m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 03:44
141
“Ажил хэрэгч өглөө” уулзалтаар татварын орчны талаар ярилцлаа

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Ажил хэрэгч өглөө” уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудал, “Капитал” банк баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжиж байгаа болон бусад асуудлаар ярилцлаа.


Энэ үеэр холбогдох албаны хүмүүс болон баялаг бүтээгчидтэй уулзаж ярилцлаа.

Татварын Ерөнхий газрын татварын улсын байцаагч З.Ганболд:Баялаг бүтээгчдийн хувьд НӨАТ бэрхшээл болдог

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд манай улс шаталсан арга хэмжээ авдаг. Гурван тэрбум хүртэлх бол арван хувь, гурван тэрбумаас дээш борлуулалтын орлоготой бол 25 хувийн шатлалтай байдаг. Бусад улс орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад манайх харьцангуй бага. Татварын хувь хэмжээг УИХ-аас баталдаг. Хэрэгжүүлэгч нь Татварын Ерөнхий газар. Баялаг бүтээгчдийн хувьд НӨАТ бэрхшээл болдог. Зарим нэг хуулийн мэдлэг дутмаг байдгаас татвар төлөгчид эрсдэлд орох хандлагатай байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай байгууллагаас зохион байгуулдаг сургалт хөтөлбөрт идэвхтэй оролцохыг хүсэж байна.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Энэ цагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үр хойчдоо найдвартай эдийн засагтэй улс үлдээх ёстой

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж байна. Дөрвөн сар гаруйн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр баялаг бүтээгчдээ сурталчиллаа. Энэ хүрээнд иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь идэвхжсэн. Түүнчлэн баялаг бүтээгчид харилцан туршилга солилцож, төсөл хөтөлбөрийн үр дүн гарч эхэлсэн. Мөн импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүн тоо багассан. Бид төсөл хөтөлбөрөө илүү ажил хэрэгч болгох үүднээс 14 хоног тутамд “Ажил хэрэгч өглөө” уулзалт шууд нэвтрүүлгийг орон даяар явуулж байна. Тус уулзалтаар баялаг бүтээгчид болон холбогдох албаны хүмүүс бодлогын түвшинд асуудлаа ярилцдаг. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист үйлдвэрлэл явуулдаг хүмүүс цэнхэр дэлгэцээр шууд нэвтрүүлгийг үзээд мэдээлэл авч байна. Цаашид энэхүү уулзалтыг төсөл хөтөлбөр хэрэгжих хугацаанд тогтмол зохион байгуулна. Энэ удаагийн ”Ажил хэрэгч өглөө” уулзалтад татвар,банк, тоног төхөөрөмжийн холбооны төлөөлөл оролцлоо. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” оролцож байр сууриа илэрхийллээ. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо одоогоор 500 гаруй гишүүнтэй  боллоо. Бүх л салбарын баялаг бүтээгчид бидэнтэй нэгдсэн. Цаашид бидний нэгдэл улс эх оронд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй. Ер нь эдийн засаг нь хүнд байдалд орсон улс орнуудыг харахаар үндэсний үйлдвэрлэгчид нь аварсан байдаг. Тиймээс бид энэ цагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үр хойчдоо найдвартай эдийн засагтэй улс үлдээх ёстой.

 

              “Капитал банк”-ны Салбарын удирдлагын газрын захирал Б.Наранхүү: Манай банк 27 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн

- “Капитал” банк нь 1990 онд байгуулагдсан. Манай банкны гол зорилго жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих юм. Энэ хүрээнд 27 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бусад арилжааны банкуудыг  бодвол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тавих  шалгуур хөнгөн. Манай банкинд хандаж буй хүмүүсийн олонх баялаг бүтээгчид байдаг.Тиймээс эдгээр хүмүүсээ дэмжих нь бидний үүрэг.

“Монголын жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлогчдын холбоо” –ны тэргүүн Б.Ангараг: Бид ашгийн бус байгууллага

- Манай холбоо нь ашгийн бус нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага.  Бид жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа болон эрхлэхээр зэхэж буй хүмүүст тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө өгч хамтарч ажилладаг.  Мөн үүнтэй холбоотой ямар бэрхшээл тулгардаг талаар өөрсдийн зүгээс зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл зах зээлээс ямар тоног төхөөрөмжийг хэрхэн оруулж ирэх талаар санал солилцож дараа дараагийн арга хэмжээг авдаг. Монгол Улсаа хөгжүүлье гэсэн бодол хүн бүрт бий. Гэвч иргэдэд үйлдвэрлэлээ эхлэх хөрөнгийн боломж байдаггүй.

“Агс интернэйшнл”  компанийн захирал Б.Адьяадорж: Аж ахуй нэгжийг арван сая төгрөгийн гүйлгээ хийсний төлөө НӨАТ-т хамруулж байгаа нь боломжгүй асуудал

- Манай компани барилгын материалын гадна дотно төмөр хаалга үйлдвэрлэхээр зэхэж байна. Үйлдвэрлэл эхлэх гэж байгаа бидэнд татварын бодлого хатуудаж байна. Аж ахуй нэгжийг арван сая төгрөгийн гүйлгээ хийсний төлөө НӨАТ-т хамруулж байгаа нь боломжгүй асуудал. Энэ талаар өнөөдрийн уулзалтаар татварын байгууллагын төлөөллөөс асууж тодрууллаа.

“Ур ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяа: Их зүйл хийж, амжилт дагуулах үйлсд танай хамт олны оролцоо маш их

- Би монгол үндэсний хувцас үйлдвэрлэдэг. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоог байгуулсан нь эрх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст боломж олгож байгаагийн илрэл. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж гэмээ нь улс эх орон хөгждөг. Үүгээр дамжуулан холбогдох албаны хүмүүстэй уулзуулж гарц гаргалгааг нь зөвлөж, хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилж байгаад талархаж байна. Цаашид олон байгууллагыг холбоондоо элсүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсье. Миний хувьд танай агентлагаас зохион байгуулах бүх  ажилд идэвхтэй оролцож дуу хоолойгоо нэгтгэнэ. Нэг зүйлийг онцолмоор байна. Би өнгөрсөн жил Энэтхэгт очоод ирлээ. Тус орны иргэд Индра Гандигийн "Энэтхэгийн бүтээгдэхүүнийг энэтхэг хүн хэрэглэх ёстой" гэсэн уриалгыг дэмжин хэрэгжүүлдэг юм байна. Гуч гаруй сая хүн амтай улс нэгдээд байхад, гурван сая хүн амьтай бид нэгдэх юу байхав дээ. Их зүйл хийж, амжилт дагуулах үйлсд танай хамт олны оролцоо маш их. Та бүхэнд амжилт хүсье.