m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.08 10:08
166
Бүх Хятадыг бүрхэх авто зам

Нэг цагт 750 метр. Энэ бол өнөөдөр БНХАУ-д замыг хэр хурдтай тавьж байгааг илтгэх статистик үзүүлэлт. Хагас зуун жилийн өмнө Хятад орон хатуу хучилттай замынхаа урт болон чанараар хамгийн хоцрогдсон орнуудын нэг байлаа. Харин хөгжил дэвшилд хүргэх гол гарц бол зам гэдгийг ухаарсан Засгийн газар 80-аад оны дунд үеэс улс орон даяар тавих замын сүлжээ, хурдны зам, түүний стандартыг бий болгох анхны төлөвлөгөөг баталжээ. 1985 онд зам барилгын компаниудад хөнгөлттэй, хүү багатай зээл олгох тогтоол батлагдав.

Үүний үр дүнд 1988 онд Шанхай-Жиадины хооронд анхны 18.5 км урт хурдны зам ашиглалтад орууллаа. Төсөл хэрэгжиж эхэлсэн эхний арван жилийн дотор л өмнөд хөрш маань Европ, АНУ-д хагас зууны турш баригдсан замын урттай тэнцэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Сонирхолтой нь ихэнх замыг ердийн хүрз жоотуу, түрдэг тэрэг, гар булаар зэвсэглэсэн сая сая хятад ажилчид улаан гараараа бий болгосон билээ. Томоохон компаниуд л өндөр үнэтэй тоног төхөөрөмж ашиглаж байсан бол ихэнх нь хямд ажиллах хүчийг сонгосон гэдэг.

Хятадын зам, барилгын хурд одоо ч энэ эрчээ алдаагүй бөгөөд XXI зууны эхэн гэхэд хэдийнэ 10 мянган км хатуу хучилттай зам ашиглалтад оруулсан байв. Энэхүү статистик үзүүлэлт 2002 онд 20 мянган км, 2008 онд 60 мянган км болтлоо нэмэгдсэн юм. 2013 оны эцсээр гэхэд Нанхиад гүрний нийт замын урт 4.1 сая км болсон ба үүний 104.5 мянган км нь хурдны замын статустай байв. Бүх Хятадын тээврийн хөгжлийн хөтөлбөр ёсоор бол 12-р таван жил (2011-2015 он)-ийн хугацаанд тус улс бүх бүс нутгаа хурдны замаар бүрэн холбож дуусах гэнэ. Үүний үр дүнд 200 мянгаас дээш хүн амтай бүх суурингууд авто замын сүлжээнд нэгдэх юм. БНХАУ-д 300 мянган гүүр байдаг бөгөөд үүний мянга гаруй нь нэг километрээс багагүй урттай ажээ. Тэд өнөөдөр хатуу хучилттай замынхаа уртаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Гайхалтай нь энэ бүхнийг ердөө сүүлийн хорин жилд байгуулсан гээд бод доо.

Бүх Хятадын тээврийн хөгжлийн хөтөлбөр ёсоор бол 12-р таван жил (2011-2015 он)-ийн хугацаанд тус улс бүх бүс нутгаа хурдны замаар бүрэн холбож дуусах гэнэ

Бараг ихэнх хурдны зам төлбөртэй бөгөөд жолооч нар мөнгөө төлөхдөө цааргалахгүй. Учир нь үнэгүй, тойруу замаар явснаас хамгийн дөт бөгөөд төлбөртэй замыг сонгох нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх учраас. 2005-2010 оны хооронд БНХАУ авто замын ашиглалтын татвараас жил болгон 17-18 тэрбум ам.доллар олсон тооцоо байна. Гэхдээ эргүүлээд замаа сайжруулж хамгаалахад жил бүр ойролцоогоор 12 саяыг зарцуулдаг ажээ. Холбооны болон бүс нутгийн эрх баригчид замын компаниудын ажлыг шууд цуцлах хүртэл эрх мэдэлтэй бөгөөд өндөр чанарыг шаарддаг. Тэнд ажлаа зуун хувь гүйцэтгэсний дараа л улсаас мөнгөө шилжүүлдэг тогтолцоо хатуу үйлчилдэг. Ихэнх авто замын гүйцэтгэгчид 25-аас доошгүй жилийн чанарын баталгаа гаргаж өгдөг бичигдээгүй хуультай.  

БНХАУ-д ихэнх энгийн хатуу хучилттай авто зам үнэ төлбөргүй. Харин хоёр янзын төлбөртэй зам байна. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан, хоёрдугаарт, өөрийн болон зээлийн хөрөнгөөр баригдсан арилжааны замууд энэ ангилалд багтдаг. Эхнийх нь 15 жилийн дараа, удаах төрлийн зам нь 25 жилийн дараа хууль ёсоор үнэ төлбөргүй болдог. Төлбөртэй замаар зорчихдоо суудлын машин нэг километрт 0.25-0.6 юань, ачааны машин ойролцоогоор хоёр дахин илүүг төлдөг нь Европын орнуудын тарифтай ижил.

Үе үеийн төр засгийн тэргүүнээ урд зүгээсээ тодруулж ирсэн Дундад улсын хойд нутгийн замын хөгжил өмнөдөөсөө тааруу ч сүүлийн жилүүдэд маш хурдацтай ахиж буй. Тариалангийн талбай, малын бэлчээр байсан газраар хэдхэн сарын дараа явахад бүтээн байгуулалтын ажил өрнөчихсөн, танигдахааргүй болчихсон байх.

Гурван жилийн өмнө баригдсан Дунхай гүүр л гэхэд задгай тэнгис байсан газар боссон байх жишээтэй. Хөх мөрөн дээгүүр дамнан 32.5 км үргэлжлэх уг гүүр Шанхайн боомтыг эх газартай холбож өгснөөрөө ачаа бараа зөөх зардал, хугацааг хэд дахин хөнгөвчилж өгсөн юм. Гэхдээ 6-8 эгнээ бүхий энэ гүүр Хятаддаа хамгийн урт нь биш ээ. Шандунь мужид орших гүүр 36.5 км-ийн урттай. Ер нь дэлхийн хамгийн урт арван гүүрийн долоо нь тус улсынх. 20 сая оршин суугчтай, дэлхийн хамгийн том хот Шанхай жил бүр шинээр баригдах зам, гүүрийнхээ ачаар замын хөдөлгөөний асуудлаа шийдэж байна.

Дашрамд өгүүлэхэд БНХАУ дөрвөн эгнээ бүхий нэг км авто замыг 2.9 сая ам. долларын өртгөөр босгож байна. Харин манай хойд хөршид ийм хэмжээний замыг ойролцоогоор 7 сая “ногоон”-ы зардлаар барьдаг. ОХУ жилдээ 600 км зам тавьдаг бол Хятадынх 10 мянган км-ээс багагүй!  Өмнөд хөршид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрвөн хувийг хатуу хучилттай зам барихад, харин орос “ах нар” дөнгөж нэг хувийг зарцуулж байна. Өнөөдөр БНХАУ-ын авто замын урт ОХУ-ынхаас 4.5 дахин илүү байна. Энэ хурдаараа 30 жилийн дараа тэнд зам тавих ч газаргүй болох нь. Харин бид?