m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.07 01:37
89
Д.Алтангэрэл: Иргэд сонголтоо өөрчилж биднийг дэмждэг болсон

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд Нийслэлд үйлдвэрлэл явуулдаг баялаг бүтээгчдээ олон нийтэд сурталчилж буй. Энэ удаа уншигчиддаа Баянгол дүүргийн баялаг бүтээгч “Митропласт” ХХК-г танилцуулъя. Тус компани нь вакум цонхны хуванцар бэлдэцийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг юм.  Ингээд “Митропласт” ХХК-ийн захирал Д.Алтангэрэлтэй ярилцлаа.     

- “Митропласт” ХХК-г хэдэн онд байгуулагдсан бэ.Үйлдвэрлэлийнхээ гарааг хэрхэн эхэлж байв?

- Манай компани  2011 онд байгуулагдаж, 2013 оноос үйлдвэрлэлээ жигдрүүлсэн.  100 хувь  дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Бид одоогийн байдлаар вакум цонхны бэлдэцийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байна. 

Вакум цонхны бэлдэцийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байна

- Бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ?

- Манай бүтээгдэхүүн 60, 70 мм гэсэн үндсэн хоёр системээс бүрддэг. Эдгээр бэлдэцүүд нь монгол орны эрс тэс уур амьсгалд таарсан чанартай бүтээгдэхүүн  юм. Түүнчлэн Европ стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээрээ онцлогтой. Вакум цонхны бэлдэцийг үйлдвэрлэхэд 10 гаруй химийн бодисыг хольдог.

Европ стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээрээ онцлогтой

- Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

- Бүтээгдэхүүнийхээ  түүхий эдийг Турк,,БНСУ,БНХАУ-аас авдаг.  Эдгээр улсууд нь химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч юм.

- Та бүгдийн цаашдын эрхэм зорилго юу вэ?

- Бидний зорилго бол шинийг эрэлхийлж, шинэ технологи дээр үндэслэн,  чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн найдвартай түнш болох. Түүнчлэн бүтээгдэхүүнээ уян хатан үнийн нөхцлөөр  борлуулдаг. Шинийг эрэлхийлэгч гэсэн үндсэн зорилгын хүрээнд хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг  ашигладаг. Мөн цаашид зөвхөн вакум цонхны бэлдэц үйлдвэрлэхээс гадна бусад төрлийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинийг эрэлхийлэгч гэсэн үндсэн зорилгын хүрээнд хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг  ашигладаг

- Вакум цонхны бэлдэцийг эх орондоо үйлдвэрлэж байна. Иргэд ихэвчлэн  урд хөршид үйлдвэрлэсэн хуванцар бэлдэцтэй андуурдаг. Тэгвэл танай бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах вэ?

- Манай бүтээгдэхүүн нь  Монголын цаг уурын нөхцөлд  тохирсон,  чанартай бүтээгдэхүүн юм.  Мөн бидний үйлдвэрлэж буй вакум цонхны бэлдэц нь хурц биш дугуй ирмэгтэй. Энэ стандартыг сүүлийн үед нэвтрүүлэх болсон.  Бид жилдээ 1000 тонн бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай. 

- Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?

- Одоогоор бид бүрэн хүчин чадлаараа ажиллахаас илүү нөөц байдлаар ажиллаж байна.

- Үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст тодорхой бэрхшээл тулгардаг. Ямар бэрхшээл та бүгдэд тулгарч байна?

- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд худалдан авагчдаа танин мэдэх хугацаа  бага байдаг. Манай иргэд ихэвчлэн гаднын оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн. Гаднын оронд л үйлдвэрлэсэн бол чанартай гэж үздэг.  Өөрөөр хэлбэл дотоодод үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүндээ  иргэд итгэдэггүй. Гэхдээ сүүлийн үед иргэд сонголтоо  өөрчилж биднийг дэмжих болсон.

Дотоодод үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүндээ  иргэд итгэдэггүй

- Анх зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлж байсан уу?

- Үгүй ээ. Бор зүрхээрээ болгоё, бүтээе гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөжүйлдвэрлэлээ өөрсдийн хөрөнгөөр эхлүүлж байлаа. Харин цаашид үйлдвэрээөргөжүүлэхээр зээл хөөцөлдөж байна. Эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа учир зээл авахаас өөр аргагүй. Цаашид тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж зээлийн асуудлыг шийдэж байгаад баяртай байна.

Бор зүрхээрээ болгоё, бүтээе гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөжүйлдвэрлэлээ өөрсдийн хөрөнгөөр эхлүүлж байлаа

- Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дутагдалтай тал  юу байна?

- Манай Улсад зах зээлийн эдийн засгийн статистик мэдээлэл дутмаг байна. Түүнчлэн зээл хүсэхэд багагүй бэрхшээл тулгардаг.  Учир нь бидэнтэй мэдээж төр шууд харьцахгүй. Арилжааны банкаар дамжуулж дэмжлэг үзүүлдэг. Гэтэл банк биднээс барьцаа хөрөнгө шаарддаг нь бэрхшээлтэй. Зээлийн батлан даалтын сан бий болсон ч 100 хувь үйлдвэрлэгч нарт хүрч ажиллаж чадахгүй байна. Гэсэн ч бид бэрхшээл тоочих биш улам хичээн ажиллаж , импортыг  орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон хүнийг ажилтай, орлоготой болгоно. Мөн Монгол Улсын эдийн засаг,тогтвортой хөгжил,нийгмийн баялаг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Бэрхшээл тоочих биш улам хичээн ажиллаж , импортыг  орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон хүнийг ажилтай, орлоготой болгоно

- Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа.

Улаанбаатар хот Баянгол дүүрэг

“Митропласт” ХХК

Холбоо барих:94-00-60-06, 94-01-02-03