m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:38
71
Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсонд талархлаа

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна.

“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу толгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюу толгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэж тэмдэглэн хэллээ.

Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу толгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна. Өнгөрсөн онд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын ажлыг хүлээж авсан өдрөөс эхлэн хамтран ажиллаж буй Монгол ажиллагсдынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байдалд нь би үргэлж сэтгэл хангалуун явдаг. Манай хамт олон энэхүү мэдээг баяртайгаар хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэврлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэж цохон тэмдэглэлээ.

Газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдлээ