m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.05 02:47
67
"Гүйгүүл ноён" номын нээлт болно

 

Энэ сарын 6-нд Интерномын төв салбарт Б.Дашдэлэгийн "Гүйгүүл ноён" номын нээлт болно. Энэхүү ном нь Монгол улсынхаа төлөө үйл амьдралаа зориулж, гавьяат үйлсийг бүтээж, түүхэнд нэрээ тодоор үлдээсэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны талаар түүхийн эх сурвалж, архивын баримт материал, домог, хууч ярианд тулгуурлан уран зохиолын хэлбэрээр бичсэн түүхэн өгүүллэгүүдийн эмхэтгэл юм. Зохиогч эдгээр өгүүллэгүүддээ болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудыг хувь хүний үйл ажиллагаа, тухайн цаг үеийн гадаад болон дотоодын улс төр, нийгмийн байдалтай уялдуулан гаргахыг хичээжээ. Мөн түүхийн сурвалж бичгүүдэд өөр, өөрөөр бичигдэж үлдсэн зарим үйл явдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичжээ. Жишээ нь: Монголын нууц товчоонд Чингис хааны дээд язгуур Бөртэ чоныг Тэнгис гэтэлж ирээд Бурхан халдун ууланд нутагласан хэмээдэг ба чухам хаанаас, ямар тэнгис гэтэлж ирэв гэдгийг огт дурдаагүй байдаг. Эрдэмтэн мэргэд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэн олон янзаар тайлбарласан байдаг. Ираны түүхч Рашид ад дин бичихдээ: "эгц өндөр хадан хясаа уулсаар хүрээлэгдсэн Эргүнэ гүн гэдэг газраас гарч ирсэн нэгэн аймгийн толгойлогч нь Бөртэ чоно гэдэг нэгэн ихээхэн хүндтэй ноён байжээ" гэсэн байдаг бол их эрдэмтэн Ш.Гаадамба "Тэнгис гэдэг нь нэг голын нэр байх гэсэн Х.Пэрлээ, Элдэндэй, Ардажав нарын саналыг зөв гэж үзсэн байдаг.Мөн Лувсанданзаны Алтан товч сударт, Бөртэ чоныг Төвдийн хүзүүн сандалт хааны удам алтан сандалт хааны отгон хөвгүүн гэжээ. Харин Гүйгүүл ноён номын зохиогч Бөртэ чонын угсаа гарвалын талаар өөрийн хувилбарыг дэвшүүлэн тавьжээ.

Зохиогч мөн номондоо, эх орноо Хятадын гамин цэрэг, Оросын цагаантны харгис түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцэлд амь бие хайрлахгүй тэмцэж гавьяа байгуулж явсан бөгөөд ардын хувьсгалын анхны жилүүдэд төрд алба хашиж, хувьсгалын ололт амжилтыг бэхжүүлхийн төлөө зүтгэж явсан боловч, жинхэнэ ноён байсан гэдэг шалтгаанаар байгуулсан гавьяагаа үнэлээгүйгээр үл баран ажил албанаасаа халагдаж, намаасаа хөөгдөж явсан Бишрэлт гүн Сундуйн талаар сонирхолтой бичжээ. Энэхүү ном нь Монгол улсынхаа аугаа их түүхийг судлаж мэдэхийг хичээдэг хэн бүхэний мэдлэгийн санд нэмэр болхуйц бүтээл болжээ.