m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.05 02:43
263
Ц.Баатар: Хоёр дахь ч түүхий эд боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ. Ийн Нийслэлийн есөн дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдийнхээ үйл хэргийг олон нийтэд сурталчилж байна. Энэ удаа Нийслэлийн Баянзүрх  дүүргийн баялаг бүтээгчдийн нэг “Нопсан” ХХК-г зорилоо.  “Нопсан” ХХК нь шилэн кабель,холбооны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ салбарт үйлдвэрлэл эхлүүлсэн таван компанийн нэг юм. Анх найман ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан тус компани өнөөдөр 27 хүнийг ажилтай, орлоготой болгожээ.  Компанийн үүсгэн байгуулагч  Ц.Баатартай өнөөдрийг хүртэл таван залуу гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж байна. Ингээд “Нопсан” ХХК-ийн захирал Ц.Баатартай ярилцлаа.   

- “Нопсан”ХХК анх хэдэн ажилтантай үйлдвэрлэлээ эхэлж байсан бэ?

- 1997 оны зургаадугаар сард найман ажилтантай байгуулагдаж байсан. Манай компани холбооны кабель, шугамын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг.  Гадна болон дотоод монтаж хийж үйлдвэрлэлээ эхэлж байлаа.

- Томоохон төслүүд дээр ажиллаж байсан уу?

- Тэгэлгүй яахав. Компани байгуулагдсан цагаасаа томоохон холбоо, шилэн кабелийн төслүүд дээр ажиллаж байсан. Тухайлбал, “Мобиком”, “Скайтел”, ”Юнител”,”Юнивишн”, ”Монголын цахилгаан холбоо” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилласан.  Бид өнөөдрийн байдлаар 7000 гаруй километрт шилэн кабель тавьсан. Түүнчлэн 200 гаруй барилгын гадна дотно холбооны ажлыг хийж гүйцэтгэлээ.   

Компани байгуулагдсан цагаасаа томоохон холбоо, шилэн кабелийн төслүүд дээр ажиллаж байсан

- “Нопсан”ХХК салбартаа тэргүүлэгч таван компанийн нэг. Өрсөлдөгч компаниуд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн шүү дээ?

- Манай компани шилэн кабель тавьдаг компаниуд дотроо эхний тавд багтдаг. Харин жил ирэх тусам энэ салбарт үйлдвэрлэл явуулж буй олон компаниуд нэмэгдсэн. Мэдээж өрсөлдөгч маш олон болж, ойролцоогоор 200 гаруй компани байна.

Өрсөлдөгч маш олон болсон

- Танай хамт олны цаашдын томоохон зорилго юу вэ?

- Бид үйлдвэрээ өөрсдөө л байгуулахгүй бол материалаа гаднаас авах нь хүндрэлтэй байсан. Тиймээс өөрсдийн гэсэн туслах үйлдвэртэй болох зорилго тавьж хоёр жилийн өмнөөс  хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн худгийн асуудлаа шийдсэн. Өөрөөр хэлбэр хэрэгцээний материалаа өөрсдөө үйлдвэрлэж байна.  Яндангийн эрэлт хэрэгцээ их байсан учир яндангаа үйлдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Цаашид үйлдвэрээ өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

Өөрсдийн гэсэн туслах үйлдвэртэй болох зорилго тавьж хоёр жилийн өмнөөс  хэрэгжүүлж эхэлсэн

- Хэрэглэгчдээс захиалга  их ирж байна уу?

- Холбооны салбар дотроос манай байгууллагыг мэдэх хүн цөөнгүй. Бид зарим бараа материлаа урд хөршөөс хамтран ажилладаг найдвартай түншээсээ захиалгаар авдаг. Мөн хоёр дахь ч түүхий эд боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодол бий. Харин эргэлтийн хөрөнгө дутмаг байдгаас одоогоор ажил хэрэг болоогүй байна. Гэхдээ бүтэхгүй хэмээн зүгээр суух биш бүтээхийн төлөө ямагт гарц хайж байна.

Холбооны салбар дотроос манай байгууллагыг мэдэх хүн цөөнгүй

- Та эргэлтийн хөрөнгө дутаж байна гэж хэллээ. Тэгвэл үйлдвэрлэлээ өргжүүлэхээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан уу?

- Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч бүтээгүй.

- Ямар шалтгаанаар төсөл хөтөлбөрт хамрагдаагүй вэ?

- Дамжилга их, шаардлага өндөр учир хамрагдаж чадаагүй.  Манай хамт олон 1997 оноос хойш  бор зүрхээрээ ажиллаж байна.

Дамжилга их, шаардлага өндөр учир зээлд хамрагдаж чадаагүй

- Шинэ бүтээгдэхүүн туршиж үзээд амжилттай болсон хэмээн ярьж байсан. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр туршсан бэ?

- Лего тоосго үйлдвэрлэж туршлаа. Одоогоор өөрсдийн хэрэгцээндээ тоосго үйлдвэрлэдэг. Харин зах зээлд гаргах эсэхээ судалж байна.

- Банкнаас хэдэн төгрөгийн зээл авч байсан бэ?

- Дээд тал нь 60 сая төгрөгийн зээл авсан. Нэг удаа түүхий эд татахад 27 сая төгрөг шаардагддаг.  Ханшийн зөрүүнээс үүдэж 30 гаруй сая төгрөгөөр материалаа татах тохиолдол ч бий.  

- Орон нутагт шилэн кабелийн томоохон ажил ойрын хугацаанд хийх үү?

- Тэгэлгүй яахав. Орон нутагт шилэн кабель тавих тендер зарлагдсан. Тендерт ялах  эсэхээ мэдэхгүй л байна. Шалгаруулалт чанга болсон. Холбооны ажил  сүүлийн жилүүдэд багасч байгаа. Монгол орны ихэнх аймаг, сумдад шилэн кабелийн сүлжээ тавигдсан. Харин 40 орчим сум үлдсэн байгаа.  Ерөнхийдөө орон нутаг шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон гэж хэлж болно. Энэхүү ажилд гар бие оролцсондоо баярладаг.

Тендерт ялах  эсэхээ мэдэхгүй л байна. Шалгаруулалт чанга болсон

- Үйлдвэрлэлийн байраа засаж тохижуулсан байна. Өмнө нь энэхүү байрыг ямар зориулалтаар ашигладаг байсан бэ?

- 2008 онд одоо үйлдвэрлэл явуулж байгаа байраа 37 сая төгрөгөөр худалдаж  авсан. Улмаар эх орондоо  өөрсдийн боломжоор үйлдвэрлэл явуулъя хэмээн хоёр байраа бүрэн тохижуулахад 60 гаруй сая төгрөг зарцуулсан. Уг байр өмнө нь цэргийн казарм байсан юм.  Харин бид чадлаараа тохижуулан өнөөдөр үйлдвэрлэлээ явуулж байна.  

Эх орондоо  өөрсдийн боломжоор үйлдвэрлэл явуулъя хэмээн хоёр байраа бүрэн тохижуулахад 60 гаруй сая төгрөг зарцуулсан

 

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг

"Нопсан"ХХК