m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.02 09:20
742
Уянгалаг аялгууг хард рок хэмнэлттэй хослуулсан "Queen" хамтлаг

“Queen” хамтлагийн түүх, АНУ-д нэг сингл  цөөн хувиар гаргасан ч амжилт олж чадаагүй оюутны “Smile” гэдэг хамтлагаас эхтэй юм.

Энэ хамтлагийн гитарчин, бөмбөрчин хоёр нь уран бүтээлээ үргэлжлүүлэх болж харин өөр төлөвлөгөөтэй байсан  дуучин нь өөрийнхөө оронд дажгүй дуулчихдаг залууг дагуулж иржээ. Гэсэн ч энэ шинэ залуу нь Ларри Люрекс гэдэг нууц нэрээр “Beach boys” хамтлагийн  нэгэн дууг дуулж бичүүлсэн өөрийн гэсэн туршлагатай  нэгэн байлаа. Тэр залууг Фредерик Булсара гэдэг байв. 1946 оны есдүгээр сарын 5-нд төрсөн тэр Меркьюри гэдэг шинэ нууц нэр өөртөө сонгожээ. Яагаад гэвэл Меркьюри гариг нь түүний зурхайн ордыг /охин/ ивээгч нь байлаа.

Ингээд 1971 онд “Queen” хамтлаг Фредди Меркьюри /дуучин, төгөлдөр хуурч/, Брайн Мэй /гитарч, даралтат хөгжимчин, дуучин/, Рожер Тейлор /бөмбөрчин/, Жон Дикон /аргил гитарч/ гэсэн бүрэлдхүүнтэйгээр байгуулагджээ. Тэдний анхны цомог нь 1973 онд гарч, библийн сургуулиас хэсэгчлэн авсан зөөлөн, сэтгэл татам уянгалаг дуунууд нь анхны амжилтыг авчирсан байна. Цомгийн сурталчилгааг “EMI” фирмийнхэн өмнө нь байгаагүйгээр / хэрэв ажил нь үр дүнд хүрээгүй бол үнэхээр гайхахад хүрэхээр/ сайн хийж зах зээлд оруулжээ. Дөнгөж гарч ирж байгаа шинэ хамтлаг,  бичлэгийн хүчирхэг фирмтэй гайхалтай гэрээ байгуулж чадсан нь бүгдийн гайхлыг төрүүлж байлаа.

Библийн сургуулиас хэсэгчлэн авсан зөөлөн, сэтгэл татам уянгалаг дуунууд нь анхны амжилтыг авчирсан байна

Хамтлагийн гурав дахь цомог болох “Sheer heart attack” нь тэдний нэр алдрыг дэлхийд дуурсгасан юм. Энэ цомог нь хард-рок, рокабилли, арт-рок, ретро гээд хөгжмийн олон урсгалыг нэгтгэсэн өвөрмөц бүтээл болсон байв. Цомгоо гаргасны дараагаас нь л шүүмжлэгчид “гайхам баялаг аялгуунууд”, “гайхам өнгө будаг”, “аялгуу бүрээс нь уран сэтгэмж”, “Битлз дахин сэргэлээ” гэхчилэн бичицгээж эхэлсэн юм. Үнэндээ цомог сонсогчидоо олж Британийн хитэд дажгүй амжилт үзүүлсэн байлаа.  Хамтлагийн дөрөвдэх уран бүтээл нь “A night at the opera” цомог нь болсон юм. Энэ цомгоо тэд 1975 оны турш бичүүлсэн байна. Цомог бүхэлдээ ер бусын их өртгөөр бүтсэн байв. Хамтлагийнхан хард рок стилийг уг цомогтоо тусгасан ч түүнийг сонгодог хэлбэрээр нь биш өөр янз бүрийн урсгал, хачин сонин зохиомжуудаар чимж, хөгжмийн маш олон бүтэц хэлбэрийг ашигласан. Цомгийн гол цөм нь рок хөгжимд жинхэнэ шинэ үзэгдэл болсон “Bohemian Rhapsody” нь болсон юм. Энэ дуу нь 1975 оны Их Британийн шинэ жилийн хитэд нэгдүгээрт бичигдэж, есөн долоо хоногийн турш аваргын байраа алдаагүй байна. Зохиомж нь нэн уянгалаг аялгууг хард рок хэмнэлтэй хослуулснаараа онцлог байлаа. Меркьюри өөрийнхөөрөө дуулахаас гадна дуурийн дуучны хоолой гаргаж чадварлаг  дуулсан нь олныг байлдан дагуулсан юм.

Хамтлагийн гурав дахь цомог болох “Sheer heart attack” нь тэдний нэр алдрыг дэлхийд дуурсгасан

Хэний ч хайрыг татаагүй өчүүхэн тэнэгийн тухай энэ дуунд: “Алчихаад, ээжээ гэж тэр уйлан зугтсан юм, тэгээд түүнийг шийтгэсэн” гэж Меркьюри дуулдаг аж.  Дууны агуулга нь, хамтлагаа байнга хачин жигтэй, олныг сэрдийлгэсэн зүйл рүү түлхэж байдаг ахлагчийнх нь  гол зорилгынх нь тусгал болсон гэдэг. Энэ зарчим нь хамтлагийн цаашдын амжилтанд нэмэр нөлөө болоогүйг онцолж хэлэх хэрэгтэй.

“Queen” хамтлаг төгөлдөр хууртай романс дуулаад эхэлбэл тэр нялуун дуунуудад нь үнэнч фэнүүд нь татагдах нь бүү хэл бүр ой нь гутаж мэдэхээр байлаа. Үнэхээр ч 1976 онд гаргасан “A day at the races” цомгийг нь ихэнх шүүмжлэгчид дууриамал, дэндүү маягласан гэж дүгнэсэн бол хэвлэлүүдэд “Европт диско хөгжим эрч хүчээ авахын босгон дээрх рокын доройтсон ганхалт” гэж бичицгээсэн байв. Дараагийн ажлууд нь болох “News of the world”-1977, “Jazz”-1978 цомгуудаар “Queen” хамтлаг урьдынхаараа л, дуутай харьцуулалшгүй бүтээл туурвиж байгаагаа харуулжээ. “Jazz” цомогт нь орсон ер бусын хачирхалтай “Мустафа Ибрагим” дууг нь олон хүн, хард рокын доройтлыг өвөрмөцөөр харуулсан гэж үздэг байна. Сүлд дууны өнгө аястай “Дугуйн уралдаан” дуу нь дугуйн уралдааныг маш ойлгомжгүй, хэнд ч үнэмшилгүйгээр дууриахыг хичээсэн байлаа. Цомгоо нэрлэсэн “Jazz” дуу нь хүртэл “Хэрвээ ямар нэг зүйл сэтгэл зовоосоор л байгаа бол тэр чинь хөлбөмбөг, рок-н-ролл зүгээр л тооцоог нь хийчихнэ” гэх зэргээр сонсогчдыг сэрдийлгэсэн, хачин дуунууд байлаа. Гэсэн ч “Queen” хамтлаг өөрсдийн гэсэн арга барилаа олсон нь тэднийг амжилт гаргах гол үндэс болсон байна.  Үүний баталгаа нь 1979 онд гаргасан “Live killers” концертын цомог нь юм.  Үүгээрээ тэд ямар их чадал чадавхитай хамтлаг болохоо дахин харуулж, нэр хүндээ өндөрт өргөж чадсан байна.

“Queen” хамтлаг урьдынхаараа л, дуутай харьцуулалшгүй бүтээл туурвиж байгаагаа харуулжээ

1980-аад он гарсаар “Queen” хамтлаг шинийг эрэлхийлэх болж “The game”-1980, “Flash gordon”-1981, “Hot spase”-1982 цомгуудаа гаргасан юм. Гэвч тэднээс нь шүтэн бишрэгчид нь гайхалтай юу ч олж сонссонгүй. Фанк рок стиль, цахилгаан хөгжмийн дуугаралтуудыг ихээр ашигласныг нь өөрсдөөсөө урвалаа гэж фэнүүд нь үзэцгээж байв. 1984 онд “The works” цомгоо гаргаж 70-аад оны эхний хагаст ямар байсан, тэр л стилээ дахин сэргээжээ. Энэ үед “Queen” хамтлагийг тарах нь гэсэн цуу их гарсан хэдий ч, тэдний хэн нь ч хамтлагаасаа гарх тухай мэдэгдэл хийсэнгүй, гэхдээ л толгой дараалан бие даасан цомгуудаа гаргаж эхэлжээ.

 

“Queen” хамтлаг өөрсдийн гэсэн арга барилаа олсон нь тэднийг амжилт гаргах гол үндэс болсон байна

1986 онд “Queen” хамтлагийнхан нэлээд хөдөлмөр зарж байж “A kind of magic” цомгоо гаргажээ. Брайн Мэй энэ тухай “Шинэ цомгоо бичүүлж байсан эхний гурван долоо хоногт бид жинхэнэ гар нийлсэн. Бидэнд зөвхөн бөмбөр, гитар, даралтад хөгжим, дуучин л байсан. Үнэндээ ингэж л эхэлсэн” хэмээн ярьжээ. Харамсалтай нь энэ цомгийн хөгжмийг их нялуун болсон гэж үздэг. Энэ нь магадгүй, тэр үед ихээхэн дэлгэрсэн “Уулын хүн” киноны хөгжмөөс цомогтоо авсан нь нөлөөлсөн ч байж болох юм. Тэр үед “Who wants to live forever” дуу нь хит болж байлаа. “Бидний цаг үе биш, Бидэнд орон зай алга, Тэр л ганцаараа мөнх амьдрахыг хүсэн мөрөөдөж байна... ” гэсэн үгнүүдийг сүлд дуулал болно гэж хэн санах билээ.

1987 онд “The Miracle” цомог нь гарсан. Цомгийн агуулгыг нэрнээс нь л ойлгож болох байв. Хамтлаг дахин эрч хүчээ авлаа гэж ярьцгаах болж. Үүнийг Брайн Мэй “Бид хамтарч ажиллалгүй дэндүү удсан юм. Бүгдийг сайтар бодох цаг байсан. Тэгээд л гэнэт бидэнд, урьдын эрч хүч дахин сэргэж, хамтарч дуулж, зохиох хүсэл төрцгөөсөн. Бид уулзахдаа ямар нэг гайхамшгийн тухай хоосон мөрөөдөлтэй л байцгаалаа. Энэ бол сайн зүйл. Бид студийн хаалганы цаана өөрсдийнхөө “би”-г орхин орцгоосон. Ингэх нь “Queen” хамтлагтаа гавьяа байгууллаа гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.

Тоглолтон дээр Фредди Меркьюри цагаан өмд, майктай тайзан дээгүүр нааш цааш гүйж, микрофоноороо янз бүрийн үзүүлбэр хийж байлаа

Цомогт  урьд нь “Queen” хамтлаг байсан бүгд л орсон байв. Фредди Меркьюрийн давхар хоолой, Брайн Мэйгийн өө сэвгүй гитарын гоцлол, сайтар бодож хийсэн аранжировк гээд... Цомгийнхоо амжилтаар дөрөөлж аялан тоглолт хийхээр хамтлагийнхан сэтгэл шулууджээ. Харин  хамгийн алдартай нь Будапештэд хийсэн тоглолт байсан юм. Тоглолтон дээр Фредди Меркьюри цагаан өмд, майктай тайзан дээгүүр нааш цааш гүйж, микрофоноороо янз бүрийн үзүүлбэр хийж байлаа.  Тоглолтын төгсгөл рүү Унгар, Британийн далбаа бүрхэж эцэст нь Меркьюри хааны титэм өмсгөлтэй гарч ирж, гартаа очирт таяг барьсан байв. Энэ тоглолтыг үзүүлсэн видео кино гарсан нь заавал үзэх ёстой зүйлийн нэг болж чадсан юм.  Үнэндээ  хамтлагийн сэргэн мандалт эхэлсэн нь тэр байлаа.

Гэвч 90-ээд оны эхээр Фреддиг ДОХ-ын халдвар авсан гэх яриа түгсэн юм. Үүнийг баталсан зүйл байсангүй. “Queen” хамтлаг ч уран бүтээл дээрээ ажилласаар байлаа. 1991 онд хоёр шинэ цомог гаргасан нь “Show must go on” хит дуутай “Innuendo”, “Insinuatio” хит дуутай ижил нэрт цомог нь байв.  1991 онд Лондон хотын “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх байсан ч Фредди Меркьюри дуулахад хүндрэлтэй байсны улмаас больжээ. Үүнээс өмнөхөн Фредди олимпын нээлтэд дуурийн нэрт дуучин Монтсеррат Кабальетэй хамтран дуулсан “Барселона” дуугаараа цомог гаргасан юм.

1991 оны арваннэгдүгээр сарын 24-нд Меркьюри ДОХ-ын улмаас, уушгины бронхит өвчнөөр нас барсан юм

Харин 1991 оны арваннэгдүгээр сарын 24-нд Меркьюри ДОХ-ын улмаас, уушгины бронхит өвчнөөр нас барсан юм. Зарим судлаачид Фредди Меркьюри нэгэн дуундаа “Ямар чөтгөрөө хийж би энд бувтнанан вэ” хэмээн дуулж, яг л тэр дуу шигээ амьдарсан” гэж үздэг байна.

“Queen” хамтлаг нийтдээ 20 гаруй цомог гаргажээ. Меркьюриг нас барсны дараа хамтлагийнхан “Queen”-г дахин сэргээхийг оролдсон ч үр дүнд хүрээгүй юм. Өнөөдөр рок хөгжимд Фредди Мэркьюриг орлох хэн ч алга...