m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.13 01:09
217
Ц.Ухаанзаяа: Би эмээ, ээжийнхээ хүслийг гүйцээж эмч болно

 

Төрөх эмнэлгийн орыг тоглолтоосоо олсон мөнгөөрөө өөрчилж, энэ орчлонг аав, ээжгүй туулж буй бяцхан үрсд баяр хөөр бэлэглэж буй бяцхан охиныг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Насандаа баймгүй ажил хийж, бие даасан тоглолтоо хийж буй бяцхан охинтой та бүхнийг уулзуулж байна. Тэрбээр одоо ч тоглолтоо хийсээр яваа.

-Юуны өмнө хамт олныхоо өмнөөс баяр хүргэе. Миний дүү хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг юм билээ?

-Баярлалаа.

-Хэнтий аймагт амьдардаг гэсэн. Тус аймгийн уугуул уу. Бяцхан охин хүмүүнлэгийн аянд нэгдээд хүнд тустай зүйл хийж байгаад олон хүн талархаж байна?

-Баярлалаа. Би 2002 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын даргаар 2012 онд томилогдон ирснээр манай гэр бүл Их эзэн хааны өлгийн нутаг Хан Хэнтий аймагт амьдрах сайхан завшаан олдсон юм. “Ачийг тань хариулъя” нэртэй өөрийн бие даасан тоглолтыг хийж орлогыг хүмүүнлэгийн ажилд хандивлаж байгаа. Энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их тархаж олон хүнээс талархал хүлээсэндээ баяртай байдаг. Энэ бүхэнд урамшиж улам олон хүмүүнлэгийн ажил хийх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон шүү.

-Ийм ажил хийх санааг хаанаас олов. Хэн нэгэн чамд тусалсан уу?

-Би уралгт хайртай. Гурван настайгаасаа уран нугаралт, бүжиг, дуу, хулсан хуур зэрэг урлагийн төрлүүдээр тасралтгүй хичээллэж ирсэн. Авьяастай олон хүүхэд тайлан тоглолт хийдэг шүү дээ. Түүний адилаар сурсан мэдсэнээ бусдад харуулах зорилгоор тайлан тоглолт хийх санааг ээж минь гаргаснаар энэ сайхан үйлсийн эхлэл тавигдсан. Тэгээд ээж, аав хоёр минь ярилцаад охиныхоо авьяасыг бусдад сурталчилаад орлогыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлах зөв юм байна гэсэн шийдийг гаргасан юм.

-Аймгийнхаа төрөх эмнэлгийн орыг шинэчилсэн байсан. Бүхэл бүтэн нэг салбарын төлөө бяцхан охин санаа тавьж байна. Хүмүүс хэр дэмждэг вэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласантай холбогдуулан “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо Хэнтий аймгийн төв Чингис хотод  зохион байгуулсан. Тоглолтыг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Тоглолт амжилттай болоход тусалж дэмжсэнбүх байгууллага хүмүүст баярлаж явдаг.

Тоглолтынхоо орлогоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт 2.600.000 төгрөгийн үнэ бүхий 16 ор, зургаан төрлийн 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түрдэг тэргэнцэр зэргийг хандивласан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар болон бусад байгууллага дэмжин хамтран ажилласан.

- Шилдэг хүүхдээр шалгарсан байх аа?

-2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан тоглолтынхоо өмнө хүмүүнлэгийн ажлыг урьдчилан зохион байгуулсан. Хүүхдийн оролцооны төрийн бус байгууллагуудаас гаргасан “Хүүхдийн төлөө гараа сунгая” аяны хүрээнд “Хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Энэ санаачилгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар болон бусад байгууллага дэмжин хамтран ажилласан.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн  350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд "Эгэл амьдралын тулах багана - Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээ­лийн дээжээс сонирхуулахын сацуу шүлэг, гар зургийн уралдаан, дууны тэмцээн, уралдааныг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Энэ арга хэмжээнд нийт 5.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.

Өнгөрсөн онд Хэнтий аймагт зохион байгуулсан дээрх хүмүүнлэгийн үйлсийг бүтээсэн амжилтаараа Монгол Улсын Ерөнхий сайдаас  2014 оны онцлох “Хүмүүнлэг хүүхэд”-ийн шагналыг Төрийн ордонд орж авсан шүү. Мөн “ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сониноос гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорсондоо туйлын их баярлаж явдаг.

-Чамайг сайхан дуулдаг гэж сонссон юм байна. Аав, ээж нь урлагийн хүмүүс уу. Тоглолтын орлого нь энэ ажлыг хийн санхүүгийн эх үүсвэр болдог уу?

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж сурсан юм.

Намайг урлагт дур сонирхолтой болгож энэхүү амжилтад хүргэхэд Хасаадайн Сарантуяа багш маань их нөлөөлсөн шүү. Багштайгаа дөрвөн настай байхдаа Хөх хотод аялан тоглолтоор явж байсан үе минь надад сайхан санагддаг.

Би энэ тоглолтыг хийхийн тулд хүүхдийн дууны зохиолч Ч.Алтансүх, яруу найрагч Ц.Нүүдэл нарын зохиосон “Ачийг тань хариулья”, “Багш”, “Гэрлэн дохио”, “Солонго” “Зүүдэнд мөнхөрсөн аав”, “Том болсон шүү ээжээ”, “9 сарын 1” зэрэг дууг шинээр дуулсан. Энэ дуунуудаасаа “Зүүдэнд мөнхрсөн аав” дуундаа маш их хайртай.

“Ачийг тань хариулъя” нэртэй өөрийн бие даасан тоглолтыг хийж орлогыг хүмүүнлэгийн ажилд хандивлаж байгаа

Миний аав ээж хоёр хоёулаа дуулах дуртай. Ээжийн талын хүмүүс их сайхан дуулдаг. Аав ээж хоёр минь төрийн албан хаагчид ч гэсэн өөрсдийн сонирхолдоо хөтлөгдөн 2004 онд “Дуунд жаргах хорвоо” нэртэй тоглолтыг Улаанбаатар хотноо хийж байсан бөгөөд Монгол Улсын ардын тэргүүний авьяастан цолтой.

Тоглолтын орлогыг бүгдийг нь хүмүүнлэгийн ажилдаа зориулдаг л даа. Тоглолт зохион байгуулахад маш их зардал гардаг. Тэр болгоныг аав, ээж хоёр минь зохицуулж охиныхоо тоглолтыг амжилттай болгох гэж хичээдэг. Миний бүхий л тоглолтын билет, зурагт хуудсыг үнэ төлбөргүй хэвлэж ивээн тэтгэдэг Д.Лувсандорж захиралтай “Соёмбо принтинг”, П.Баярцэнгэл захиралтай “Тэнүүн пресс” ХХК-ийн хамт олондоо маш их баярлаж явдаг.

Мөн намайг байнга ивээн тэтгэж, тусалдаг МУСТА Ч.Банзрагч багштай “Дэлбээ” хамтлагийн охид, хөтлөгч, дуучин МУСТА Х.Болор-Эрдэнэ, Х.Валя, эмээ өвөө, ах эгч, зэрэг олон хүнд баярлаж талархаж явдгаа танай сайтаад дамжуулан хэлэхдээ баяртай байна.

-Аймгийнхнаасаа халиад өөр аймгийнханд туслах гэж байгаа гэсэн үү. Хэн нэгэн санхүүжүүлж тусалж байна уу?

-Аав, ээжийнхээ төрсөн нутагт “Ачийг тань хариулья” тоглолтоо хийж, хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Аавын маань төрсөн нутаг Төв аймгийнхан намайг маш сайхан хүлээж авсан. Төв аймгаас миний тоглолтыг зохион байгуулахаар  ажлын хэсэг гарч ажилласан.

Намайг халуун дотноор хүлээн авч тусалж, дэмжсэн аймгийн Засаг дарга Д.Баярбат болон түүний хамт олон, Х.Мөнх-Эрдэнэ захиралтай “Арж капитал”, Ц.Цэдэнсонин захиралтай “Сонио шигтгээ” хувцас загварын хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Тоглолтынхоо орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Цахим бүртгэл”-ийн тасгийг тохижуулахаар ажиллаж байна.

Ээжийнхээ төрсөн нутаг Говь-Алтай аймагт очиж хүмүүнлэгийн тоглолтоо хийж байна. Алтай нутгийнханд зориулж сэтгэлийн илгээмжийг хүргэж байгаа.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Би ирээдүйдээ эмч болохыг мөрөөддөг. Эмч хүн бол хүнийг эмчилж эдгэрүүлдэг бас л хүмүүнлэгийн ажил хийж байдаг сайхан мэргэжил. Миний ээж эмч болохыг хүсч байсан ч өөр мэргэжил эзэмшсэн гэдэг. Миний эмээ эрүүл мэндийн салбарт 42 жил ажилласан. Тиймээс эмээ, ээжийнхээ, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж эмч болохыг хүсдэг. Мөн цаашид хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлж хүн бүрт баяр баяслыг бэлэглэж байдаг тийм л хүн болно.

-Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юу хийх бодолтой явдаг вэ?

-Би хичээлдээ шамдан суралцах хэрэгтэй. Тоглолттой үед хичээлээс чөлөө авдаг ч би мэрийгээд л хичээлээ гүйцэж сурдаг. Сурах зорилгыг эхэнд тавьж хичээх болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэрнийх нь талаар асуумаар санагдлаа. Ухаанзаяа энэ нэрийг хэн өгсөн юм бэ. Сайхан нэр байна?

-Манай гэр бүл будда шүтдэг. Аав минь дөрвөн хүүхдийнхээ нэрийг Мягмаржамцын Бат-Орших багшаас авсан юм. Багш надад энэ сайхан нэрийг хайрласанд баярлаж явдаг шүү.

Ээжийнхээ төрсөн нутаг Говь-Алтай аймагт очиж хүмүүнлэгийн тоглолтоо хийж байна. Алтай нутгийнханд зориулж сэтгэлийн илгээмжийг хүргэж байгаа.

-Чиний төлөө чадах бүхнээ хийж, зориулж явдаг бүх хүмүүст талархал илэрхийлье. Хүсэл мөрөөдөл нь биелж, дэлхийд Монголын нэрийг гаргасан ухаантай охин болохыг хүсье. Ухаанзаяа охиныг ухаан нь, заяа нь тэтгэх болтугай.