m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.12 06:01
113
Хиагт хот дахь ялалтын баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга оролцлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг дэлхийн олон улс оронд, түүний дотор ОХУ-д өндөр хэмжээнд ёслон тэмдэглэсэн. ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод болсон ялалтын баярын ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат оролцлоо.

Тус арга хэмжээний баярын параданд аймгийн хилчид жагсаж, Монгол цэргийн сүр жавхааг харууллаа. Баярын арга хэмжээ Хиагт хотын Төв цэнгэлдэхэд болсон. Анх удаа цэнгэлдэх хүрээлэндээ ялалтын баяраа тэмдэглэж байгаа тухай Хиагтын удирдлагууд хэлж байлаа. Хиагт хотын төв цэнгэлдэхийн хоёр талд өнөө цагийн оросын армийн сүрийг харуулах танк, машиныг эгнүүлэн байршуулж, цэргийн хүрээнийхэн болон сургуулийн сурагчид, төр төсвийн байгууллагууд жагсахад бэлэн болсон байв. Жагсаалын эхэнд дайнд амь насаа зориулсан ахмад дайчдын ар гэр, үр хүүхэд, садан төрөл хөрөг зургийг нь барин төв индэрийн өмнүүр өнгөрлөө. Үүний дараа төсөвт байгууллагууд, цэргийн хүрээнийхэн жагсаж, Хиагт хот дахь гарнизоны дайчдын үзүүлэх сургууль боллоо. Их ялалтын 70 жилийн ойн концертыг дайны үйл явцыг харуулсанаар зохион байгуулжээ.

Түүхэнд хараар бичигдсэн дэлхийн II дайны тухай зарим нэг мэдээллээс хүргэхэд, II дайны хөлд нийт  60 гаруй улс их бага ямар нэг хэмжээгээр нэрвэгдэж, 70-аад сая хүний алтан амь үрэгдсэн байдаг. Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 20 гаруй сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал  шатаж, нурж сүйдсэн гэдэг тоо бий.

Манай Улс Аугаа их Эх орны дайн эхэлсэн 1941 оны 6-р сарын 22-ны өдрөөс эхлэн дайныг дуусан дуустал, улс орноо бүхэлд нь дайны байдалд шилжүүлж,  “Бүхнийг фронтод!”,  “Бүгдийг ялалтын төлөө!” гэсэн уриан дор ард түмнээ нэгтгэж, тусламжийн хөрөнгө мөнгө, эд материал, бэлгийн зүйлийг хуримтлуулах ажлыг орон даяар өрнүүлж, Зөвлөлтийн ард түмэнд чадах чинээгээрээ, тусламж дэмжлэг үзүүлсэн. Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний тусламжийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нэртэй нисэх онгоцны эскадриль байгуулагдсан. Түүнчлэн монголчууд хагас сая агт сайн морьдоо фронтод илгээсэн байдаг. Эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламж гадаадын улс орнуудаас үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэг нь болсон, дайны галын шугаманд найдвартай тээврийн хэрэгсэл, уналга болж байсан таван агт тутмын нэг нь монгол морь байсан тухай, тэр үеийн Зөвлөлтийн армийн дайчдын өмсч байсан таван шинель тутмын нэгийг монгол хонины ноосоор хийж байсан тухай баримтат кино гарсан байна. Мөн, фронт дээр байлдаж байгаа цэргүүдийн хэрэгцээнд зориулж  олон зуун тонн хүнсний зүйл, дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг эд зүйлс, материал хэрэгслийн бэлгийг ачааны галт тэрэгний 6 удаагийн цуваагаар ЗХУ-д хүргэж өгч байсан гээд дайны ялалтад монгол түмэн боломжийнхоо хэмжээгээр тусалж байсан сайхан түүх бий.

 

Хиагт хот дахь ялалтын баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга оролцлоо