдааны цэгүүдээр борлуулалт хийж байна. Орон нутагт борлуулж эхэлсэн. Драгон дахь салбараас орон нутгийн захиалагч нарын бүтээгдэхүүнийг явуулдаг. Зөвхөн захиалга гэхгүйгээр орон нутагт өөрсдийн салбарыг нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Танай бүтээгдэхүүн  эдийн засгийн хувьд нэг удаагийн живхтэй харьцуулахад ямар давуу талтай вэ?

-Нэг удаагийн живх 30-40 мянган төгрөгийн ханштай байгаа. Түүнийг нэг сард л хэрэглээд дуусна шүү дээ. Манай живх төрлөөсөө хамаарч 12-28 мянган төгрөгийн үнэтэй. Хэрвээ зөв хэрэглэвэл жилд 4-5 живх хэрэгтэй.  Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй гэж хэлж болно.

-Дан шингээлтийн даавууг тусад нь зардаг уу?

-Хүний хэрэгцээг яаж хангаж болох бүхий л хэлбэрээр зарж борлуулдаг.  Яаж худалдан авах онцлогоос нь шалтгаалдаг. Олон тоогоор худалдан авсан тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх жишээтэй.

-Танай компанийн цаашдын зорилго юу вэ?

-Дотооддоо зарлагдаж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж гадаадад худалдаалах, орон нутагт зарж борлуулах зорилготой байгаа. Цаашлаад хүүхдэд тохирсон эрүүл хувцас  үйлдвэрлэх бодол бий.

Оёдолчин Ч.Дэнсмаа

Танай бүтээгдэхүүний төрөл, хэмжээ цөөнгүй бололтой?

-Тиймээ, 0-2 настай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүүхдийн хэмжээнээс шалтгаалан хэмжээ нь өөр байдаг.

-Нэг живхэнд хэдэн шингээгч дагалддаг вэ. Хэдэн шат дамжлагатайгаар бүтээгдэхүүн бэлэн болдог вэ?

-Нэг живхэнд таван шингээгч дагалддаг. Мөн халаасны живхэнд хоёр шингээгч дагалддаг. Коноп хадах, эсгэх, оёх, шингээгч хэрэх дамжлагыг дамжин бүтээгдэхүүн бэлэн болдог.

-Өдөрт хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг вэ?

-Өдөрт 20-30 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

-Танай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамж хэр байдаг вэ?

-Хэрэглэгчид сэтгэл ханамжтай байдаг. 

Өргөө амаржих газрын борлуулалтын цэг

Холбогдох утас: 94666017, 70341113