m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.15 05:14
275
Өвөрмонголын спортын зүтгэлтэн

Араашийн Гансүх хэмээх энэ эрхэм Өвөрмонголын спортын томоохон зүтгэлтнүүдийн нэг. Шатрын спортоор чамгүй амжилт гаргаж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд зуун буудалт даамаар хоёр охиноо бэлтгэн тив, дэлхийн чанартай тэмцээнд амжилт үзүүлэх болсон. Мөн 2048 бөхийн барилдааныг санаачлан зохиож, монгол үндэстний барилдааныг Гиннесийн номд анхлан бичүүлсэн хүмүүсийн нэг. Түүнтэй ярилцсанаа толилуулъя.

-Та өөрийгөө Монголын спорт сонирхогчдод танилцуулахгүй юу?

-Намайг Араашийн Гансүх гэдэг, Өвөрмонголын Үзэмчин хошуунд нутагтладаг монгол хүн. Сүүлийн үед нутаг усандаа даам, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж явна. Нэг хэсэг Хятадын шигшээ баг болон Жижиан мужийн тамирчдыг дасгалжуулдаг байсан. Харин одоо хоёр охиноо дасгалжуулдаг.

-Урд хөршийн даамын хөгжил ямархуу төвшинд байна. Нийт хэчнээн мужид хэр олон хүн даам тоглож байгаа вэ?

-Энэ оны эхээр Дундад улсын даамын хөгжлийн чиг хандлагын тухай хурал болсон юм. Тэрхүү хурал дээрх илтгэлд Хятадад өнөөгийн байдлаар 10 сая гаруй хүн даам тоглож байна гэсэн мэдээлэл дурдагдсан. Макаогоос бусад бүх газар цэцэрлэг, дунд сургууль... гээд төрөл бүрийн насны хүмүүс даам тоглож байгаа. Намайг Хонконгод сургалт явуулахаар очиход 100 гаруй хүн даам тоглож байна лээ.

-Хятадын мужуудаас даамны хөгжлөөрөө ялгарч буй нь хаанах вэ?

-Дундад улсын төв хэсэгт орших Хубэй мужид хамгийн өндөр хөгжсөн. Тэндхийн даамчид багийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байгаа. Дараа нь Сычуань, Жижиан мужийн багууд ордог. Ноднин Жижиан, энэ жил Сычуань дэд байрт шалгарсан. Дөрөвт нь Шандунь муж ордог.

-Өвөрмонголын хувьд?

-Энэ спортыг Өвөрмонголдоо хөгжүүлэх талаар Биеийн тамирын хорооны удирдлагуудтай ярилцсан. Тэгэхэд “Ажил их байгаа учраас завдахгүй байна, ирэх зунаас бодитой зүйл хийнэ” гэсэн хариу өгсөн. Ер нь бол надтай захидлаар харилцаад ном, сэтгүүл авч үзэж байгаа 20 орчим хүн бий.

-Урд хөршид маань дэлхийн томчуудаас хэн хэн ажиллаж байна вэ?

-Бүх Хятадын оюуны наадамд бэлтгэх үүднээс мужууд гаднаас маш олон дасгалжуулагч авдаг. Хубэй мужид гэхэд л дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов, 2011 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн их мастер Муродулло Амриллаев нар ажиллаж байна. Саяхан тэнд Оросын шигшээ багийн тамирчид гурван сарын хамтарсан бэлтгэл хийсэн гэсэн. Тэгвэл Сычуань мужид дэлхийн аварга Латвийн Гунтис Валнерис дасгалжуулагч хийж байсан. Гэхдээ тэрбээр гуравхан хүнтэй ажиллаж байгаа гэнэ лээ. Бас Латвиас 64 буудалт даамын дасгалжуулагч авчирсан гэнэ лээ. Мөн Шанхайд Украины их мастер Юрий Аникеев 64 буудалт даамын дасгалжуулагч хийж байгаа..

-Бүх Хятадын спартакиад гэж дотооддоо олимпоос дутахааргүй нэр хүндтэй тэмцээн болдог. Хөтөлбөрт нь даам орсон уу?

-Спартакиадад шатар, го даамын төрөл л ордог. Гэхдээ саяхнаас тусдаа оюуны спортын спартакиадыг зохиож байхаар болсон. Даам бол шатар, го, брижийн адил дөрвөн гол хөтөлбөрийнх нь нэг.

-Таны хоёр охин сургуулиа хаяад зөвхөн дааманд анхаарлаа хандуулж байгаа тухай сонссон. Одоогоор ямар ямар амжилт үзүүлээд байна?

-Том охин Алтанхуар маань Бүх Хятадын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн. Өнгөрсөн жил Тайландад болсон Ази тивийн АШТ-д түрүүлж, БНХАУ-ын даамчдаас тивийн аварга цолыг анхлан хүртсэн.

Харин бага охин Саяа маань эмэгтэйчүүддээ эхний дөрөвт баттай орно. Тэрбээр 2011 онд Монголд зохиогдсон өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хэдхэн хоногийн өмнө Узбекистаны Ташкент хотноо өндөрлөсөн Ази АШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн.

-Охидуудаа хэрхэн дасгалжуулдаг вэ?

-Өдөрт дор хаяж найман цагийн бэлтгэл хийдэг. Толь бичиг ашиглан голланд, орос, англи хэл дээрх материалуудыг үзэж судалж байгаа. Түүнчлэн хөрш зэргэлдээх Монголынхоо даамчдын өвөрмөц арга барил, онцлогийг ашиглан бэлтгэж байгаа. Сайн дасгалжуулагч хүн заавал өөрөө сайн тоглогч байх албагүй. Үүнийг би нотлохыг хичээдэг, баталж ч чадсан. Хоёр охиноо дасгалжуулахын зэрэгцээ бусад хятад хүүхдүүдийг ч бэлтгэдэг. Хятадын 17-гоос доош насныхны тэмцээнд түрүүлсэн 12 тоглогчийн найм нь миний сурагчид байдаг юм билээ. Тийм учраас Хятадын бусад мужуудаас надад хүүхдүүдээ авчирч өгч байгаа.

-Таныг өмнө нь шатарчин байсан гэж дуулсан юм байна. Шатрыг ямархуу төвшинд тоглож байв?

-Аав маань цэргийн хүн байсан учраас 11 настайгаасаа цэргийн клубт мэргэжлийн чанартай тоглож эхэлсэн. Ер нь олон улсын мастерын хэмжээнд тоглож байсан. Рейтинг маань 2440 хүрсэн удаатай. 1988 онд Хятадын анхны шигшээ багийг бүрдүүлэх үед би анхны 12 хүний нэг нь байсан. Тэгээд шигшээд дөрвөн жил гаруй хичээллээд бизнесийн болон бусад шаардлагаар Өвөрмонголдоо буцсан. Тэр үед үндэстний асуудал одоогийнхоос ч хэцүү байсан. Хоёрдугаарт нас маань 20 хол гарчихсан учраас шигшээ багаас хасагдсан.

-Шигшээ баг дахь өрсөлдөөн хэр зэрэг байдаг вэ?

-Өрсөлдөөн маш их байдаг. Түүнээс гадна дасгалжуулагчтайгаа сайн харьцаатай байх, удирдлагуудынхаа үгийг сонсдог байх... гээд ер нь шатраас өөр зүйл сонирхдоггүй хүн л шигшээд үлддэг. Шигшээд нэг багтчихвал шинжлэх ухааны үндэслэлтэйгээр чанартай бэлтгэдэг. Хятадын сургалтын онцлог бол авьяас бага хүнийг ч бэлтгэлээр бөмбөгдөж өгдөг.

-Шатраар ямар амжилт үзүүлж байв?

-Дундад улсын аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж байсан.

-Монголын шатарчидтай танил уу?

-Анх Н.Төмөрхуяг багштай танилцаж байлаа. Тэгээд ФМ Ж.Лхагваа, Г.Алтан-Оч нартай танилцаж байсан.

А.Гансүхийн бага охин Саяа

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголд 6002 бөх барилдаж Гиннесийн номонд бичигдлээ. Өмнөх амжилтыг 2004 онд өвөрмонголчууд тогтоож байсан. Түүний зохион байгуулалцсан хүмүүсийн нэг бол та. 2048 бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулж байснаа яриач?

-Шатраа орхичхоод нэг хэсэг Шилийн гол аймгийн спортын хороонд ажиллаж байсан. Багаасаа монгол үндэстний бөх сонирхдог байсны хувиар тэр барилдааны зохион байгуулалтад оролцсон юм. Өвөрмонгол бөх гэдэг маань үндсэндээ бол үзэмчин бөх. Тэр үед Өвөрмонголын бөхийн гол өлгий болох Баруун Үзэмчин хошуунаас 1024 бөх гаргаж, үлдсэнийг нь Өвөрмонголын бусад аймгуудаас гаргаж байлаа.

-Ингэхэд Өвөрмонголд спортын ямар төрлүүд хөгжсөн байдаг вэ?

-80-аад оны сүүлчээр холын зайн гүйлт буюу марафон №1 спорт байсан. Нэг өвөрмонгол залуу Бүх Хятадын тэмцээнд 7-8 жил тасралтгүй өндөр амжилт үзүүлж байсан удаатай. Даанч марафоны шигшээ баг тарснаар энэ спорт муудсан. Дараа нь Өвөрмонголд чөлөөт бөх, жүдо, боксын спорт сэргэсэн. Монголоос Х.Алтанхуяг, В.Батбаяр нарын дасгалжуулагчдыг авчирснаар улсын уралдаанаас алтан медаль авдаг болсон.

-Сүүлийн үед Өвөрмонголд хөлбөмбөг хөгжүүлж байгаа гэж сонссон...

-Тийм ээ, өнгөрсөн зуны ДАШТ-ий дараа Си Зинпинь дарга тушаал гаргаж, Хятад даяар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд манай Баруун Үзэмчин хошуу хэд хэдэн насны ангиллаар хөлбөмбөгийн шигшээ баг бүрдүүлж, хөрш зэргэлдээх улсуудаас дасгалжуулагч авчирч, баг тамирчдаа бэлтгэж эхэлсэн.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.